
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүний нэрийг тодруулаад байгаа. Олонхийн санал авсан гэгдээд байгаа Р.Амаржаргал гишүүний нэрийг ҮЗХ-ны хурлаар оруулж дэмжвэл УИХ-д өргөн мэдүүлнэ гэх мэдээлэл бий. Харин АН-ын даргын оролцоогүйгээр шийдэгдсэн энэ асуудлаар намын дүрмэнд яг юу гэж заасан байдаг талаар АН-ын Нарийн бичгийн дарга Д.Анхбаяраас тодруулаа.
Тэрээр "АН-ын “Үндсэн дүрэм”-ийн 6.8.2.6 дээр маш тодорхой заасан байдаг. Энд Намын дарга нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Гүйцэтгэх Зөвлөлтэй зөвшилцөн ҮЗХ-ийн хуралдаанд оруулна гэсэн байдаг бөгөөд энэхүү харилцааг нарийсгаж зохицуулсан “Улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх журам”-ын 2.1.1-д Төрийн сонгуульд АН олонхи суудал авсан тохиолдолд Намын Даргыг Ерөнхий сайдад, анхан ба дунд шатны ИТХ-д олонхи суудал авсан АН-ын даргыг тухайн шатны Засаг даргад нэрийг нь дэвшүүлнэ.
Намын дарга тухайн шатны намын хорооны дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар нэр дэвшихээс татгалзсан тохиолдолд дараагийн нэр дэвшигчийг тухайн шатны намын даргын санал болгосноор ҮЗХ, НнЗХ, ДшНХ-оо авч хэлэлцэнэ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл намын дарга Гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцсөнөөр нэг хүний нэрийг ҮЗХ-д санал болгоно" гэж заасан байдаг гэлээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.