Тасалбар зарсангүй гэх шалтгаанаар “Miss Universe Mongolia 2019”-өөс хасчээ

Twitter Print
2019 оны 10-р сар 13-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп албан ёсоор лицензийг нь эзэмшдэг “Miss Universe” тэмцээн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг гэдгээрээ бусдаасаа ялгардаг.

Гэвч, “Miss Universe Mongolia 2019” тэмцээнийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан “Монгол гоо сайхан” НҮТББ  уг зарчмыг алдагдуулж, оролцогчдоо гэрээнд тусгагдаагүй шахалт үзүүлэн, улмаар түүнийг нь биелүүлээгүйнх нь төлөө шударга бусаар хассан хэрэг гарчээ. “Монгол гоо сайхан” НҮТББ-ын зохион байгуулсан “Miss Universe Mongolia 2019” тэмцээнд энэ жил шилдэг 14 гоо бүсгүй шалгаран үлдсэн. Тэдний дунд Монголын анхны том размерын модель М.Чариот багтсан нь олны анхаарлыг татаж байсан юм.

Тэрбээр гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд зөвхөн туранхай бүсгүйчүүд оролцдог гэх нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг халж, тэмцээний жинхэнэ утга үнэ цэнийг харуулан оролцсон нь үзэгчдээс өндөр үнэлэлт авч байв. Гэтэл тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болохоос нэг хоногийн өмнө түүнийг “Монгол гоо сайхан” НҮТББ-ын тэргүүн гэх Ж.Анхбаяр зохих ёсны шаардлага тавьсных нь төлөө шударга бусаар тэмцээнээс хассан байна. Энэ нь дараах хэд хэдэн зүйлээс шалтгаалсан аж.

Image result for miss universe mongolia 2019

"Монгол гоо сайхан" НҮТББ-ын тэргүүн Ж.Анхбаяр “Miss Universe Mongolia 2019” тэмцээний ялагчийн хамт

“Miss Universe Mongolia 2019” тэмцээн оролцогчоо ялгаварлажээ

Оролцогчтой байгуулсан гэрээний дагуу тэмцээнийг зохион байгуулагч тал хувцас хэрэглэлээр хангах үүрэг хүлээдэг байна.  Харин “Хүн бүр үзэсгэлэнтэй” гэх сайхан уриатай “Miss Universe Mongolia 2019” тэмцээнийг зохион байгуулагчид том размерын оролцогчоо “ялгаварлажээ”. Тэд нэгэн ижил буюу жижиг размерын хувцсыг оролцогчиддоо өгсөн тул М.Чариот өөрийн хөрөнгөөр хувцас хийлгэхээс өөр сонголтгүй болсон байна. Түүний хувьд зохион байгуулагч талд өөрт нь таарах размерын хувцсаар хангаж өгөх хүсэлт тавьсан ч, хүлээж аваагүй аж.

Miss Universe Mongolia-н зураг.

Монголын анхны plus size модель М.Чариот

75 ширхэг тасалбар зарахыг “шаарджээ”

Мөн тэмцээний үеэр зохион байгуулагч тал эцсийн шалгаруулалтын 75 ширхэг тасалбарыг зар гэсэн аман шаардлагыг өөр нэгэн оролцогчоор дамжуулан мэдэгдсэн аж. Гэвч, тус тасалбар нь бусдын буруутай үйл ажиллагааны улмаас М.Чариотын гарт хугацаа хожимдож ирсэн байна. Ингээд хугацаанд нь тасалбарыг зарж амжихгүй болсон тул зохион байгуулагчийн итгэмжлэгдсэн оролцогчид хүлээлгэн өгчээ. Гэтэл дээрх шалтгааны улмаас “Монгол гоо сайхан” НҮТББ-ын тэргүүн гэх Ж.Анхбаяр түүнийг гэрээгээ зөрчин, тэмцээнээс хассан байгаа юм. Угтаа зохион байгуулагч болон оролцогчийн хооронд байгуулсан гэрээнд “Гэрээг аль нэг талын саналаар цуцлах тохиолдолд нөгөө талдаа 21 хоногийн өмнө албан бичгээр мэдэгдэнэ” гэж заажээ. 

Харин “Монгол гоо сайхан” НҮТББ-ын тэргүүн эцсийн шатны шалгаруулалт болохоос нэг хоногийн өмнө буюу есдүгээр сарын 19-ний орой өөрийн цахим хуудсаараа хувийн чатаар шалгаруулалтаас хассан тухайгаа мэдэгдсэн байна. Ингэхдээ “Тэмцээний ерөнхий зохион байгуулагчийн хувьд миний тэмцээнд ийм ёсзүйн доголдолтой оролцогч хэрэггүй. Маргааш финал шоу Чариотгүй болно. Хамтдаа түүх бүтээцгээе  охидоо” хэмээн бичсэн байжээ.

“Miss Universe Mongolia 2019” тэмцээнийг АНУ-ын IMG Universe LLC компанийн олгосон эрхийн дагуу, тухайн тэмцээний зохион байгуулалтын дотоод дүрэм журмыг үндэслэн зохион байгуулах учиртай. Гэтэл  “Монгол гоо сайхан” НҮТББ-ын тэргүүн Ж.Анхбаяр өөрийн хувийн тэмцээн мэт аяглаж, бусад оролцогчдынх нь өмнө гутаан доромжлон хувийн үзэмжээр хандсан байгаа юм. Модель бүсгүйн тухайн тэмцээний “Нөхөрсөг мисс”-ээр өргөмжлөгдөх нь нэгэнт тодорхой болсон байжээ. Өөрөөр хэлбэл Ж.Анхбаярын хэлсэн шиг “ёсзүйн доголдолтой” байсан бол уг тэмцээнээс ийм шагналд түүнийг тодорхойлохгүй нь ойлгомжтой хэрэг.  

Юутай ч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зүй ёсны шаардлага тавьсных нь төлөө тэмцээнээс үндэслэлгүй хасч, бусдын өмнө гутаан доромжилсонд оролцогч М.Чариот гомдолтой байгаагаа өөрийн цахим хуудастаа илэрхийлсэн байв. Мөн тэрбээр өөрийнх нь нэр төрийг нь сэргээж, албан ёсоор уучлалт гуйхыг зохион байгуулагч талаас шаардаж байгаа юм байна.

Image result for М.Чариот

Монголын цор ганц том размерын модель М.Чариот тус тэмцээнд 9 дугаартайгаар оролцож байв.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.