
Жил бүрийн 4-р сарын 19-нд АНУ-д “Хувцсаа гадаа хатаах өдөр” /Hanging Out Day/ тохиодог аж. Энэ өдрийг 1998 онд анх тэмдэглэж эхлэсэн ба тухайн үед анх Project Laundry List гэх байгууллага үүсгэн байгуулагдаж байж. Тус байгууллагын анхны захирал Александр Ли /Alexander Lee/ Грийн корпусд /Green Corps’/ Байгаль орчны чиглэлээр сурч төгсөх үед энэ эхлэл тавигдсан.
Яг энэ үед Вермонт /Vermont/ мужийн сенатор Дик МакКормак /Dick McCormack/ мужийн хэмжээнд “хатаах эрхийн хууль” /right to dry/ батлуулхаар зүтгэж байсан байна. Түүний хуульд амины орон сууцны барилга, орон сууцны хорооллын дунд зохимжгүй харагдаж, хотын өнгө үзэмжийг бууруулах тул гадаа хувцсаа хатаахыг хориглохоос урьдчилан сэргийлэх тухай заалт багтсан. Ямар ч хүн хувцсаа гадаа агаарт хатааж, хүйтэн усаар угаалга үйлдэх нь маш их эрчим хүч хэмнэх энгийн бөгөөд үр дүнтэй арга тул эдгээрийг зөвшөөрч, бодлогоор дэмжих, дадал болгох нь зүйтэй гэж үзсэн.
Үзэл санааг зүйтэй гэж үзсэн Лигийн байгууллага гадаа хувцсаа хатаах өдрийг санаачилж, олон хүмүүсийг эрчим хүчээ хэмнэн цахилгаан, хийн хатаагч ашиглах бус гадаа дэлгэн хатааж хэвшихийг уриалав.
Одоо жил бүр Project Laundry List нь бусад ижил төстэй үзэл санаатай байгууллагуудтай нэгдэн “хувцсаа гадаа хатаах өдөр”-ийг ивээн тэтгэдэг бөгөөд зүгээр л тагтан дээрээ юм уу, хашаандаа хэц татаад байгалийн наранд хувцсаа хатааснаар, наранд бүлээсэгсэн усаар зарим угаалгаа үйлдсэнээр та маш их эрчим хүч хэмнэж, байгаль орчинд хэмжээлшгүй их хувь нэмэр оруулж болохыг ухуулан таниулах ажлууд хийдэг байна.
Хувцсаа гадаа хатааснаар та болон таны гэр бүл мөнгөө хэмнэхээс гадна хувцасны утас бөөгнөрөх явдал хатаагч ашигласнаас хамаагүй багасна, хатаагч ашиглах үед гардаг гал түймрээс урьдчилан сэргийлнэ, мэдээж хамгийн чухал нь энэ явцад зарцуулах байсан эрчим хүчийг хэмнэнэ. Тиймээс энэ өдөр бүгд ялдаг.
Та ч бас энэ өдрийг дэмжиж байвал бусдад хувцсаа гадаа хатаахын ач тус хийгээд, цахилгаан болон хийн хатаагч ашигласнаар байгаль орчинд учирч болох хохирлын талаар мэдлэг олгохыг хичээгээрэй.
Хувцас хатаахтай холбоотой зарим нэгэн баримтуудыг хүргэе. Анхны гар аргын хувцас хатаагчийг Франц гаралтай ноён М.Почон /M. Pochon/ зохион бүтээсэн ба түүний энэхүү төхөөрөмж нь энд тэнд нь цоолсон эргэдэг дугуй хэлбэртэй төмөр авдар байсан бөгөөд түүнийг галын дээр байршуулаад хувцасыг хаттал нь эргүүлдэг бүдүүлэгдүү эд байсан. Гэвч энэ төвөөс зугтах систем одоо ч ихэнхи хатаагчид ашиглагддаг.
Харин анхны хувцас хатаахад ашигладаг хавчаарын патентийг АНУ-д 1853 онд бүртгэж байсан нь дараагийн 30 жилийн хугацаанд 140 гаруй төрлийн ийм зориулалттай бүтээгдэхүүнд патент олгохын эхлэл байжээ.
Тэгвэл энэ өдөр хэрэглэхээс татгалзахыг уриалж байгаа цахилгаан хувцас хатаагчийн анхныхыг 1937 онд Хенри В.Альторфер /Henry W. Altorfer/ бүтээсэн бөгөөд мэдээж тийм ч сүрхий тоног төхөөрөмж байгаагүй. Харин дэлгүүрт хүртэл зарагдаж эхлэсэн “6-р сарын өдөр” /June Day/ нэртэй анхны орчин үеийн цахилгаан хатаагуурыг нойтон хувцастайдаа бухимдсан Хойд Дакотагийн фермер Ж. Росс Мур /J. Ross Moore/ зохион бүтээсэн бөгөөд орчин үеийн хатаагчийн зохион бүтээгчээр түүнийг нэрлэх нь элбэг ажээ.
1998 онд анх тэмдэглэж эхлэсэн “хувцсаа гадаа хатаах өдөр”-ийн нөлөөгөөр 2009 онд Вермонт мужид байгаль орчинд ээлтэй байхыг дэмжсэн “Хатаах эрх”-ийн хууль батлагдсан бөгөөд энэ мужийн хүрээнд зарим хороолол, орон сууцны бүсд хэц татан хувцсаа хатаах хориотой байсныг цуцлав.
Та өдрийг дэмжиж, тэмдэглэхээр шийдсэн бол хамгийн амархан арга нь угаасан хувцсаа тагтан дээрээ юм уу, хашаандаа гаргаж өлгөөд хийсхээс нь сэргийлэн хавцаараар бөхлөх явдал билээ. Магадгүй хэц татахаас илүү бага зайд олон хувцас багтаахад зориулагдсан орчин үеийн хатаах хэрэгслүүдийг ашиглаж болно.
Хувцасаа гадаа хатаахад хэд хэдэн сайн тал байна. Гадаа хувцсаа хатааснаар таны хувцас, хэрэгслийн эдэлгээний хугацаа уртсана, наранд хатаах үед угаасан хувцсыг тань нарны хэт ягаан туяа илүү сайн халдваргүйжүүлдэг. Түүнээс гадна гэрээсээ бараг гарч орохоо больсон бидэнд цэвэр агаарт гарч, нарыг ажиглах сайхан боломж юм шүү. Эх дэлхийгээ хайрлан, хувцсаа гадаа хатааж хэвшицгээе!
Гүндсамбуугийн Ариунчулуун
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.