
Олон улсын хүний эрхийн байгууллагууд БНХАУ-ын засгийн газар Хойд Солонгосоос дүрвэсэн олон тооны иргэдийг эх орон руу нь хүчээр буцаасан хэмээн мэдээлсэн нь үнэнтэй нийцэж байгааг БНСУ-ын зүгээс онцолжээ.
Хүний эрхийн байгууллагууд сүүлд гаргасан тайландаа Бээжин Хойд Солонгосоос зугтсан 600 орчим иргэнийг эх орон руу нь хүчээр буцаасан тэдгээр иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд болохыг дурдсан байна.
Түүнээс гадна эх орноосоо зугтсан хойд солонгосчуудыг эх орон руу буцааснаар тэдгээр иргэд эх орондоо очсон хойноо шоронд хоригдох, бэлгийн хүчирхийлэлд өртөх, амиа алдах эрсдэлтэй болохыг Human Rights Watch онцолжээ.
Хятадын эх сурвалжуудын мэдээлснээр Хятадын эрх баригчид өнгөрсөн даваа гарагийн шөнө түр хорих байранд саатуулагдсан олон зуун хойд солонгосчуудыг ачааны машинуудад ачин Хойд Солонгос руу илгээжээ.
БНСУ-ын Хоёр Солонгосынюг нэгтгэх асуудлыг хариуцсан яамны төлөөлөгч Кү Бён Сам, "БНСУ-ын засгийн газар хилийн чанадад амьдарч байгаа хойд солонгосчуудыг ямар ч нөхцөлд хүчээр эх орон руу нь буцаах ёсгүй гэсэн байр суурийг баримталдаг. Хувь хүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хүчээр эх орон руу буцаах нь олон улсын норм журмыг зөрчсөн үйлдэл." хэмээн мэдэгджээ. Олон улсын хууль журманд дүрвэгсэд болон орогнол хүсэгчид нь эх орондоо очоод ямар нэг байдлаар дарамт шахалт, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй бол тэдгээр иргэдийг эх оронд нь буцаах ёсгүй гэж заасан байдаг аж. Кү Бён Самын хэлснээр БНСУ Бээжинд байр сууриа илэрхийлж, шийдвэрийг нь эсэргүүцэж буйгаа мэдэгджээ.
НҮБ-д Хойд Солонгос дахь хүний эрхийн асуудлын талаар тайлан тавьсан Элизабет Салмоны мэдээлснээр Хятадын хилийг хууль бусаар зөрчсөн Хойд Солонгосын 2000 орчим иргэн БНХАУ-д хоригдож байгаа аж.
Бээжин Хойд Солонгосоос зугтсан иргэдийг дүрвэгсэд бус "эдийн засгийн цагаачид" гэж тодорхойлж, бусад улс орнууд, хүний эрхийн байгууллагуудын хүсэлт, шаардлагыг үл харгалзан тэдгээр иргэдийг эх орон руу нь буцаадаг аж.
Human Rights Watch байгууллагын мэдэгдсэнээр Хятад руу зугтсан Хойд Солонгосын иргэд өнгөрсөн 8-р сард Пхеньян хилээ нээсэн талаар мэдэгдсэнээс хойш Бээжин тэдгээр иргэдийг эх орон руу нь буцааж эхлэх нь хэмээн эмээх болжээ.
2021 оны 7-р сараас хойш Бээжин 170 орчим хойд солонгосчуудыг эх оронд нь буцаажээ.
Хүний эрхийн байгууллагууд улс орнуудыг Хятадын талын шийдвэрийг эсэргүүцэж, цаашид Хятадын эрх баригчид хойд солонгосчуудыг эх оронд нь буцаах явдлыг зогсоохыг уриалснаас гаднаа Бээжингээс хойд солонгосчуудад дүрвэгсдийн статус олгож, эсвэл БНСУ болон бусад улс орнууд руу аюулгүй зорчих боломжийг олгохыг хүссэн байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Өвгөн
(202.9.46.19) 2023-10-15 00:03Хятад хүнии увайгүй зан. Энэ муусайн үмхии хужаа нар үхэж далдраасай блээ..
Хариулах