Өрөвдөх тусам өр лүү өшиглөх, авч идэхийн шунал нь дийлддэггүй ах дүүсийг дийлдэг засаг цааз, хууль цагдаа гэж байна уу?!

Twitter Print
2021 оны 11-р сар 07-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

ХЭДЭН ШОРВОГ ҮГ

Өнөөдөр Дагваа намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэсэн шиг аархаж, алд биенийхээ хэмжээгээр сэтгэж, жалга дов, овог угсаагаар талцан дайсагналцдаг новшийн үзлийг улам дэвэргэж, ална шудна гэж амьтан хүн рүү агсарч, аль мууг үлгэрлэж байна! Хувь хоорондын үл ойлголцлоо өвөр зуураа шийдэж чадахгүй, дэвэн дэлхийгээр нэг хараал зүхэл ханхлуулж, ёсгүй авирлаж байгааг нь түмэн олон харж, жигшин зэвүүцэж байна!

Сумогийн аварга болж, монголчуудаа баярлуулахад нь баяд, буриад, халх, дөрвөд, гадаад, дотоодгүй л монголчууд бүгдээрээ дэмжсэн, мандуулсан, хамаг байдаг шагнал, хүндэтгэлээ харамгүй өгсөн, хайрлахын дээдээр хайрласан. Өөрийн тавьтиргүй, ааг омгоо багтааж ядсан авираасаа болж, өмнөхөөсөө илүү, өчнөөн сайхан амжилт гаргах боломжоо тэр өөрөө л үгүй хийсэн.

Сумогоос шившигтэйгээр хөөгдөөд ирэхэд нь эвий хөөрхий минь, эр нэг алдаа л биз гээд, эрхлүүлж бөөцийлж аваад, хөл дээр нь босгосон, хөөрхий, цайлган нь дэндсэн ард түмэн нь!

Олонд танигдсан алдраараа түрий барьж, цагийн сайханд баригдсан, хуучны яс сайтай, циркийн барилгыг мэнэжментийг нь сайжруулна, улам гоё болгоно, мандуулаад өгнө гэж хошхируулж байгаад л хувьдаа авсан. Гэтэл сахил хүртээд шал дордохын үлгэрээр, сайжруулж додомдох битгий хэл үндсэн барилгыг нь дотроос нь цөмлөн, даацын тулгуур бүтцийг нь нураан, суурь хавтанг нь ховхолж, бат бэхийг нь бүрмөсөн алдагдуулж, хэзээ мөдгүй цөмөрч нурж мэдэх балгас болгоод, 80 жилийн түүхтэй Монгол Циркийн голыг нь тасалж орхив! Энэ нүглийг нь Монголын ард түмэн хэзээ ч уучлахгүй!

Ахтайгаа нийлж, түмний мөнгийг хувийн банкаараа зувчуулаад үгүй хийсэн хэрэг ч дуулдана. Хөөрхийлөх тусам даврах, өрөвдөх тусам өр лүү өшиглөх, авч идэхийн шунал нь дийлддэггүй, ах дүүсээрээ төрийг зайдалж, түмнийг дарлаж суудаг, ална шудна гэж заналхийлсэн, яс угсаагаар ялгаварлаж, цадиг замбараа, эрээ цээрээ алдсан, хүүхэд залууст муугийн үлгэрийг үзүүлсэн, балмад танхай энэ этгээдийг дийлдэг засаг цааз, хууль цагдаа гэж байна уу?!

Алийн болгон энэ мэт амьтаст дарлуулж суух ёстой юм бэ?! Яаралтай комисс томилж, мэнэжментийн гэх гоё үгээр халхавчилсан боловсон дээрмийн гэрээний биелэлтийг хянан үзэж, улсын үнэ цэнтэй барилга, газрыг энэ хүнээс салгаж аваасай! Хууль номоор дийлдэггүй юм бол Салхитын ордыг авдаг шиг, тусгайгийнхныг дайчилж байгаад, хүчээр авах хэрэгтэй!!! Түмний хөрөнгө, улсын баялгаар ингэж ч тоглуулдаггүй байх аа!

Алдар нэрд гарах сайхан ч, түмний хайр хүндлэлийг зөв дааж, ариглаж гамнахгүй бол хямдхан шаазан шиг хэврэг, нэг л өдөр ганцхан үгнээс болж хамх үсэрдгийг санаж яваасай! Түүний амжилт, гавьяаг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч бахархаж, бахдаж байсан ард түмэн чинь одоо чиний энэ эрээгүй бүдүүлэг, цаддаггүй шунахай, ёсгүй балмад байдлаас чинь залхаж, чамайг жигшин зэвүүцэж, үзэн яддаг болсныг чи ер нь анзаарахгүй л явах шиг! Нөлөөгүй, үнэний толинд нүдээ нээгээд, өөрийгөө нэг сайн хар даа, дүү минь! Түмний буяныг ингэж ч эдлэхгүй байх аа, хүүхээ!

Л.Мөнхтөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.