Ээждээ бичсэн захидал: Арав гаруй жилийн өмнө анхааруулга болон ирсэн зүүд

Twitter Print
2020 оны 03-р сар 09-нд 16:27 цагт
Мэдээний зураг,

МҮОНРТ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдааны тэргүүн байрт Улаанбаатар хотын оролцогч Э.Баярсайханы ээж Л.Нэргүйдээ бичсэн захидал шалгарчээ. Түүний захидлыг уншигчиддаа хүргэж байна. 

Арав гаран жилийн өмнө анхааруулга болон ирсэн зүүд 

Үл ялигхаан салхитай тэр өдөр, цонхоор тусах нарны гэрэл цоо ширтэх мэт надруу тэмүүлж залхуу дургуйг зэрэг хүргэх тэрхэн агшинд “Миний хүү үүдний дэлгүүр ороод 100 грамм ургамлын тос зээлээд ир, ээж нь байгаа жаахан гурилаараа гоё цуйван хийж өгье” гэх ээжийн аажуухан хэлсэн тушаал уур дургүйцэл хоёрыг хөдөлгөж, угаас таагүй хэвтэж байсан би зугтаан гарахын түүс болж “Чадахгүй! чадахгүй! дуртай юм бол өөрөө явахгүй юу” гэж орилоод хавар намартаа өмсдөг ганц бор куртикээ хайгаад олсонгүй.

Урьд шөнө найзуудтайгаа тоглож байхад ээж гэж нэг юм лай болж ирээд “Харья аа миний хүү” гэхэд нь бөөн уур болж элдвээр хэлээд хаяад гүйсэн. Гэрт орж ирээд үүдний өрөөсөн хөлгүй бор сандал дээр л тайлаад орхисон доо. Хаа сайгүй хайгаад олсонгүй. Гэтэл угаалгын өрөөнд хүйтэн воктой усанд хуучирч муудсан нидрүүлгэн дээр дутуу угаан орхижээ, “өмсөж байгаа хувцсыг минь юм л бол аваад угаачихна та ямар ядаргаатай юм бэ” гэж хоолойныхоо бядаар орилчихоод хаалга саван гарлаа. Ийм үед яваад очихоор амар тайван байдаг газар бол хойд байр.

Ямар ч үед гүйгээд очиход найзуудаас маань нэг хоёр нь байж л байдаг юм. Санаа амарч балгас болсон байшингийн дээр элдвийг хуучилсаар нэг л мэдэхэд оройн бүрий оржээ. Гэтэл гэнэт яаж гарч ирсийм бүү мэд ээж хажууд ирчихсэн “Миний хүү даарчихлаа ээж нь куртикийг нь хатаачихсан май өмсчих” гэхэд нь ээжээрээ халамжуулсан жаахан банди шиг харагдахгүй гэсэндээ “Та ямар ядаргаатай юм бэ зайлаач” гээд хөөлөө. Ашгүй олон юм ярилгүй цааш эргээд явахад нь “Лайтай лайтай, манай ээж төвөгтэй юмаа” гэчихээд өмнө нь ярьж байсан охидын тухай яриагаа үргэлжлүүллээ. Цаг нилээд орой болж гэртээ харьцгаахаар болов. Орцны үүдэнд түргэний машин байхаар нь дээд давхарын настай өвөөгийн бие мууджээ гэсэн юм бодоод орлоо. Хаалга онгорхой байх юм. Яваад ороход гэр дулаахан, ширээн дээр тавагтай цуйван уур нь савсана.... Ороод ирэхэд “өө миний хүү ирэв үү” гэх өдөр бүр давтагддаг үг үгүй.... Гайхлаа... хэлэхээр нь уурладаг хэрнээ хэлэхгүй болохоор, угтахгүй болохоор нь бүр уур хүрлээ...

Гэнэт шатан дээр зөрсөн эмч нарын дамжлан гарч байсан хүн, Ээж... ээээээээээжжж.... ээж байна гэж бувтнаад гарч гүйхэд түргэний машины арын гэрэл байр тойрон эмнэлгийн зүг эргэжээ. Араас нь даган гүйсээр... Нэг л мэдэхэд сэхээн амьдруулах тасгийн үүдэнд юу болоод байгааг ч мэдэлгүй 4 цаг гаран суучихаж. Сая нэг юм эмч гарч ирлээ. Намайг асуухаас урьтаад “Уучлаарай миний дүү ээж нь бүтэн харвалт өгсөн нэг их удахааргүй байна, Хэт их хямралаас болжээ. Миний дүү сэтгэлээ бариад орж уулз даа уучлаарай” гэв. Нүүр лүү хүнд юмаар дэлсэх шиг, зүрх рүү хурц зүйлээр сийчих шиг ухаан балартаж, уураг тархи үл итгэлийн горимоор ажиллаж эхэллээ. Хаалгаар яваад ороход халцарч дутуу арилсан хумсны будагтай, хатаж хорчийсон үрчгэр хоёр гараа цээжиндээ давхарлан тавьжээ. Энэ гар... энэ гар л намайг орчлонд хамгийн анх тэврэн хайр энэрэлээр түшсэн шүү дээ. Хөхөрч хөрсөн уруул нь чимчигнэн байж арай хийн сүүлийн амьсгаагаараа эцсийн үгээ  хэллээ.

Нэг мэдэхэд би гэрээ чиглээд алхаж явлаа. Цэцэрлэгийн 2 багш зөрж өнгөрөхдөө нэг нь “Хөөе! Ээжийгээ өрөө өг гэж хэлээрэй! гуйж гуйж авчихаад өгөх гэж ямар уддаг юм ядаргаатай юм зүгээр!” гэхэд хажуух нь бас “харин тийм надад ч бас өртэй хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг балайр юмнууд” гээд зөрлөө. Хувь хүмүүсээс гадна ойр хавийн бүх дэлгүүрт ээж өртэй, ээж ч гэж дээ би... би өртэй. Ээж минь намайг өлсөх вий гэж хоолны юм зээлж, намайг даарах вий гэж хүнээс хувцасны мөнгө зээлсээр өдий болж. Энэ их өрний дунд, яаж хүнийг царайчилж, яаж зовж явсныг нь би даанч ухаарсангүй. Албатай юмшиг хоолыг нь голж, ажилтай юм шиг үл тоож явж. Гэртээ орлоо... Цэвэрхэн, дулаахан хэрнээ хоосон. Одоо би яах вэ,... би яах вэ... би яах вэ ... 2 өрөөний хооронд хий алхсаар л байлаа. Угаалгын өрөөндөө орлоо. Хүйтэн усанд угаахаар зэхсэн миний хувцаснууд, гараа дүрээд үзлээ. Ээж минь яаж ийм хүйтэн усанд өдөр бүр миний хувцсыг угаадаг байсан юм болоо... дахин уйллаа. Ангийнхнаасаа хамгийн цэмцгэр нь гэж онгирч байхдаа ээжийгээ нэг ч бодож байгаагүйдээ өөртөө дургүй хүрэн шимширлээ. Одоо надад юу ч байхгүй, Одоо надад хүсэл ч байхгүй, Би хашгирлаа, уйллаа, өөрийгөө алгадаж, өөрийгөө зүхлээ... ээжийгээ хайрлаж чадаагүйдээ харамсаж “Ахиад, ахиад би таныхаа хүү болж төрнөө ээжээ, тэгээд би алдсан бүхнээ засаад сайн хүү байж таныгаа мөнхөд хайрланаа ээжээ, ЭЭЖЭЭ ЭЭЖЭЭ ЭЭЖЭЭ ЭЭЖЭЭ”  

... Хамаг хөлс цуваад хацар дагаад шүлс гоожжээ, бас нүдэндээ нулимстай, ......ЗҮҮД ... энэ зүүд байж. Хэмжээлшгүй ихээр баярлан хөөрч цуйван хийн зогсох ээждээ гүйн очиж сөхөрч суугаад яг л жаахан хүүхэд шиг цурхиран уйллаа. Үхлээс тань бусад нь бодит амьдрал байсаан ээжээ... Хүүгээ уучлаарай таныхаа хийсэн бүхэнд баярлалаа. Зүүдэнд минь хэлсэн эцсийн үгэндээ хүртэл та миний өмнө буруутай юм шиг “УУЧЛААРАЙ” гэж хэлсэн. Үгүй ээ ээжээ та минь хүүгээ уучлаарай. Мөхөсхөн тэнэг хүүд нь бурхан сануулга болгон зүүд илгээсээн. Би таныгаа үүрдийн мөнхөд халамжлан хайрланаа ээжээ. Зүүдэнд минь сүлэлдсэн 4 мөртөө хүү нь таньдаа зориулан уншьяа.                                            

Өглөө бүр үнсээд сэрээдэг ээжийгээ би, унтдаггүй гэж боддог байсан            

Өчнөөн олон хиртэй хувцас хүйтэн усанд гараараа угаахад нь, дуртай юм байна гээд хайхардаггүй байсан

Өөдөөс нь сөрөхөөр дуугүй болчихоор нь, надаас айж байна гээд бардамнадаг байсан

Ээжээ хүү нь таньдаа хайртай.

2020 он.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.