Монгол ардын уртын дуу “Тунамал”-ын домог

Twitter Print
2020 оны 09-р сар 21-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Эрт дээр үед Далай Чойхор вангийн хошууны ноён Манжийн хааны охиныг авч их хатнаар өргөмжлөн авч, олон жил өнгөрсний дараа нутгаасаа залуу хатан авчээ.

Тэгтэл их хатан нь бага хатныг хатуурхан нүд үзүүрлэн хөөх болсон тул бага хатнаа төрхөмд нь буцаахын өмнө Ноёнхангай рашаанд амрахаар албатуудын хамт явуулжээ. Хэд хоногийн дараа ноёнтон бага хатнаа эргэхээр өөрийн унах дуртай хөлөг болох тунамал улаан өнгийн жороо морио унаж, албатаа дагуулан нутгаасаа гарч явахдаа саатан, сархадаасаа хүртэн явсаар нэлээд халамцаж ийм нэгэн дуу зохиожээ.

Тунамал өнгөт улаан чинь

Хүлгийн лаа шинж бүрдсэн

Тансаг мэлмийт тэр минь

Дагтлаа шинж бүрдсэн

Бэх хар нүдтэй

Билгүүн хурц ухаантай

Танан цагаан шүдтэй

Талбай цагаан царайтай

Час улаан хацартай

Зургийн хөөрхөн хөмсөгтэй

Алиа хөөрхөн өнгөтэй

Амраг хөөрхөн ааштай

Тэх цагаан хувьтай

Тэнгэр их заяатай

Хөөрхөн төрсөн хүүгийг минь

Хүн яагаад шоолоо вэ

Хун төөрөм будантай

Хулан сонгом хувьтай

Хувьтай төрсөн хүү минь

Хурдан яваад хүрээрэй

Бодсон бодол болсонгүй

Болзоо тавиад салъя

Үүрд үгүй болов чиг

Учрахын ерөөлийг Тавья...

гэж өөрөө дуулан явахад нь дагалдан яваа хүмүүс дагаж дуулсаар цээжлэн тогтоожээ. Энэ дууг сонссон нэгэн гэгээн хожим нь нутгийн өвгөн хуурчаар уртын дууны ая оруулан ноёнтонд өөрт нь дуулуулснаар ноёнтон "Тунамал" хэмээх уртын дуугаа найр болгонд дуулж яваарай хэмээн айлтгаснаар энэ нутагт өргөн хүрээтэй дуулагддаг болсон гэдэг. Ингэж Монгол ардын уртын нэгэн дуу бий болж. Энэ дууг Тэрхийнхэндээ уртын дууч Дамдинжавын Ванданцэрэн сайхан дуулдаг байв...

Д.Бүдрагчаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.