В. Путин Украинд болж буй дайныг дуусгахыг хүсэж байна гэв

Twitter Print
2022 оны 12-р сар 23-нд 12:26 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ Украинд болж буй дайныг дуусгахыг хүсэж байгаагаа, үүний тулд талууд хэлэлцээрийн ширээний ард суухаас өөр аргагүй хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг Цагаан ордонд хүлээн авч, АНУ Украинд тусламж дэмжлэг үзүүлсээр байх болно хэмээн мэдэгдсэн юм.

В. Путины хэлснээр Москва Украинд үүссэн нөхцөл байдлыг хурцатгах бус эсрэгээрээ дайныг дуусгах зорилготой гэнэ.

Нөгөө талаас Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинд хэлэлцээр хийж, дайныг дуусгая гэж эрмэлзэхгүй байгааг онцолжээ. Тэрээр, "Эсрэгээрээ В. Путины Украины газар нутаг, агаарын бүсэд явуулж буй үйл ажиллагаанууд нь дайны нөхцөл байдлыг улам хурцатгах хүсэлтэйг нь харуулсаар байна." хэмээн мэдэгджээ. Жон Кирбигийн мэдэгдсэнээр В. Путин хэлэлцээр хийхиг эрмэлзэж байгаагаа баталж, Вашингтон Украин болон Америкийн түнш улс орнуудтай зөвшилцөлд хүрсэн тохиолдолд Ерөнхийлөгч Ж. Байден В. Путинтэй хэлэлцээрийн ширээний ард суух боломжтой аж.

Москва хэлэлцээр хийхэд бэлэн хэмээн удаа дараа мэдэгдсэн ч Киев болон Киевийн түнш орнууд Москваг зөвхөн цаг хожихыг хүсэж байна хэмээн сэжиглэж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин, "Зэвсэгт мөргөлдөөн бүр ямар нэг байдлаар хэлэлцээгээр дуусдаг. Эцсийн эцэст дайнд оролцож буй талууд хэлэлцээрийн ширээний ард сууж, зөвшилцөлд хүрдэг. Бидний эсрэг байгаа талууд үүнийг эрт ойлгох тусам сайн." хэмээн мэдэгджээ.

ОХУ-ын талаас мэдээлж байгаагаар хэлэлцээр хийхээс татгалзаж байгаа нь Украины тал бөгөөд Киев оросуудыг дайралтаа зогсоож, Украины бүх газар нутгийг эргүүлэн өгөхийг шаардаж байгаа аж.

Түүнчлэн Ж. Байден Украинд Patriot пуужингийн систем илгээж байгаа тухайд В. Путин тус пуужингийн систем нь "хуучных" бөгөөд Оросын С-300 систем шиг сайн биш хэмээн тодорхойлжээ.

Мөн Барууны орнууд ОХУ-ын дайны санхүүжилтийг бууруулах зорилгоор Оросын газрын тосны дээд үнийг хязгаарласан ч энэ нь Оросын эдийн засагт нөлөө үзүүлэхгүй гэжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.