Ялгаатай хандлагыг эсэргүүцсэн зарим хүнийг цар тахалтай тэмцэх нэрээр барьж хорьж байгаа нь Орос, Хятад цаашлаад Хойд Солонгосыг санагдууллаа

Twitter Print
2021 оны 11-р сар 04-нд 13:59 цагт
Мэдээний зураг,

Нутагтаа ирээд сар болжээ. Уулзсан, танилцсан, Японд үлдсэн найз болгон "Монгол ямар байна?" гэж асуудаг болохоор шинээрээ байгаа мэдрэмжээ хуваалцъя.

Сүүлийн 6 жилд 3 удаа зуны цагт хэдхэн хоног ирээд буцсан болохоор олон зүйл өөрчлөгдсөнийг анзаараагүй явжээ.

Ажиглах зорилгоор хотын төвөөр гүйсэн 6 маршрутаа хавсаргая. Энэ хавиар цагдаа, тагнуул зэрэг хууль хүчний байгууллагын барилгууд томорч, олширсон байна. Шинээр төрөх эмнэлэг, түлэнхийн төв барих гэж 10 илүү жил болдогтой харьцуулахад сонин санагдав.

Гоё ганган шилэн оффис, царайлаг өндөр орон сууцтай болсон ч явган хүний хөдөлгөөн, өнгө үзэмжийн хоршлыг үл тоож, ногоон байгууламж, нийтийн эзэмшил талбайгаас хумсалсан нь хотыг замбараагүй, ойлгомжгүй болгож таагүй сэтгэгдэл төрүүлж байна.

Өндөр хашаа, автомашины зогсоол хамгийн ихээр нэмэгджээ. Болж өгвөл явган, дугуйтай, скүүтэртэй, хүүхдийн тэрэгтэй, тэргэнцэртэй, таягтай иргэдийг шахаж хавчиж, холуур тойруулах зорилготой гэмээр.

Явган замын стандарт түй ч алга. Уг нь хямд өртөгтэй, хүйтэн улиралд барьж болдог энгийн технологитой учраас хотын өнгө үзэмж, ая тухтай байдлыг хангах хамгийн хялбар шийдэл юм. Гэвч авто замаасаа олон нүх саад, бартаа шаттай, дундаа тасраад алга болдог, хашаанд тулдаг, нарийсаад хүн зөрөхийн аргагүй болж байгаа нь гүйх бүү хэл алхахад ч бэрх байгааг зургаас харна уу.

Замын түгжрээ дуус дуус. Даваа, Баасанд бол машин унахын арга алга. Гэсэн ч гүзээгээ хайрлаад байдаг юм уу бүгдээрээ гүрийгээд машинаар яваастай. Нийтийн тээвэртээ шаардлага тавимаар юм.

Хоёр жилийн өмнө хотын утаа алга болчихлоо гээд хөөрөлдөөд байсан шал худлаа. Эсвэл манайхан утаандаа бүр дасчихаж. Өглөө оройдоо манантаад суунаглаад ирж байна. Хүйтэрвэл бүр ихсэх биз. Дээр нь машины утаанд хоолой хорсоод жигд гүйхийн аргагүй.

Одоо эерэг өөрчлөлтүүдээс

Үйлчилгээний соёл илт сайжирчээ. Хоол хүнсний сонголт ч их болж. Мөнгө нь байвал хүссэн зүйлээ авч болж байна. Үнийн хувьд албан ёсны борлуулагч биш бол дунджаар +40% илүү төлөхөөр байна. Дэлгүүрт байхгүй бол Stora-гаар дэлхийн хаанаас ч захиалаад хэд хоногт хүргүүлэх зэрэг дэвшил харагдлаа.

Төлбөр тооцоо, үйлчилгээний цахимжилт Японоос хамаагүй илүү байгаа нь сайшаалтай. Нэг сарын хугацаанд бэлэн мөнгөний хэрэгцээ гарсангүй.

Залуу үе ганган, идэвхтэй, ургалч, бүтээлч болжээ. Кофе уунгаа ном уншдаг болсон байна. Мундаг. Зөвхөн дотоод гэлтгүй дэлхийн асуудалд анхаарал хандуулж байгаа нь бахархууштай. Монголын тэгш бус, хүртээмжгүй байдал, давхар стандартын эсрэг дуу хоолойгоо өргөж, оролцоогоо нэмчихвэл манай үеийг бараг яллаа.

Ажлын байрны боломжийн хувьд мэдлэг, чадвар, хариуцлагатай, багийн ажилд сайн бол хангалттай цалин аваад дуртай ажлаа хийх боломж нээлттэй. Зөв хандлагатай байхад мэдэхгүй чадахгүй байсан ч сургаад авах газар бүр олон. Даанч манайхны эрх бардам зан дэндээд байх шиг.

Засаглалын хувьд гол асуудал байсан мэдээллийн хаалттай, оролцох боломжгүй байдал сайжирч, эсрэгээрээ "Иргэдийн идэвхтэй оролцоо"-гоор дутаж байх шиг.

Засгийн газрын хувьд ОТ гэрээ, цахимжилт, зарим салбарт чадвартай хүн томилох зэрэг сайн зүйл харагдаж байгаа ч байгууллага хоорондын уялдаагүй шийдвэр, даргад үйлчилдэггүй дүрэм журам зэрэг социалист үеийн сөрөг өв байсаар байна. #doublestandard-ыг эсэргүүцсэн зарим хүнийг цар тахалтай тэмцэх нэрээр барьж хорьж байгаа нь Орос, Хятад цаашлаад Хойд Солонгосыг санагдууллаа.

Дүгнэлт

Үнэтэй машин, ухаалаг утас, интернет сүлжээтэй ч хамаг юм нь зуун задгай гэр оронтой, гаднаа дулаан гражтай ч хашаандаа явган зам, бут сөөггүй. Аав ээжийн харилцаа тааруу, өөр өөр зүйл хэлж зандарч хэдэн хүүхдээ бүлтгэнүүлнэ. Тэрийг нь шүүмжилсэн том хүүгээ харанхуй өрөөндөө цоожилчихсон. Ихэр хүүхдийн нэг нь гэртээ гэдсээ илдэг эрхийн балай бөгөөд ажил орлоготой нөгөөхдөө атаархдаг. Нялх охиноо яагаад ч юм цэцэрлэгт нь явуулдаггүй. Тэргэнцэртэй эмээ гэрээсээ, хараа муутай өвөө хашаанаасаа гарахаар өлсгөлөн тоглоом шиг орчин угтана.

Аав ажилдаа мааруухан ч ажлын өрөө нь алтан сандал мөнгөн ширээтэй. Хамаг ажлыг нугалж ар байтугай өвөр гэрээ авч явдаг ээж нь сүрлэн орон дээр цоорхой хөнжилд унтана. Яндангүй зуухны утаа гэрийг, хэдэн хуучин машин хашааг дүүргэнэ.

Гэсэн ч өмнөхөө бодвол хааяа нэг тахианы мөч, бяслагтай пицца идэж, зурагтаар гял цал шоу, Солонгос драма, охидын хамтлаг үзэх хэдэн хүүхдүүддээ гайгүй боловсрол олгочихвол учиртайдаа гэж эцэг эх нь бодно.

Амьдрал нэг иймэрхүү л байна. УБ-ын зөвхөн нэг хэсгийг, цөөн хоног ажиглаж, хувийн өнцгөөс тайлбарласан тул буруу зөрүү бий байх. Та ч бас машинаасаа буугаад хотоо нэг ажиглаарай. Бид "Хүндээ ээлтэй" хот, нийгмийг бий болгож чадаж байна уу?

Ганзоригийн Лука

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.