
Йемений Тайз хотын сургууль 2016 онд хуситын босогчдод эзлэгдэж нурж балгас болсон ч зуу зуун хүүхдүүд өдөр бүр сургууль руугаа хичээлдээ явсаар байна.
Иргэний дайны уршгаар нурж балгас болсон тус сургуулийн багш нар ямар ч цалин хөлсгүй ажиллаж байгаа ба багш нь ажилдаа ирээгүй үед 9 настай Ахмед багшийнхаа оронд хүүхдүүдэд хичээл заадаг байна. Төрөлхийн харааны бэрхшээлтэй Ахмед өөрийнхөө мэддэг хичээлүүдээсээ хүүхдүүдэд зааж өгдөг ба түүний хувьд Коран судар болон байгалийн ухааны хичээл заах нь илүү амар байдаг гэжээ. Тэрээр БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа, "Бид шинэ ширээ сандал, шинэ самбар, гэрэлтэй шинэ сургуультай болмоор байна.
Нар салхинаас хамгаалах хаалга, борооноос хамгаалах цонхтой болоосой гэж хүсч байна." хэмээн ярьжээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаагаар Иргэний дайны улмаас Йемений 5 сургууль тутмын 1 нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болжээ. Ахмед хүүгийн сургуулийн хувьд багш нар нь хүүхдүүддээ сурч боловсрох боломжийг нь олгохын тулд сургуулийнхаа нурсан барилгад хичээлээ заасаар байна. Ахмедын сургуулийн ойр орчимд одоог хүртэл буун дуу сонсогдох ба Ахмед, "Буун дуу үргэлж сонсогддог. Буун дуу сонсохоор надад яг үхэх гэж байгаа юм шиг санагддаг." хэмээн ярьсан бол Ахмедын сургуулийн нэгэн сурагч, "Бид буун дуунаас айдаг бас тэсрэх бөмбөгнөөс айдаг.
Бид сургууль руугаа аюултай замаар явдаг, буцаад тэр замаараа гэртээ харьдаг. Найзуудтайгаа уулзах гэж, юм сурах гэж бид сургуульдаа явдаг. Бурхан хүсвэл бид том болоод эмч ч юм уу ямар нэг мэргэжилтэй хүн болно доо. Бидний хувьд сургуульд явах нь үргэлж л аюултай байж ирсэн." хэмээн ярьжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.