Урвагч гэгдээд байгаа Р.Амаржаргалын “Хорьж болохгүй” 20 баримт

Twitter Print
2014 оны 11-р сар 13-нд 16:20 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчээр тодорсон хэдий ч дүрмийн бус гэгдээд байгаа УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг МҮДН фракцынх гэдэг. Гэсэн хэдий ч намынхан нь түүнийг “МҮДН-ийнх гэдэг ч аль фракцийг дэмжиж, аль фракцид харъяалагдаж байгааг мэдэхгүй” гэх. Тэгэхээр Р.Амаржаргал “бөөрөнхий” фракцийнх байх нь.

Олонх түүнийг Ерөнхий сайд болох ёсгүй хүн хэмээн шүүмжилж байна. Харин нөгөө хэсэгт нь түүнийг сайн хүн хэмээн амаа хазаарлалгүй магтаж байна. Түүнд алдаа дутагдал бий. Наад зах нь намынхаа эсрэг ажиллаж байсан гэх зэрэг. Юутай ч түүнийг хамгийн тодоор харуулдаг 20 баримтыг онцлон дурьдая.

1. Ардчилсан Холбоо эвслийн мандан бадралыг баллуурдав. Монгол Улсын Их Хуралд ардчилсан хүчин олонх болж чадсан 1996 оны сонгуулиар МҮАН, МСДН -ын Ардчилсан Холбоо эвсэлээс Р.Амаржаргал нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон юм. Түүнийг 1999 онд Ардчилсан намаас Ерөнхий сайд болгосон хэдий ч, юу ч хийлгүй байсаар УИХ-д 50 суудалтай байсан АН-ыг ганцхан суудалтай болгож, түүнээс хойш АН сэхэл авалгүй байсаар 2012 оны сонгуулиар олонх болсон нь энэ.

2. Шинэ зууны эхлэлийг дампуурлаар эхлүүлэв. Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Засгийн газарт ажил хийх, бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломж байсан. Гэтэл эл боломж эсрэгээрээ эргэж түүнийг Ерөнхий сайд байх үед банкнууд олноороо дампуурч, эдийн засаг хямарч байлаа. 1999-2000 оныг банкуудын дампуурлын гунигт он цаг гэж нэрлэж болно.

3. Намаасаа хөөгдөв. Мэндсайханы Энхсайханыг Ардчилсан намын дарга байх үед Р.Амаржаргал намынхаа дүрмийг зөрчсөн учир намаасаа хөөгдөв. Тэр үед Да.Ганболдыг Ерөнхий сайдад долоон удаа нэрийг нь дэвшүүлэхэд Ерөнхийлөгч Н.Багабанди зөвшөөрөөлгүй. Р.Амаржаргалыг дэвшүүлсэн. Нөхөд нь дэмжилгүй УИХ дээр унаж байлаа. Тэгэхээр намынхаа нөхдийн дотор ямар нэр хүндтэй байсан нь тодорхой. Харин тэрбээр цаг ямагт АН-ын эсрэг ажиллаж, цаг ямагт Ху нам буюу одоогийн МАН-д тус болж явсан учраас намаасаа хөөгдсөн.

4. 94 сая ам.доллар өрөнд оруулав. Р.Амаржаргал Ерөнхий сайд болоод гавьтай юм хийгээгүй. Харин улс орноо 94 сая долларын өрд унагаад буусан нэгэн.

5. Намынхаа эсрэг нэр дэвшив. Улс орноо өрөнд оруулж, намаа ялагдал хүлээхэд хүргэсэн тэрбээр нэг хэсэг усанд хаясан чулуу шиг сураггүй болж, болж 2004 онд гэнэтхэн гарч ирэв. Ирэх ирэхдээ УИХ-д нэр дэвшинэ гээд гараад ирсэн юмдаг. Гэтэл нөхөд нь түүнийг хүлээж авсангүй. Хүнд хэцүү үед сураг чимээгүй явсан тул нэр дэвшүүлэх боломжгүй гэж гашуун үнэнийг шулуухан хэлсэн. Гэтэл мань хүн намынхаа хүний эсрэг бие даан нэр дэвшиж байсан юм.

6. Дахин дэвшихгүй тойргууд. Тэр сонгогчидтойгоо буцаж ажилладгүй байнга тойргоо сольдог. 2004 онд Баянголд бие дааж нэр дэвшсэн. 2008 онд Ховд аймагт нэр дэвшиж УИХ гишүүн болсон. 2012 онд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж УИХ гишүүн болсон гээд л. Тойрогтоо тогтдоггүй шалтгаанаа “Томоор сэтгэдэгийнх” гэж тайлбарласан.

7. Намаасаа татгалзсан ч намынхан нь авч үлдэв. 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын даргын суудалд санаархаж З.Энхболдтой нам дотроо өрсөлдөөд ялагдав. Энэ үед тэрбээр гишүүнээсээ татгалзсан, бас намаасаа ч татгалзав. Харин намынхан түүнийг эв нэгдэлтэй, нэгдмэл байдал чухал учраас намдаа үлдэхийг хүссэнээр тэр АН-ын гишүүн хэвээр үлдсэн юм.

8. Мартсанаа санав. З.Энхболдод ялагдаж УИХ-ын дарга болж чадаагүй тэр цагаас хойш УИХ дахь АН-ын бүлгийн хурлыг ор тас мартсан. Гэтэл Ерөнхий сайдыг тодруулах “сонгон шалгаруулалтын” сургаар бүлгийн хурлаа санаж анх удаагаа бүлгийнхээ хуралд нүүр дүүрэн мишээл тодруулсаар суухыг  олон түмэн анх удаагаа харав.

9. Тэр архаг таслагч. Тэр дан ганц бүлгийн хурлаа ч ор тас мартсан юм биш. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын чуулганыг мартаж хааяадаа санадаг бололтой. Сонгуульт хугацааны хагасыг нь “Эрхэм гишүүн” гэсэн нэртэйгээр туулсан ч УИХ-ын чуулганд 5-хан удаа суужээ.

10. Шинэ рекорд. 2012 оны сонгууль түүнийг залхаасан бололтой. Ямартай ч 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсноосоо хойш ганц ч хуулийн төсөл санаачлаагүй байна. Энэ бол УИХ-ын “архаг” гишүүн хуулийн төсөл санаачлаагүй шинэ рекорд.

11. Ерөнхийлөгчийн нутгийнх. Тэрбээр Ховд аймгийн Зэрэг сумынх. Гэсэн ч тэр өвөг дээдсээ Ховд нутгаас гаралтай. Өөрөө бол  Сүхбаатар дүүргийн II амаржих газарт   мэндэлж, Найрамдалын районы Маахуур толгой хавьд бага насаа үлдсэн гэдэг.

12. Ерөнхийлөгч болох дуртай. Тэр Ерөнхийлөгч болох дуртай. Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч гэх албан тушаалыг хашдаг. Түүнийг “Морь” Ганболдын дотны найз. 

13. Багш Р.Амаржаргал. Энэ хүн бол Эдийн засагч хүн биш, Улс төрийн Эдийн засгийн, Социализмын үеийн эдийн засгийн, Экономиксийн багш. Үзэл сурталжсан Эдийн засгийн ухааны багш гэх нь оновчтой. 1983 - 1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд багш, 1990 - 1991 онд Техникийн Их Сургуульд багш, 1991 - 1996 онд Эдийн засгийн коллежийн захирал хийж байв.

14. Удирдах зөвлөлийн дарга. Одоогийн Санхүү-Эдийн засгийн дээд сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг. Өдгөө Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга.

 

15. Түүнийг журмын нөхөд нь ингэж тодорхойлов. Л.Бямбажаргал: Би Р.Амаржаргалыг 1990 оноос хойш мэднэ. Гэхдээ Р.Амаржаргал гишүүн Монголын ардчилалд яг юу хийсэн юм гэдгийг нь хэлэхэд хэцүү. Нэг удаа Ерөнхий сайд хийсэн. Ерөнхий сайд хийхдээ “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэдэг л болсон. Тиймээс би Р.Амаржаргалыг сайн багш хүн л гэж боддог. Улстөрч, тэмцэгч гэдэг зүйл бол  байхгүй байх. Тойрог авах гэж бөөн юм болж байж авсан. н.Нямхүүг Увс руу хөөж байж УИХ-ын гишүүн болчихоод одоо ингэж ярина гэдгийг нь хувь хүнийхээ хувьд ойлгохгүй байгаа.

16. Намаа нулимаад, засгаа унагаагаад явсан хүн. Х.Тэмүүжин: Намаа нулимаад, засгаа унагаагаад явсан хүмүүс намын нэрээр засаг толгойлох нь зөв зарчим биш гэж би үзэж байна.

17. Түгжил хоч нэмэв. МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах албан бичигт гарын үсэг зурж, намынхаа эсрэг кноп дарснаар АН-ын 8-н “Түгжил”-ийн нэгээр тодров.

18. Боловсрол. 1978 онд Нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль, 1982 онд ЗХУ-ын Москва хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, Эдийн засагч мэргэжлээр, 1995 онд Их Британийн Брэд Форд их сургууль тус тус төгссөн.

19. Р.Амаржаргалд одоо АН хэрэггүй. Р.Амаржаргал гишүүнийг намаасаа, УИХ-ын гишүүнээсээ татгалзаж байх үед намынхан нь түүнийг ингэж л дүгнэж байв. “Амаржаргалд одоо АН хэрэггүй. Тэр намаас Ерөнхий сайд болж үзлээ, УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Нам түүнд чамгүй зүйл өгсөн. Харин одоо өр рүү нь өшиглөх цаг болсон гэж үзсэн байна”.

20. УИХ-ын гишүүний суудал бол Р.Амаржаргал гишүүний өмч биш. Түүнийг УИХ-ын гишүүнээсээ татгалзахад АН-ныхан ингэж л хэлж байсан. Ард түмний итгэлийг алдахгүй ажиллана гэчихээд, арга тасарч намаасаа явах шийдвэр гаргахдаа бас л сонгогчдынхоо итгэлийг ч алдах дээрээ тулж ийм шийдвэр гаргасан ч намынхан нь аваад л үлдсэн. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.