
Бусдын нэр төр, алдар хүндэд халдахаа зогсооё. Эрх зүйн мэдрэмжтэй иргэн байцгаая.
Монгол улсын иргэн Үндсэн хуульд заасны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Харин энэхүү эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хэрхэв ч халдаж болохгүй, нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг анхаарах нь зүйтэй.
Калифорни мужийн Сан Диегогийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн өдөрт (сэрүүн байх 12 цагт) дунджаар 105,000 үг, секундэд 23 үгийг утас, интернет, цахим шуудан, телевиз, радио, сонин, ном зэргээр дамжуулж хүлээн авдаг байна. Харин зураг, бичлэг, тоглоом зэргийг нэмснээр өдөрт дунджаар 34 GB мэдээлэл хүлээж авдаг гэжээ. Дээрхээс үзвэл энэ их мэдээ, мэдээлэл дунд амьдарч буй хүмүүс бид мэдээллийн үнэн, зөв байдал бодитой үнэлэлт өгч байх нь чухал юм. Мэдээллийн үнэн эсэхийг бүрэн нягтлаагүй, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас үүдэн санаатай, болгоомжгүй хэлбэрээр гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох тохиолдол гарч байна.
Мэдээллийн технологийн хурдацтай хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн цахим хэрэглээ нэмэгдэж, түүнийг ашиглан бусдын нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан шинжтэй илт худал мэдээллийг байршуулах, олон нийтэд түгээх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд цөөнгүй гарах болсон. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд энэ төрлийн гэмт хэргийг “Худал мэдээлэл тараах гэмт хэрэг” хэмээн хуульчилсан байдаг.
Худал мэдээлэл тараах гэмт хэрэг гэдэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” үйлдлийг ойлгох бөгөөд тус гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх хуулийн зохицуулалттай. Олон нийтэд тараасан гэдэг нь илт худал мэдээллийг 1 буюу түүнээс дээш хүнд тараасан байхыг ойлгоно. Уг гэмт хэргийн зорилго нь хүний нэр төр, алдар хүндийг гутаах, нийгэмд үнэлэгдэх зүй ёсны бодит үнэлгээг муутган, гажуудуулсан ойлголтыг тараахад чиглэгдсэн байдаг. Худал мэдээллийг өөрөө зохиосон, бусдаас санаа авсан аль болох нь хамаагүй гэмт хэрэгт тооцогддог.
Иргэд эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг олон нийтэд түгээх, өөрийн цахим хуудаснаа байршуулах, зүй бус сэтгэгдэл үлдээх зэргээр худал мэдээлэлд хууртаж энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болж байна. Алдарт зохиолч Марк Твений “Үнэнийг гутлаа өмсөх гэж байх хооронд, худал дэлхийн талыг туулж чадна” гэсэн үг байдаг. Нэгэнт тарсан худал мэдээллийг буцаан залрууллаа ч анх хүнд хүрсэн сэтгэгдэл бүрэн үгүй болдоггүй тул иргэн та мэдээллийн албан ёсны эх сурвалжийг нягтлах, бусдын нэр төр, алдар хүндэд үндэслэлгүйгээр халдахгүй байх, үнэн мэдээллийг гуйвуулж бусдыг эрсдэлд оруулахгүй байж энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болохоос зайлсхийгээрэй.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.