Коронавируст 165 мянган хүнээ алдаад буй Энэтхэг улс вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна

Twitter Print
2021 оны 04-р сар 06-нд 11:08 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгт коронавирусын халдварын тохиолдлууд огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэдийг коронавирусын эсрэг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлжээ.

Өнгөрсөн ням гарагт тус улсад коронавирусын халдварын 100 мянган тохиолдол бүртгэгдсэн нь коронавирусын цар тахал эхэлснээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн их тоо байв. Энэ сарын 1-нээс эхлэн 45-аас дээш насны бүх иргэд коронавирусын эсрэг вакцинд хамрагдах боломжтой болсон ба зарим мужууд хэвлэл мэдээлэл, үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүсийг нэн түрүүнд вакцинд хамруулж эхэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Энэтхэгт коронавирусын эсрэг вакцины 80 сая тун хийгдсэний дийлэнх нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудад болон 60-аас дээш насныханд хийгдсэн байна. 60 сая гаруй хүн коронавирусын эсрэг вакциныхаа эхний тунг хийлгэсэн бол 10 сая гаруй хүн вакциныхаа 2 тунг хийлгээд байгаа аж.

Энэтхэгийн Уттар Прадеш муж сэтгүүлчид, банкны ажилтнууд болон хуульчдыг коронавирусын эсрэг вакцинд хамруулах тусгай аяныг эхлүүлжээ. Энэтхэгийн эрх баригчид ирэх 7-р сар гэхэд 250 сая иргэнийг коронавирусын эсрэг вакцинд хамруулах зорилт тавиад байгаа ч уг зорилгоо биелүүлэхийн тулд эрх баригчид дархлаажуулалтын аянаа эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг ажиглагчид онцолж байна.

Өнгөрсөн 1-р сараас эхлэн иргэдийг коронавирусын эсрэг вакцинд хамруулж эхэлснээр Энэтхэгт коронавирусын халдварын тохиолдлууд буурч, өдөртөө 15 мянгаас доош тохиолдол бүртгэгдэж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн 3-р сараас халдварын тохиолдлууд огцом нэмэгдэж эхэлсэн ба энэ нь иргэдийн сонор сэрэмж буурсан, шинжилгээ авах, хавьтагчдыг олж илрүүлэх ажил суларсантай холбоотой гэж үзэж байгаа аж.

Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Энэтхэгт коронавирусын халдварын 12 сая гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг вирусын халдварын улмаас 165 мянга гаруй хүн нас бараад байгаа билээ. Энэтхэгийн Эмийн хяналтын албанаас өнөөдрийн байдлаар Оксфордын их сургуулийн AstraZeneca компанитай хамтран бүтээсэн Ковишийлд вакцин, Энэтхэгийн Бхарат Байотех компанийн Коваксин зэрэг коронавирусын эсрэг 2 вакцинд зөвшөөрөл олгоод байгаа юм.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-india-56345591

Орчуулсан:

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.