Беларусийн энхийг сахиулагчид таван ИЛ-76 онгоцоор Казахстанд газардлаа

Twitter Print
2022 оны 01-р сар 07-нд 10:23 цагт
Мэдээний зураг,

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын хүсэлтийн дагуу Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын бүрэлдэхүүн улс болох Беларусийн энхийг сахиулагчид Казахстан улсад газарджээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Казахстанд буусан Беларусийн энхийг сахиулагчид Ил-76 загварын 5 онгоцоор ирсэн аж.

Энэ долоо хоногийн эхээр Казахстанд хийн түлшний үнийг буулгахыг шаардаж эхэлсэн иргэдийн тайван жагсаал цуглаан санааттайгаар галдан шатаах, тэслэх, дээрэм тонуул хийх, хууль сахиулагчид рүү хэрцгийгээр халдах явлал болон хувираад байна.

Алматы хотод нөхцөл байдал хамгийн хүнд байна. Хотод интернет сүлжээг тасалсан байгаа ба иргэд хоол хүнс авахын тулд дэлгүүрт олон цагаар дараалалд зогсоход хүрчээ.

Өнгөрсөн лхагва гарагт Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын гишүүн орнуудын удирдагчдаас эмх журам тогтооход туслахыг хүссэн юм. Уг хүсэлтийн хариуд одоогийн байдлаар ОХУ, Беларусь улс энхийг сахиулагчдаа илгээгээд байна.

Вашингтон Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага цэргүүдээ Казахстан руу илгээж буй явдал нь үндэслэлтэй эсэхэд эргэлзэж буй талаар Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ. Тэрээр Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагаас хүний эрхийн тал дээр олон улсын өмнө хүлээж буй үүрэг хариуцлагаа мөрдөхийг хүсчээ.

Нөгөө талаас Казахстаны Ерөнхий прокурорын газар эмх замбараагүй байдал үүсгэсэн явдалд буруутай нь тогтоогдсон иргэдэд 8 жилээс бүх насаар нь хүртэл хорих ял онооно хэмээн мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар Ерөнхий прокурорын газар хэргийн баримт нотолгоог цуглуулах, эд мөрийн баримтыг судлах шатандаа явж байгаа аж.

Казахстаны Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр Алматы хот дахь төрийн байгууллагуудын байшин барилгуудыг хамгаалалтанд аваад байгаа ба хэв журам тогтоох явцад Казахстаны хууль сахиулах албаны 18 албан хаагч амиа алдаж, 748 албан хаагч шархджээ.

Цагдаа нар эмх замбараагүй байдлын үеэр 2298 хүнийг баривчлаад байна.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.