Төв цэцэрлэгийн түүх

Twitter Print
2020 оны 04-р сар 04-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын анхны цэцэрлэгт хүрээлэн бол Төв талбайн урдах “Төв цэцэрлэг” юм. Төв цэцэрлэгийг дотор нь баруун, зүүн гэж хоёр хуваадаг бөгөөд баруун нь Төв талбайн өмнөх, зүүн нь Централ таурын өмнөх цэцэрлэг юм. Хожим Төв талбайн урдах цэцэрлэгийг Төв цэцэрлэг, Централ таурын өмнөхийг Зүүн цэцэрлэг гэж нэрлэж хэвшсэн.

Төв цэцэрлэгийг 1920-иод оны дунд үеэс анх байгуулах гэж оролдож байсан ч тэр үеийн нөхцөл боломжоос шалтгаалж олон удаа хойшлогдож байжээ.

1940 онд Нийслэл хотод мод тарих ажлыг эрхлэх тусгай комисс байгуулж, хотын албан байгууллагуудаас хөсөг, хүн хуваарилан Сонгинын булангаас 60 гаруй мод бургас авчирч суулгаснаар Төв цэцэрлэгийг анх үүсгэжээ.

Image may contain: one or more people, sky and outdoor

Дайны жилүүдэд Төв цэцэрлэгт мод тарих ажил удааширсан ч дайны дараагаас олон нийтийн субботникоор 1948 онд л гэхэд 4000 гаруй, 1949 онд залуусын хүчээр 2000 гаруй мод тарьжээ. 1951-1952 онд Төв цэцэрлэгийг тойруулан тоосгон баганатай ширмэн хайс хашааг байгуулжээ.

Image may contain: sky and outdoor

Анх байгуулснаас өнөөг хүртэл мод, бут, сөөг тарьж ургуулж арчилж байгаа хотын төв дэх цөөн ногоон байгууламжийн нэг юм.

1948 онд Зүүн цэцэрлэгт барималч Жамбаагийн “Эмнэг сургагч” баримлыг байрлуулсан нь нийтийн талбай дахь (хот тохижилтод зориулсан) орчин үеийн анхны баримал болсон юм.

Image may contain: sky and outdoor

Өдгөө анхны Төв цэцэрлэгийн нэрийг “Хонхтой цэцэрлэг хүрээлэн” гэж буруу нэрлэж байгаа нь саяхны түүхээ мартсаны илрэл юм. Нэмж хэлэхэд Зүүн цэцэрлэг байгаа газар бол Их хүрээ 1778 онд ирж суурьшиж тэмдэг тавьсан түүхэн газар юм. Энд байсан хэд хэдэн хүн чулуу байснаас эдүгээ цор ганц үлдсэн нь Улаанбаатар хотын музейд хадгалагдаж байна. Уг түүхэн газарт 1994 онд дурсгалын мэлхий суурьтай пайлуур хөшөө босгож хүндэтгэн дурссан юм.

Image may contain: sky, outdoor and nature

Харамсалтай нь 2009 онд Их хүрээ ирж суурьшсан Хүн чулууны хонхор хэмээх түүхэн газрыг (Зүүн цэцэрлэгийн зүүн талыг) “Монгол-Туркийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн” гэж гаднын улсын нэрээр нэрлэж, Хүн чулууны хонхортоо туркийн бэлгэдэл агуулсан хөшөө босгосон.

Гэрэлийн Очбаяр

Улаанбаатарын музейн захирал

Жич: Одоогийн Төрийн ордны арын цэцэрлэгийг Хувьсгалчдын талбай гэж нэрлэдэг байжээ. Харин Офицеруудын ордноос Төв талбайн урдуур гарч, Драмын театрын хойгуур явдаг төв гудамжийг 1951 он хүртэл Хувьсгалчдын зам гэж нэрлэж байж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.