Дэлхийн 4 хүн тутмын 1 нь 2022 он хүртэл КОРОНАВИРУСИЙН ВАКЦИН хийлгэх боломжгүй

Twitter Print
2020 оны 12-р сар 30-нд 09:14 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Жон Хопкинсийн нэрэмжит Блумбергийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид дэлхийн 4 хүн тутмын 1 нь ирэх жилийг дуустал коронавирусийн эсрэг вакциныг тариулж чадахгүй байх магадлалтай тухай судалгааны дүгнэлт гаргасан тухай Ройтерс агентлаг дурджээ.

Эх сурвалж: https://uk.reuters.com/article/idUKL4N2IV3LD

Коронавирусийн эсрэг шинэ вакцин хөгжүүлэлт хийгдэж, ар араасаа үйлдвэрлэгдэн гарч ирж байгаа боловч дэлхийн нийт хүн амын 4 хүн тутмын 1 нь ирэх 2022 он хүртэл коронавирусийн эсрэг вакциныг тариулж чадахгүй болох нь судалгаагаар нотлогджээ. АНУ-ын Жон Хопкинсийн нэрэмжит Блумбергийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид дэлхийн нийт хүн амын 15 хүрэхгүй хувийг эзэлдэг баян чинээлэг улс орнууд хамгийн найдвартай гэгдэж буй вакцины 51%-ийг өөрсдийн болгосон байгаа учраас дэлхийн хүн амын бараг 25% нь дор хаяж 2022 он хүртэл вакцинд хамрагдахгүй байх магадлалтай гэж үзжээ.

Судлаачид эдгээр баян чинээлэг орнуудын хүн ам болох 15% -ийг эс тооцвол үлдэж буй нийт хүн ам болох 85% нь вакцины үлдэгдэл 49%-ийг хувааж хүртэх болж байгаа тул дээр дурдсан үр дүн гарч байна хэмээн тайлбарласан байна. Мөн судлаачид цар тахлын дэгдэлтэнд үр дүнтэй хариу арга хэмжээ авья гэж байгаа бол дээрх баян чинээлэг орнууд коронавирусийн вакциныг дэлхий нийтээр эрх тэгш тараах ёстой гэж үзэж байгаа аж. COVID-19 вакциныг дэлхий нийтээрээ хийлгэх эсэх нь эргэлзээтэй байгаа явдал нь хараахан дуусаагүй эмнэлзүйн туршилтууд үргэлжлүүлэн хийгдэж байгаа шалтгаанаас гадна Засгийн газрууд болон вакцин үйлдвэрлэгчид эдгээр зохицуулалтийг хийх талаар илүү ил тод, хариуцлагатай хандаж чадахгүй байгаатай холбоотой гэж үзэж байгаа юм байна.

11 сарын 15-ны байдлаар АНУ зэрэг чинээлэг орнууд вакцин хөгжүүлэлтээр тэргүүлж яваа 13 вакцин үйлдвэрлэгчээс 7.5 тэрбум тун тарилга вакцин захиалчихсан байгааг судалгаанд дурдсан байна. Ийм байдлаар Япон, Австрали, Канад зэрэг чинээлэг хөрөнгөтэй орнууд нийт 1 тэрбум тун вакцин өөрийн болгохоор захиалга хийгдсэн байгаа бол дээрх улс орнуудад тохиолдож байгаа COVID 19 халдвар нийт халдварын зөвхөн 1 хүрэхгүй хувийг эзлэж байгаа юм. Ройтерс агентлагийн тэмдэглэснээр, томоохон үйлдвэрлэгчдийн вакцин хүлээгдэж буй үйлдвэрлэлийн хүчин чадалд хүрсэн ч дэлхийн хүн амын бараг 25% нь вакцинаа 1 жил ба түүнээс дээш хугацаанд тарилга хийлгэх боломжгүй байж магадгүй. People’s Vaccine Alliance холбооноос өнгөрсөн долоо хоногт эмийн үйлдвэрүүдийг ДЭМБ-аар дамжуулан технологи, оюуны өмчийг нээлттэй хуваалцах замаар илүү их тун вакцин үйлдвэрлэх шаардлагатай байна гэж мэдэгдсэн. Жон Хопкинсийн судлаачид ДЭМБ-ын COVAX хөтөлбөр зөвшөөрөгдсөн вакциныг илүү тэгш хүртээмжтэй байлгахад чухал үүрэг гүйцэтгэх магадлалтай хэдий ч 2021 оны эцэс гэхэд хамгийн багадаа 2 тэрбум тунг тарина хэмээсэн зорилтондоо хүрэхгүй, дөнгөн данган 500 сая тун тарилга олж авах байх гэж үзэж байгаа юм байна.

Энэ оны 4 сард эхэлсэн COVAX дэлхийн хэлэлцээр нь COVID-19 вакцины хөгжүүлэлт, үйлдвэрлэлийг түргэтгэх, дэлхий даяар эрх тэгш түгээхэд чинээлэг орнууд болон ашгийн бус байгууллагуудын санхүүжилтийг нэгтгэх зорилготой юм. Жон Хопкинсын судалгаагаар бол одоогоор нийт шаардлагатай санхүүжилтийн талыг нь олсон байгаа бол вакцин хөгжүүлж үйлдвэрлэх томоохон төлөөлөл болох АНУ, ОХУ зэрэг улсууд хараахан оролцоогүй юм байна.

Жич: Манай улс хаанаас? хэдэн тун вакцин? хэзээ авах вэ? Манай улс шинэ коронвирусийн вакциныг дараах арга замаар олж авахаар яриа хэлцэлүүд хийгдэж байгаа тухай албаны хүмүүс ярьсан

1. ДЭМБ-ийн шугамаар олон улсын COVAX хөтөлбөрт хамрагдах замаар (уг санаачилгад 172 улс нэгдсэний нэг нь манай улс, мөн энэ талаар Дэлхийн банкнаас дэмжлэг авах юм байна)

2. Вакцин хөгжүүлэлтээр тэргүүлж байгаа улс орнуудтай гадаад хамтын ажиллагааны шугамаар яриа хэлэлцээр хийх замаар (Орос, Хятад, АНУ гэх мэт)

3. Вакцин хөгжүүлж үйлдвэрлэгч байгууллагуудтай шууд харилцаа үүсгэх замаар (AstraZeneca гэх мэт) Эхний ээлжинд хүн амын 20 хувьд хийх тун тарилга олж авах тухай яригдсан. Харин хэзээ вэ?...

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.