
Өрнөж буй жагсаалын тухайд
Хүн бол маш аминч амьтан. Цаг үргэлж зөвхөн өөрийн төлөө санаа зовж, өөрийн утсан чинээ эрх ашгаа бүх юмны дээгүүр тавьдаг шинж чанартай. Ерөөсөө л хүний байгалийн өгөгдөл нь угаасаа л нэг тийм “амьтанлаг”. Харин Төр гэгч хүнийг төрийн эрх ашгийн төлөө зольж байхын тулд, бүхэл бүтэн цогц тогтолцоог бий болгож, аминч шинж чанарыг нь аль болохоор дарж, хамтач үзэл, бахархал, үнэт зүйл, баатарлаг байх, эх оронч байх үзлийг цаг үргэлж тордож байдаг. Ингэж сэтгэлгээ нь “тордогдсон” хүмүүсийн нэгдэл нь өөрөө ард түмэн болдог, тэд хамгаалах нэгдмэл үнэт зүйлтэй, хамтач үзлээр хүмүүжигдсэн учраас тэмцэлд нэгдэн босох чадамж нь ч илүү, юуг зөв, юуг буруу гэдгийгээ ижил байдлаар мэдэрдэг. Нэг үгээр төр нь хүнд заяасан байгалийн амьтанлаг суурь шинж чанар дээр нь “нийгмийн” шинж чанарыг суулгаж өгч байж, сая л хүн хүн болдог... Тэгэхээр Монголчууд л ганцхан аймхай хулчгар, хар амиа бодсон үндэстэн гэж ярих нь өөрөө өрөөсгөл юм. Зүгээр л Монголд өнгөрсөн хугацаанд Монголчуудыг хүмүүжүүлж, сэтгэлгээг нь “тордох” төр байсангүй. Тиймдээ ч тэд яг байгалийнхаа өгөгдөл дээрээ өөр хоорондоо харилцах төдий байдлаар эзэмшсэн нийгмийн шинж чанар төдийхөнтэй л байгаа хэрэг (Төргүйдсэнээр энэ чиглэл дэх төрийн үүрэг орхигдсон). Олон Монгол хүнээс асуухад тэд эх орон гэдэг ойлголтыг өөрийн ойр тойрны хайртай хүмүүс гэр бүлээрээ төсөөлдөг, өөрт нь хамааралтай хүмүүст л гай зовлон учрахгүй, өөрөө болон өөрийнхөн нь л болж бүтэж байвал тэдний хувьд тэгээд л болоо...
Нэгэнт байгальлаг нь дийлсэн хүн өөрийн “тухлаг бүс”-тээ тав тухаа нэгэнт олчихоод тэндээсээ сайн дураар өөрийн хүслийн дагуу гарч ирж, ямарваа нэг тэмцэлд татагдан ордоггүй юм. Тийм болохоор л гэртээ буйдан дээрээ суугаад утсаа ухангаа идэвхигүйгээр дэмжиж байгаа үй олон хүнийг бодит үр дүнтэй тэмцэлд татан оруулахын тулд бүхэл бүтэн механизм ажиллах шаардлага үүсдэг. Харин Монголчууд, (магадгүй Монголын тэмцэгчид ) жирийн хүмүүсийг буйдангаас нь татаж гаргаж ирэх механизм үүсгэхийн оронд зүгээр л ирэхгүй байна, дэмжихгүй байна гэж л гонгинодог. Тэд тэмцэх систем үүсгэхийн оронд, зүгээр л сэтгэл зүрх ярьдаг, үр дүнд нь тэдний тэмцэл үргэлж хоосон хана мөргөж бүтэлгүйтдэг юм...
Би энэ үгээрээ гэртээ буйдан дээр сууж байсан жирийн хүмүүс зүгээр л гэнэт нэг өдөр цуглаад л эрх баригчдыгаа эсэргүүцсэн жагсаал хийгээд байгаа гэсэн Монголчуудын ойлголтыг үндсээр нь няцааж байна. Тэгэх боломж байхгүй, тийм юм ч ер нь бол болдоггүй. Олон хүнийг цуглуулж байгаа ямар нэг механизм ил ба далд ямар нэг байдлаар үргэлж ажиллаж байдаг... Харин тэрийг нь л Монголчууд олж харж чадахгүй байгаа учраас “Органик” жагсаал гэсэн шүү тэнэг нэр олж өгөөд, хөөрцөглөөд байгаа юм.
Би 07 сарын 01-ны өдрийг дурсах дуртай. 06 сарын 28-нд нь Төрийн ордныг барилгын засвар хийнэ гэсэн нэрээр их өндөр төмөр хашаагаар таглачихаад, 07 сарын 01-ны өглөөгүүр 11 цагийн үед буюу жагсаал цуглаан хараахан эхлээгүй байх үед Соёлын Төв ордны ард нэлээн далдхан байдалтайгаар Автомат буугаар зэвсэглэсэн цэргүүд нуугдаад зогсож байсан юм даг. Тэр өдөр юу болсныг бүгд мэднэ, гэхдээ яагаад болсныг мэддэг хүн цөөхөн байх... Төрийнхний хувьд энэ жагсаал огт гэнэтийн явдал байгаагүй нь тэдний урьдчилан бэлдсэнээс харагддаг юм. Тэгсэнээ сүүлд нь гэнэтийн аймшигтай явдал байж, шийдвэр гаргахад асар хүнд байсан талаар төрийн “гол дүрүүд” хожим дурсдаг!
2008 оны сонгуулиар улстөрийн гуравдагч хүчин болох Иргэний Хөдөлгөөний нам ихээхэн хүчтэйгээр оролцож, маш олон хүний дэмжлэгийг авч байсан юм. Би тэр үед хотын зах орчмоор явж, хүмүүсээс хэнийг дэмжиж байгааг нь сонирхож асуухад арван хүний долоо нь ИХ намыг дэмжиж байгаагаа хэлж байсан юм. Ингээд сонгуулиар асар өргөн хүрээтэй сонгуулийн луйвар хийгдэж, нөгөө ялна, ялдаггүй юм аа гэхэд парламентийн нэлээн олон суудлыг авна гэдэгтээ итгэлтэй байсан ИХ нам хуйгаараа саналаа луйвардуулснаас болж ялагдах нь тэр. Энэ уурандаа тэд дэмжигчдээ аваад талбай дээр ирэхэд тэднийг аль хэдийн бэлдчихсэн “урхи” хүлээж байсан гэж надад ойлгогддог юм. ИХ намын гишүүд дэмжигчдийн эсэргүүцэл дээр угаасаа МАХН-д дургүй байсан олон иргэд, мөн хажуугаар нь өнгөрч явсан жирийн олон хүмүүс нэгдэн оролцсоор, хүмүүсийн тоо маш олон болж, жагсаалыг хянахад, удирдахад хэцүү болж эхэлсэн. Яг энэ үед нь МАХН-ын, цагдаагийн олон хүмүүс жагсагчид дунд ороод, жагсаалыг илт хүчирхийллийн шинжтэй болгож эхэлсэн. Цаашлаад өнөө жагсаал удирдагсдыг өөрсдийг нь чулуугаар шидэж, 16 цагийн үед хөөж явуулснаар, талбай, МАХН-ын байр орчимд цуглаад байсан тэр олон хүн удирдлага, зохион байгуулалттгүй, бас дээр нь зорилгогүй болсны улмаас эхнээсээ тайвнаар тарж эхэлсэн. Яг энэ үед л цагдаа нар иргэд лүү ямар ч шаардлагагүй байх үед нь резинэн сум, хийгээр буудаж, хүмүүсийг уурлуулж эхэлсэн байдаг юм...
Цагдаа нар хүмүүсийг зориуд уурлуулсаар, жагсагчид дунд байсан цагдаагийнхан ч жагсагчдыг хөөргөж, хүчирхийлэлд уруу татсаар (Баригдсан хүмүүсээс их олон хүн урд нь уриалаад, дайраад, чулуу шидээд гүйж байсан хүмүүс дараа нь өөрсдөөс нь цагдаагийн дүрэмт хувцас өмсөөд байцаалт авсан талаар дурссан байдаг.) эцэст нь цагдаа ба иргэдийн хооронд шууд мөргөлдөөн, чулуун болон гардан тулаан болж өргөжсөн юм... Дээр нь тэр өдөр талбай дээр орой нь шоу болно гэж зарласан байсан тул орой болох тусам оролцогчдын тоо улам нэмэгдсээр л байсан. Ингээд шөнө болоход онц байдал тогтоож, жагсагчдыг хүчээр буулгаж авсан байдаг юм.
07 сарын 01-ний энэ үйл явдал нь ИХ намын удирдагчдыг нь шинээр зандалчлах гэдэг зүйл анги баталж байгаад шоронд хорих боломж олгож, ИХ намыг нь харин улам сулруулахын тулд нэгэнт улстөрийн хамгаалалтгүй болсон дээр нь тулгуурлан дараагаас нь ИХ намын гол санхүүжилтийг нь босгодог АНОД банкыг хүчээр дампууруулж, эздийг нь ч бас шоронд барьж хорьсон юм. Үр дүнд нь Монголд дөнгөж төрсөн улстөрийн гуравдагч хүчин өлгийндөө булшлагдсан. 07 сарын 01-ний өдрийн тэр олон хүмүүсийг “тухлаг бүс”-ээс нь гаргаж, эрсдэлтэй мөргөлдөөнд түлхэн оруулахад маш хүчирхэг механизм ажилласан гэж би боддог. Жагсаал цуглаан, тэмцэл өөрөө л хар аяндаа бий болчихдоггүй, үргэлж ямар нэг механизм ард нь ажиллаж байдаг учраас 07 сарын 01-ний үйл явдлын ард “ямар нэг” автор бий. Тэр автор нь хамгийн их ашгийг олсон!
Ойрын хоногуудад “Нүүрсний хулгай”-н асуудлаар иргэд удаа дараалан талбай дээр гарч жагсаж байна. Үүнийгээ тэд сэтгэл зүрхээрээ иргэд гарч ирж, уг аймшигтай том хулгайг эсэргүүцэн жагсаж байна гэж ойлгож байгаа. Гэхдээ харамсалтай нь асуудал үргэлж харагддаг шигээ байдаггүй юм...
Анх жагсах талаар Сошиалаар мэдээлэл тарж эхлэхэд нь л би үүнийг шууд МАН-тай холбож ойлгосон. Учир нь энэ жагсаалыг зохион байгуулах гэж байгаа эзэн гэж байгаагүй, харин эзэнгүй үйлдэл гэж хаана байх билээ дээ? Ямар нэг эзэн байж л таарна, тэр нь харин өөрийгөө далд байлгаж чадахынхаа хажуугаар үүнийг хийж чадна гэхээр МАН-аас өөр эзэн огт төсөөлөгдөөгүй юм. Бас талбай дээр зөвхөн МАН л жагсдаг, бусдыг нь харин жагсаахгүй хөөдөг болчихсон...
Юутай ч өөрийн нүдээр дүгнэлтээ бататгахыгаа би илүүд үзэж, жагсаалын эхний өдөр эртхэндүү талбай явж хүрсэн юм. Дөнгөж л үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг их удаагүй жагсаал цэгцрэх гэж оролдож байх үед нь би таарсан. Тэнд очоод ганц нэг пичень идэж суунгаа харахад л, хар багаасаа МАН-аар явчихсан, Нямбаатарын удирдлаганд байдаг зүс мэдэх залууг би тэнд олж харсан, цаашлаад МАН-тай салшгүй найз болсон Даяар Монголын Бямбатулга гэдэг залууг тэнд зохион байгуулагчдынх нь дунд зогсож байхыг нь мөн бас олж харсан юм. Цагаан хоолойгоор яригч нь нэг их өөрөө хүсээгүй, зүгээр л хэлэх үүрэгтэй болоод, онцын агуулгагүй үгсийг хоосон чалчиж байсан даг. Эргэн тойрныг нь гүйцээж харахад, харваас оффист суудаг хоёр залуу эмэгтэй урьд шөнө хэвлүүлсэн байрын лоозунг эвхээд хоёр талаас нь дамжлаад талбай орж ирж байв, дээр нь цуглаж буй хүмүүсийг хайрцаглах байдалтайгаар ганц нэгээрээ зайдуухан залуучууд зогсож, харин яг хүмүүс дотор хүмүүсийг идэвхижүүлэх үүрэг хүлээсэн байрын идэвхитэй залуучууд хоёр гурваараа чанга чанга ярьж, илтгэгчийнхээ дутууг нөхөж байсан... Харин тэдний голд итгэл найдлага тээсэн харцтай, манай улныхан бөөгнөрөн зогсчихоод, юмсыг өөрчлөх хүслийнхээ төлөө цагаан хоолойгоор яригчийн агуулга муутай яриаг сулхан дэмжиж зогсож байсан юм! Итгэл найдлага тээсэн, юу хийхийгээ мэдэхгүй хүмүүс нэмэгдсээр, харин би нэгэнт бататгаад дүгнэчихсэн учир, МАН-ын тэр жагсаалаас явж одсон юмдаг...
Хүмүүсийн “тухлаг бүс”-ийг нь МАН өнгөрсөн жилүүдэд эвдсэн учраас л дулаан гэрээсээ хүйтэн талбай руу ямар нэг зүйл өөрчлөх хүсэл тээн хөдлөх хүмүүсийн тоо нэмэгдсээр, мэдээж хэрэг тэдний эрч хоорондоо халдварлаж, үүрэг хүлээснээсээ болж оролцож байгаа хүмүүсээс илүүтэйгээр “үнэн сэтгэлээсээ” жагсаж байгаа хүмүүс нь олшрох тусам энэ жагсаал нэлээн “Органик” жагсаалын шинжийг олсныг би сошиалаас харсан л даа. Гэвч мөн чанар нь юуг ч шийдэх чадамжгүй гэж дүгнэсэн дүгнэлтээсээ ухраагүй...
Эхний өдрийн жагсаал амжилттай явагдсан ч, МАН-ын хүссэн үр дүнд хүргээгүй... Тийм болохоор Учралын “мэдлийн” Их засаг их сургуулийн оюутнуудыг нэг өдөр чөлөө олгож бөөнөөр нь талбай руу юүлсэн (Энэ нь жагсаалд Учрал, Нямбаатар хоёр ямар нэг байдлаар илт оролцож байна гэсэн үг)... Тэгэж байж л сая нэг хүн ихтэй болж, тэр дунд сая л нэг МАН-ын хүссэнээр төрийн ордон луу дайрах хувилбар хагас дутуу хэрэгжсэн гэж үзэж байна. Төрийн ордон луугаа зохиомлоор дайруулж аваад, араас нь шууд онц байдал зарлах хувилбар юутай ч бэлэн зэхээтэйгээ байсан байгаа юм шт. (Ямар сайндаа юу ч болж мэдэх аюултай нөхцөл үүсгэж мэдэх шинж байсан учраас би ядаад сторигоороо дамжуулан, жагсаалаас хол байхыг сануулахад хүрсэн)... Онц байдал зарлах шалтаг гаргуулж авмагцаа жагсагчдыг тэр өдөр талбайгаас шууд хөөсөн. Дөрвөн замын уулзваруудыг цэрэг ирж хаасан. Онц байдал зарлаагүй байхад л, онц байдлын үед хэрэгжүүлдэг арга хэмжээг шууд авч хэрэгжүүлсэн. Тэгсэнээ 30-аад хүн гэмтэж, төрийн ордны хамгаалалтын 13 ажилтан гэмтэж бэртсэн гэх мэтийн худал мэдээлэл эрчимтэй цацаж байсан юм. Нэг үгээр одоогийн засгийн газар онц байдлыг тогтоож аваад ямар нэг хуульд баригдалгүй “чөлөөтэй” ажиллахыг эрмэлзээд байна. Гэвч Онц байдал тогтоохыгоо зөвтгөх хэмжээний мөргөлдөөн талбай дээр огт болсонгүй, тиймдээ ч арай ч улайн цайм онц байдал тогтоосонгүй, уулзвар хаасан цэргүүдийг ч буцаан татсан...
Одоо тэгэхээр яагаад ийм жагсаал МАН-д шаардлагатай болов?
Нүүрсний хулгай. Хулгайлагдсан нүүрсний хэмжээ Оюу- Эрдэний хэлээд байгаа шиг тийм хэт их биш гэж үзэх хэрэгтэй (440 их наяд төгрөгний үнэ бүхий нүүрс гэж хэлсэн). Тэр хүмүүсийг цочроож уур хилэнг нь хөдөлгөж эсэргүүцэж жагсах сэдлийг нь өдөөхийн тулд зориуд ихэсгэж хэлсэн. Дээр нь нүүрсний хулгайг ердөө л хэсэг бусаг хүмүүс үйлдсэн гэж үзэж огт болохгүй. Үүнийг Монголын төр өөрөө хулгайлсан гэж үзэх хэрэгтэй. Учир нь бүх эрх мэдэл Хүрэлсүхтэнгүүдэд байхад, тэд огт мэдээгүй байна гэж байхгүй. Тэд нэг бол өөрсдөө их хэмжээний нүүрсний орлогыг хууль бусаар нуун дарагдуулж, юунд ч ашиглаж болох ямар ч тооцоонд ороогүй, хууль бус бохир мөнгөний их хэмжээний нөөц үүсгэсэн байна (Путинчууд шиг). Энэ нөөцөө ашиглан эрх мэдлээ улам бэхжүүлнэ. Эсвэл тэд өнгөрсөн хугацаанд нүүрсний бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүдийг зориуд хууль бусаар нүүрс гаргаж орлогоо нуун дарагдуулахаас өөр аргагүй болтол нь зориуд шахсан. Ингээд тэдний үйлдлийг нэг бүрчлэн баримтжуулж аваад, одоо Монголын томоохон бизнес эрхлэгчдийг намнах зорилгоор хүмүүсийн анхаарлыг зориуд нүүрсний хулгай дээр төвлөрүүлж, тэднийг ард түмний дайсан болгож нийгэмд харлуулж байгаад, тэдний том бизнесүүдийг төрийн хүчийг ашиглан булааж авах бодолтой байж тун болзошгүй. Ер нь бол энэ хоёр хувилбар хоёулаа үнэн байх магадлал өндөр...
Учир нь С. Ганбаатар гарч ирж мэдэгдэл хийхдээ шууд Монголын 3 томоохон бизнес эрхлэгчийг нүүрсний хулгайч гэж нэр цохож хэлсэн. Оюун-Эрдэнэ болохоор Хурц нарын хүмүүс мөн талбай дээрх жагсаалыг төрийн ордон луу дайруулах гээд байна гэсэн байдлаар хэлсэн. Бас MCS компани ажилчиддаа чөлөө өгч талбай руу оруулж байна гэж мэдэгдсэн. Энэ нь жагсаалыг, ард түмнийг тэдэн лүү турхирч буй шууд хэлбэр.
МАН өнгөрсөн жилүүдэд хэт хүчирхэгжсэн. Түүний хүчирхэгжилт нь түүнийг дараагийн хөгжлийн шат руу оруулах үйл явц явагдаж байна. Энэ нь Оросын Нэгдсэн Орос нам, Хятадын Коммунист нам шиг дангаараа бүхнийг эрхшээсэн, хэзээ ч төрийн эрхнээс шахагдан гарахгүй болтлоо, төрийн эрхийг тас атгасан хэв маяг руу оруулж байна. Одоо МАН нүүрсний хулгайн асуудлаас үүдэн цугласан олон түмнийг Засгийн газрын үйл ажиллагааг ард түмэн дэмжиж байгаа гэж харагдуулж аваад (Угаасаа тийм л зорилгоор олон түмнийг талбай руу жагсаалд татаж байгаа), нүүрсний хулгайтай засгийн газар тэмцэхийн тулд эрх мэдлээ нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн хачин үндэслэл гаргаж ирээд, үндсэн хуульд өөрчлөлт оруулна байх. Угаасаа жагсагчид тогтолцоогоо өөрчлөхийг шаардаж буй, харин яаж өөрчлөхийг нь МАН-ын гарууд шийднэ гэсэн үг.. Энэ жагсаал бол Монгол хүний тархийг угаах зорилготой жүжигчилсэн тоглолт, дээхнэ үед Бөмбөгөр ногоонд болсон шүүх хурал шиг л...
Бас дээр нь Нүүрсний хулгайчид нь хэн байх вэ гэвэл, МАН-д шууд захирагддаггүй, эсвэл МАН дотор Хүрэлсүхтэнгүүдэд удирдагддаггүй хүмүүс рүү асуудал чиглэх болно. Тэднийг “ард түмний дэмжлэгтэйгээр” нуга дараад авчихвал Оросын хүссэн засаглал руу Монгол шууд яваад орчихно... Хүрэлсүхтэнгүүдийн засаглал...
07 сарын 01-ний жагсаалыг төлөвлөж гүйцэлдүүлснээр, гуравдагч хүчнийг нуга дарсан бол, харин одоо 12 сарын 05-ны жагсаалаар хоёрдагч хүчнийг нуга дарах болно. Учир нь ардчилсан нам задраад удаа дараалан сонгуульд ялагдсанаар улстөрийн хамгаалалт нь сул болсон, үүн дээр тэдний санхүүжилтийг босголцдог үндэсний Бизнесмэнүүдийг дараад авчихвал, Ардчилсан нам ирэх сонгуулиар амжилт олох байтугай бие даан оршиж байх суурьгүй болох болно. Ингээд нэг намын үнэмлэхүй дангаар ноёрхох Орос, Хятад маягийн хувилбар луугаа Монгол орон орох болно. МАН дотроо Хүрэлсүхийг сөрөгсдийг ч энэ үйл явцаар далимдуулан цэвэрлэх болно. Ингээд иргэд нэг л мэдэхэд Нүүрсний хулгайчуудыг ялсан баатарлаг засгийн газрыг олж харах үедээ өөрсдөө ардчилсан эрх чөлөөгөө бүрмөсөн алдчихсаныгаа ч бас олж мэдэх болно, тэр үед мэдээж хэрэг оройтчихсон байх нь ойлгомжтой...
Тийм болохоор энэ жагсаал бол эхнээсээ сайтар боловсруулсан жүжиг байсан, энэ жүжигт өөрийн “дүр"-ээ мэдэхгүй сайн дураараа ирж оролцож байгаа иргэдийг үзэгчийн байр луу нь шахахын тулд “жүжигчин” тодорч хөтөлж эхэлсэн. Ингээд иргэд жүжиг үзэж баясаж, харин тэр жигтэйхэн итгэл үнэмшилтэйгээр үзэж байгаа жүжиг нь иргэдийн амьдарлыг улам бүр дордуулах хүчнийг улам их хүчтэй болгоход ашиглагдаж байгаа...
Ер нь ингэхэд хэн та нарт тэмцэл бол жагсаал гэж хэлж өгсөн? Гараад л жагсчихвал бүх юм сайхан болчихно гэсэн ойлголтыг юу та нарт суулгаж өгсөн? Магадгүй 1990 оны үйл явдлаас тийм ойлголттой болсон уу? Яг үнэндээ 1990 оны үйл явдал чинь ч өөрөө хүчнүүдийн тоглолт байсныг ойлгох хэрэгтэй. Бүх үйлдвэрийн ажилчдыг нэгдсэн журмаар цалинтай чөлөө өгөөд, нэг ч хүн дутаалгүй жагсаалаар нь элдэв лоозун бариулсаар төв талбай руу юүлж байсан ил харагдахгүй механизм оршиж байсныг мэдэх хэрэгтэй. Тэр үед тоталитар төр оршиж байхад ямар ч үйлдвэрчний эвлэл төрийнхөө эсрэг илт дайсагнасан ийм үйл ажиллагаа явуулж үл чадах, тэгэхээр түүний ард БНМАУ-ын төрөөс ч хүчтэй “ямар нэг зүйл” нөлөө үзүүлж байсан гэсэн үг юм. Монгол оронд чухам юу БНМАУ-ын төрөөс хүчтэй байж чадах вэ гээд бодоход ЗХУ-ын элчин сайдын яамнаас өөр хувилбар гарч ирдэггүй юм. Тэгэхээр Батмөнхийн хувьд талбай дүүргэн жагссан Монголчуудыгаа хүндэлж засгаа огцруулсан юм биш, Монголд байршиж байсан ЗХУ-ын цэргийн их хүчнээс айсандаа ум хумгүй зугтахыгаа илүүд үзсэн юм. (Монголын төрийг нурааж, шинэ төр байгуулагдаж бэхжихтэй нь зэрэг л сая нэг Зөвлөлтийн цэрэг гарч явсан.) Жагсаалын үр дүнд шинээр гарч ирсэн залуучууд нь Лениний хөшөөн дээр очиж үйл хэргийг нь үргэлжлүүлэхийгээ ЗХУ нуртал амладаг юм. ЗХУ нурсны дараагаас л тэд АНУ-ийн нөлөөгөөр илт ардчилсан байр суурьтай болж хувирцгаасан... Маш ерөнхийд нь хэлвэл тийм л үйл явц. 1990 оны жагсаалаас болж БНМАУ-ын төр нурсан юм биш, харин БНМАУ-ын төр нь ЗХУ-ын төрийн явуулж байсан бодлогыг сөрж дийлэхгүй болоод нурж унасан юм... Тийм болохоор жагсаал юмсыг өөрчилнө гэж хоосон бүү найд! Тэр тусмаа зүгээр л хувь хүмүүс нийлээд жагсчихдаг “Органик” гэх жагсаалууд... Улстөрийн үйл явцын ард үргэлж хүч оршиж байдаг, тэрнээс хий хоосон сэтгэл зүрх биш. Сэтгэл зүрх чинь хүчтэй нэгний уланд няц гишгэгдэхийг улстөр гэдэг юм! Тийм учраас тэмцэх бодол санаа агуулж л байгаа бол чи хүчтэй болох ёстой байдаг. Болушка гэгч ихээхэн ёжтойгоор хэлсэн байна билээ, “жагсаж байхаар ном уншаач” гэж. Учир нь та нар өөрсдийн хүсэж байгаагийнхаа яг эсрэг зүйл дээр сэтгэл зүрх яриад очиж нэгдэж жагсаад буруу зүйлдээ улам бүр хүч нэмээд байгаа...
Орос Украинд дайтаж ялагдаж буй нь Оросын орон зайг, нөлөөллийг шахан гаргах сайхан боломжийг их олон улсад өгч байгаа. Оросын нөлөө Европ, Төв Азиас шахагдаж гарч байна. Яг үүн шиг Оросын Монгол дахь нөлөөг Хятад боловсоноор шахан гаргах идэвхигүй үйлдэл нь тэд Монгол дахь нүүрсний хулгайг илчлэх явдал байсан юм. Учир нь энэ нүүрсний хулгайг Оросуудын үгэнд оромтгой Монголын төр засаг, МАН өөрөө өргөн хүрээнд оролцож, хулгайлсан нь ойлгомжтой. Тийм болохоор Хятадууд Оросын талыг баримжаалсан “бохир” төр засгаа Монголчууд мэдээд, эсэргүүцэж салж, эрүүлжиг гэсэн үүднээс энэ мэдээллийг бүр олон улсад зарлачихаж байгаа юм. Тэд Монголд төр нь хулгай хийснийг мэдэхгүй тэнэг хүмүүс биш... Харин үүнийг нь Орос бүр эсрэгээр нь өөрийнхөө үгэнд оромтгой засгийг улам бэхжүүлэх жүжиг болгож хувиргаж байна. Монголчууд ориг нүүрсний хулгайчуудыгаа даган баясаж, ямар нэг нүүрсний хулгайч олж авах, барьж авах эрэлд гарч эхэлж байна, энэ жагсаалын үр дүнд...
Ер нь яагаад хөдөөний мангар залуучууд хотод орж ирээд, том дарга хийгээд, Монголчуудын хувь заяаг бүхэлд нь шийддэг болчихсоныг бодож үзсэн үү? Нямбаатар, Оюун-Эрдэнэ, Хүрэлсүх, Занданшатар нар хөдөөний л мангар залуучууд ш дээ. Харин мангар залуучуудыг өөд нь татаад, өөрийн эрх ашгаа хамгаалуулах бол, Оросын өнгөрсөн 100 жилийн шалгарсан арга нь байсныг Манай түүх гэрчилнэ. Дахин нэг “Чойбалсан”-тай болмоор байна уу та нар?
Дондогийн Болд
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
yaanaa
(139.5.216.153) 2020-03-08 03:49teheer manaid irsen garuud sanaatai baij boloh yum bna shuu
Хариулах
Co-V
(139.5.216.153) 2020-03-08 03:49teheer manaid irsen garuud sanaatai baij boloh yum bna shuu
Хариулах
Co-V
(139.5.216.153) 2020-03-08 03:49teheer manaid irsen garuud sanaatai baij boloh yum bna shuu
Хариулах
Co-V
(139.5.216.153) 2020-03-08 03:49teheer manaid irsen garuud sanaatai baij boloh yum bna shuu
Хариулах
Co-V
(139.5.216.153) 2020-03-08 03:48teheer manaid irsen garuud sanaatai baij boloh yum bna shuu
Хариулах
Od
(182.160.34.121) 2020-03-07 16:34Taraah gej oroldoh... Sanaatai gemt hereg
Хариулах