Дивали баярын дараа Дели хотын агаар эрүүл мэндэд хортой түвшинд хүрчээ

Twitter Print
2021 оны 11-р сар 06-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

Дивали буюу Зулын наадмын дараа Энэтхэгийн нийслэл Дели хотыг утаа нөмөрч, тус хотын агаарын чанар эрүүл мэндэд хортой түвшинд хүрчээ. Энэтхэгийн засгийн газраас Дивали баярын үеэр том, жижиг салют, динамит зэргийг буудуулахыг хориглосон ч иргэд пүрэв гарагийн шөнөжин салют болон динамит буудуулж, агаарын нөхцөл байдлыг улам дордуулжээ.

Автомашины болон үйлдвэрийн хорт утаа, тоос тоосонцор, цаг агаарын онцлог чанарууд нь Энэтхэгийн Дели хотыг дэлхийн хамгийн бохир агаартай хотоор нэрлэгдэхэд нөлөөлжээ. Өвлийн улиралд хөрш мужуудад нь тариаланчид ногоо тариа тарих талбайгаа бэлтгэн өвс шатааж эхэлдэг ба үүнээс болж Дели хотын агаарын бохирдол өвлийн улиралд хамгийн дээд цэгтээ хүрдэг аж.

Үүнтэй зэрэгцэн Дивали баярын галын үеэр иргэд салют, динамит буудуулж, нөхцөл байдлыг улам дордуулдаг аж. Өнгөрсөн баасан гарагт Дели хотын агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ буюу PM2. 5 хэмжээ 999 үзүүлэлтэнд хүрсэн нь агаарын чанарыг шалгах төхөөрөмжийн хагийн өндөр үзүүлэлт аж.

Агаарын чанарын индексээр 0-50 гэсэн үзүүлэлт агаарын чанар сайн, 51-100 хэвийн, 101-200 бол бага бохирдолтой гэсэн үг бол үзүүлэлт нь 500-гаас давсан бол эрүүл мэндэд хортой гэсэн үг юм.

Энэтхэгийн засгийн газраас Дивали баярын үеэр салют худалдах, буудуулахыг хориглосон ч уг журам хотын оршин суугчдыг зогсоосонгүй. Баасан гарагийн өглөө Дели хотыг саарал утаа нөмөрсөн байсан ба иргэдэд хоолой нь загатнах, нүднээс нь нулимс гоожих зэрэг шинж тэмдэг ихээр илэрчээ.

Түүнээс гадна үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас авто замын ослууд гарч, хэд хэдэн хүн осолд өртөж, гэмтсэн байна.

Дэлхийн хамгийн бохир агаартай 30 хотын 22 нь Энэтхэг улсад байрлах ба Энэтхэгт агаарын бохирдлын улмаас жил бүр 1 сая гаруй хүн нас бардаг болохыг судалгаагаар тогтоосон билээ.

Сүүлд хийсэн судалгаагаар Энэтхэгийн хойд зүгт амьдардаг 480 сая иргэн дэлхийн хамгийн бохир агаараар амьсгалж байгаа нь тогтоогджээ.

Түүнээс гадна Дели хот агаарын бохирдлоо бууруулж, ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнд байлгаж чадвал Дели хотын оршин суугчдын дундаж наслалт 10 насаар нэмэгдэх боломжтой аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.