
Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа тул ханиад томуунаас сэргийлж өвчин эмгэггүй энэ өвлийг давж гарах нь чухал байнаа. Ханиад томуу гэснээс Ковидтой зэрэгцээд асуудал үүсгэх магадлалтай хэмээн үзэж байгаа тул сэрэмжлүүлэг болгох үүднээс дорх мэдээллийг орууллаа.
ТОМУУ БА КОВИД-19, "НЭГ ЗЭРЭГ ТАРХАХ" БОЛОМЖТОЙ ЮУ?
Дотоодод коронавируст халдварын (COVID-19) гурав дахь давалгаа бага зэрэг тайвширч буй мэт ажиглагдаж байгаа ч дараагийн буюу 4 дэх давалгаа хэзээ хэзээгүй эхлэх юм биш байгаа, үүнтэй зэрэгцээд энэ өвөл улиралын томуугийн тархалт ямаршуухан байх бол гэсэн асуудал эрүүл мэндийн салбарынхны санааг зовоож байнаа.
Монгол улсын Томуугийн Үндэсний Төв (ТҮТ)-өөс гаргасан 2021 оны 41 дахь долоо хоногийн мэдээгээр бол амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд ТТӨ 10,000 хүн амд 25.9, (Улаанбаатар 13.4, аймгийн дундаж 33.5) тохиолдол бүртгэгдэж, 16 хүртэлх насны 1,299 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 25.1% (326) нь Амьсгалын замын цочмог хам шинжээр хүндэрсэн байна.
Эндээс харахад хэдийгээр өмнөх жилүүдтэй харьцуулахад өвчлөл цөөхөн мэт байгаа боловч идэвхжлийн түвшинд байна гэдэг нь харагдаж байна.
Ядаж байхад ковидын нөлөөнөөс болоод тэр үү энэ жилийн улиралын томуугийн вакцин хүрэлцээ маш бага байх шиг санагдлаа. Монгол улс өнгөрсөн оны томуугийн улиралд PIVI (Partnership for Influenza Vaccine Introduction) болон ДЭМБ-ын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд мөн Засгийн газрын худалдан авалтаар нийтдэээ 600 мянга гаруй хүн тун вакцин хүлээн авч, зорилтот хүн амыг дархлаажуулсан тухай албаны мэдээ байдаг.
Харин энэ жил Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсан ба 09 дүгээр сарын 10 даас эхэлсэн вакцинжуулалтад бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс сайн дурын үндсэн дээр өрхийн эмнэлэгээр дамжуулан хамрагдах зохицуулалттай байгаа бөгөөд ийм хүнд хэцүү цаг үед олдсон цөөхөн вакцины маань хамрагдалтын түвшин харин ямар байгаа бол гэж бодогдоно.
Яагаад томуугийн вакцины хомсдолд оров?
Дэлхий дахинд түүхий эдийн хомсдол үүсч, вакцин үйлдвэрлэлийн түүхий эд, тоног төхөөрөмжийг коронавирусийн эсрэг вакцины үйлдвэрлэлд ашиглаж байгаа зэрэг асуудлуудын улмаас вакцины хуваарилалт, тээвэрлэлт, түгээлтийн системд хүндрэл учирч үйдвэрлэлт, нийлүүлэлт багасаж буурч байгаа төлөв байдал ажиглагдаж байна.
Гадаад улс орнуудын байдлаас харахад эдийн засгийн үйл ажиллагаанууд эргэн сэргэж байгаан улмаас тухайлбал Энэтхэг, Бангладеш улсуудад томуугийн өвчлөл өргөн хүрээгээр нэмэгдсэн тухай мэдээллүүд байна. Улс орнуудын хилийн хорио цээр тавигдах болвол эндээс улс орнууд руу томуугийн вирус зөөвөрлөгдөх нь ойлгомжтой.
Ийм нөхцөл байдал дунд томуу болон коронвируст халдвар нэгэн зэрэг тархах боломжтой юу. Энэ асуултад хамгийн түрүүн синдемик буюу давхцаж дэгдэлт гарах боломжтой гэж хэлж буй нь халдварт өвчнөөр мэргэшсэн эмч нар.
Томуугийн дэгдэлт гарах магадлалыг мэргэжилтнүүд дараах хоёр шалтгаанаар тайлбарлаж буй. Юуны өмнө дээр дурдсанчлан өмнөх улиралд дэлхий нийтэд томуугийн өвчлөл ховор байсантай холбоотойгоор сүргийн дархлаа тогтоогүй байх магадлалтай. Нөгөөх нь мөн дээр дурдсан гадаад хүчин зүйлүүд.
Энэ зун Энэтхэг, Бангладеш улсуудад тархсан томуугийн дэгдэлт хэрвээ хил дамнасан хөдөлгөөн сэргэвэл вирус дэлхий даяар тархах эрсдэл заналхийлж байна.
“ТОМУУ БА КОВИД-19” ТӨСТЭЙ БОЛОН ЯЛГААТАЙ ТАЛУУД
Томуу болон коронавирусийн халдвар (COVID-19) нь өвчний нэр нь ч өөр, өвчин үүсгэгч нь ч өөр өөр. Гэхдээ тэдний хоёуланд нь өөрсдийгөө хамгаалах арга хэрэгсэл зэрэг нийтлэг зүйл олонтой. Мөн энэ хоёр вирус хоёулаа дотроо олон төрөлтэй, бас хоёулаа халдварт өвчнийг үүсгэдэг.
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төв (CDC)-ийн мэдээллээс харахад томуу болон COVID-19 хоёулаа хөнгөн эсвэл хүнд хэлбэрийн байж болдог. Аль алинд нь ядрах, бие өвдөх, халуурах, жихүүдэс хүрэх, ханиалгах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илрэх ба COVID-19-ийн халдварын үед амьсгал давчдах, хамраас нус гоожих, үнэр амтны мэдрэхүй алдагдах зэрэг шинж илүү тохиолддог. Тиймээс "зөвхөн шинж тэмдгээр нь ялгахад бэрхшээлтэй". Үүнээс гадна халдварын зам нь ижил төстэй бөгөөд хоёулаа амьсгалын дээд замд үржиж, харилцан ярианы үед ханиалгах, агаарт цацагдсан дуслаар дамжиж халдварладаг (зураг).
Түүнээс гадна энэ хоёр өвчин хоёулаа халдварт өртсөн хүмүүс шинж тэмдэг илрэхээс өмнө нь бусдад халдвараа дамжуулдаг. Томуугийн вирүс өвчин эхлэхийн 1 хоногийн өмнөөс эхлсэн 7 хоногийн турш бусдад халдварлах өндөр эрсдэлтэй байдаг бол шинэ коронавирусийн хувьд өвчин эхлэхээс 2 хоногийн өмнөөс халдварлуулах эрсдэл өндөр байдаг бөгөөд энэ эрсдэл дор хаяж 10 хоног үргэлжилдэг болох нь тогтоогдсон.
Цаашилбал, хоёулаа үхэлд хүргэж болзошгүй. Мөн халдварт өртсөн тохиолдолд үзүүлэх нөлөө нь хүн бүрт маш их ялгаатай байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар "Томуу болон COVID-19 хоёрын нэг ялгаа нь бага насны хүүхдүүдэд үзүүлэх нөлөө юм. Бага насны хүүхдүүд COVID-19-ээр өвчлөх эрсдэл харьцангуй бага гэж үзэж байгаа бол Томуугаар өвчилсөн хүүхдүүдэд шинж тэмдэг нь илүү амархан хүндрэх талтай байдаг” гэнэ.
Нөгөөтэйгүүр, вирусийн халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдаг хүмүүсийн жагсаалтад зүрхний өвчтэй хүмүүс багтаж байна. Ялангуяа зүрх судасны өвчлөл бол Монгол хүн амын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог учраас нас баралтаас урьдчилан сэргийлэхэд томуугийн халдварт аль болох өртөхгүй байх, түүнээс урьдчилан сэргийлж вакцинд хамрагдах асуудал туйлын чухал. Томуу гэж оношлогдсноос хойш долоо хоногт зүрхний шигдээсийн эрсдэл зургаа дахин нэмэгддэг тухай судалгааны үр дүн 2018 онд The New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдсэн байсан ба судлаачдын хэлж буйгаар томуу болон COVID-19-ийн үүсгэгч вирус хоёулаа тромбоцит ялтасын үйл ажиллагааг нэмэгдүүлэх бөгөөд ингэснээр цусны бүлэгнэлийг бий болгодог.
Гэсэн ч аз болоход томуу болон COVID-19 нь халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ нь ижил юм. Маск зүүж, бие хоорондын зай барьж, гараа нэг удаад дор хаяж 20 секундээс доошгүй хугацаанд ойр ойрхон угаана. Тэгээд бас хоёулаа вакцинтай.
АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв (CDC) нь 12-оос дээш насны бүх хүмүүст COVID-19, 06 сараас дээш насны бүх хүмүүст томуугийн эсрэг вакцин хийлгэхийг зөвлөж байна.
Томуугийн эсрэг вакцин нь зүрхний өвчтэй хүмүүсийн нас барах эрсдлийг бууруулдаг болохыг харуулсан судалгааны дүн энэ оны 3 дугаар сард Америкийн Journal of the American Heart Association сэтгүүлд нийтлэгдсэн байсан.
Эх сурвалж: Siva H Yedlapati et al., Effects of Influenza Vaccine on Mortality and Cardiovascular Outcomes in Patients With Cardiovascular Disease: A Systematic Review and Meta-Analysis. Journal of the American Heart Association. 2021 03 16;10(6);e019636. doi: 10.1161/JAHA.120.019636.
Гэсэн хэдий ч вакцины үр нөлөөний талаар нийгэмд буруу, эмх замбараагүй ойлголтууд байсаар л байна. Вакцинд хамрагдаагүй эрүүл залуу хүмүүс вирусийн халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх магадлал бага байж болох ч вакцинд хамрагдсанаар бусдад халдвар тархаах эрсдэл нь хязгаарлагдаж, өндөр настан болон дархлааны хомсдолтой хүмүүс зэрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан ч түүнийхээ үр нөлөөг бүрэн олж авч чадахгүй байгаа хүмүүсийг хамгаалахад хүргэх учиртай юм. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрийнхөө тусын тулд биш бусдын төлөө вакцинжуулалтад хамрагдах зайлшгүй шаардлагатай байна.
Ялангуяа зүрх судасны эмгэгтэй хүмүүст томуугийн эсрэг вакцин болон Ковид-19-ийн эсрэг нэмэлт тунгийн вакциндаа идэвхитэй хамрагдахыг хүсье.
Ойдовын Батгэрэл Ph.D
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.