
"Монголчууд Путины үгэнд орохгүй байна" гэж гарчигласан нэгэн нийтлэлийг Александр Тарасов гэгч zabinfo.ru цахим хуудсанд нийтэлжээ. Тэрээр, Душанбед болсон гурван улсын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол улсыг ШХАБ-д элсэх ёстой, ингэж байж л яригдаад байгаа төслүүд дээр хамтарч болно гэдэг ойлголтыг хангалттай өгсөн. Харин Ц.Элбэгдорж түүний үгэнд орохгүй байна гээд, яагаад ингэснийг нь АНУ болон барууны орнуудын нөлөөтэй холбон тайлбарласан байна. Мөн транзит тээврийг Монголоор хийхийн тулд Байгалийн хязгаарын иргэдээ хохироох учир хүндхэн сонголт байх болно гэсэн санааг гаргажээ. Уг нийтлэлийг товчлон хүргэе.
Монголчууд юу хүсэв
Нэгдүгээрт, БНХАУ, ОХУ-ын хооронд хийгдэх төмөр замын тээврийг Монголын нутгаар дамжуулах асуудлаар Засгийн газар хоорондын гэрээ байгуулах. Энэ нь юу гэвэл, ОХУ, БНХАУ-ын хооронд хийгдэж байгаа тээврийн ихэнх хэсэг нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Байгалийн төмөр замаар биш, Наушки өртөөгөөр дамжин Монголын төмөр замаар тээвэрлэгдэнэ гэсэн үг.
Хоёрдугаарт, гурван талт уулзалтыг энэ ондоо багтаан Улаанбаатарт явуулах. “Монцамэ” агентлагийн дамжуулснаар энэ уулзалтын үеэр “ОХУ-аас БНХАУ руу тавигдах байгалийн хий дамжуулах хоолойн баруун чиглэлийг Монголын нутгаар дамжуулах тавих” асуудлыг хөндөх юм гэнэ. “Алтай” байгалийн хий дамжуулах хоолойг тавьснаар монголчууд хямд байгалийн хий хэрэглэх боломжтой болно. Монголын хэвлэлүүдэд бичиж байгаагаар энэ ажил бүтвэл Си Зинпинь, В.Путин нарын саяхан Монголд хийсэн айлчлалын хамгийн гол үр дүн болох гэнэ.
В.Путин юу хэлэв
Гурван улсын газар нутгийн байршил ойр учир дэд бүтцийн салбарт урт хугацааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг В.Путин онцолсон. Гэвч тэрбээр “Гэхдээ эхлээд олон улсын байдлын талаар хэдэн үг хэлэхийг хүсч байна. “Бид бүгд Төв болон Зүүн хойд Азийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн төлөө тэмцэж байгаа” гэж хэлсэн. Энэ үгээрээ, мөн “Гурван талт уулзалт цаашдаа ШХАБ-ын хурлын үеэр явагдаж байж болно” гэснээрээ тэрбээр Монголыг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болох ёстой гэсэн санааг илэрхийлсэн юм.
“Дараагийн уулзалт 2015 оны долдугаар сард Башкиртостаны Уфа хотод болно” гэснээрээ “Улаанбаатарын уулзалт” явуулахгүй гэдгээ Ц.Элбэгдоржид хэллээ. Энэ бол нэгдүгээрт.
Хоёрдугаарт, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн асуудлаар В.Путин маш сонин үг хэлсэн. Тэрбээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран ажиллах бидний төлөвлөгөө бол ОХУ, БНХАУ-ын нутагт шинэ төмөр зам барих явдал гэж хэлсэн. Надад энэ үг маш ойлгомжгүй санагдсан. Учир нь ОХУ, БНХАУ-ын нутагт “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэг сантиметр ч төмөр зам байхгүй шүү дээ. Гэхдээ Ц.Элбэгдорж орос хэлийг надаас илүү ойлгодог байлгүй дээ. Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах асуудал дээр В.Путин улайм цайм амаа хамхиад өнгөрсөн. Үүнийг би “Алтай” ч, “Сибирийн хүч” ч Монголын нутгаар явахгүй гэсэн үг гэж ойлгосон. Шалтгаан нь, ОХУ-ын Буриад, За Байкальскийн ашиг сонирхол Монголынхтой давхацсантай холбоотой гэж харж байна.
Гуравдугаарт, ОХУ-ын төрийн тэргүүн хэлсэн үгнийхээ төгсгөлд Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн.
Ц.Элбэгдорж юу гэж хариулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуд нь өөрсдийн ашиг сонирхлоо илэрхийлсэн. Үүнд нэгдүгээрт, гурван улсын удирдагчдын уулзалтыг Улаанбаатарт явуулж, Улаанбаатарын уулзалт гэж нэрлэх /Гэвч дараагийн уулзалт Уфад болно гэдгийг В.Путин өөрөө хэлсэн/, байгалийн хийн хоолой болон дамжин өнгөрөх тээврийг Монголын нутгаар хийх. Харин хамгийн гол асуудал болох Шанхайн хамтын ажиллаганы байгууллагын гишүүнчлэлийн тухайд, тэрбээр Монгол Улс ажиглагчийн байр сууриа бэхжүүлж, илүү идэвхижүүлэх байр суурийг баримтална гэсэн. Энэ нь В.Путины хэлснээс шууд зөрж байгаа хэрэг юм.
Монгол Улс хэтэрхий олон тийшээ харсан бодлого явуулж байна
Буриадын улсын их сургуулийн доцент Владимир Родионовын үзэж байгаагаар, Монгол Улс олон талт бодлого явуулахаар сонгож авсан нь илэрхий байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэх эхний алхам нь Бээжин, Москвагийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх, улмаар гуравдагч орнуудтай харилцаагаа ижил төвшинд явуулах боломж бүрдүүлэх явдал аж.
Гуравдагч гээд байгаа улс нь АНУ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн болох нь Улаанбаатар, Вашингтоны харилцааг муутгах уршигтай. ОХУ-ын монголч эрдэмтэн С.Г.Лузянины хэлснээр Монгол бол Төв Ази дахь АНУ, Японы гол холбоотон. Канадын судлаач Г.Бедески “Хэрвээ Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсчихвэл “Гуравдагч хөршийн бодлого” нь автоматаар хаагдана” хэмээн С.Г.Лузяинтай ижил утгатай байр суурийг илэрхийлжээ.
Оросын хэлц үгэнд “Монголчуудыг битгий тэжээ, тэд АНУ-ыг харж байгаа” гэж үг бий. Эрх баригчид энэ үгийг мартаж, монголчуудтай төмөр замын салбарт хамтарна гэж найдаж байна. Гэхдээ төрөлх Байгалийн хязгаарын эрх ашгийг зөрчихгүйгээр шүү.
Орчуулсан Х.Сайхан