Өрнө дорнын ойлгомжгүй хошигнол

Twitter Print
2014 оны 11-р сар 14-нд 12:42 цагт
Мэдээний зураг,

Жил жилийн зул сарын өмнө тив дэлхийн хэвлэл мэдээллүүд оны тэнэг үйл явдлуудыг түүвэрлэж, элэглэх уралдаан эхэлдэг бөгөөд бүтэн сарын өмнөөс эхэлдэг уг уралдааны явцад хүний санаанд оромгүй тэнэг явдлууд олон гардаг байна. Их Британий  Independent цахим хуудас тэдгээр саваагүй олон мэдээллээс аль оновчтой, олон хүн хууртсаныг нь түүвэрлэн авч тавьсан аж. Энд нэг зүйл анхааруулахад өрнөдийнхөн, ер нь өөр улс үндэстнүүдийн наргиан Монголчууд бидэнд тэр бүр ойлгогдохгүй, бодоод бодоод инээдтэй зүйл олдохгүй байх явдал олон байдаг. Учир нь бид хошин шогийн маш нарийн өндөр мэдрэмжтэй улс. Үүнийг доорхи “наргиануудаас” харахад ойлгомжтой.

1. "Шотландийг Германы Герцог захирах болно". Энэ сэдвийг хэд хэдэн хэвлэл шүүрч авсан байна. Тухайлбал, “The Times”, Саксоны Герцог Фердинанд Шотландын тусгаар тогтнолын талаарх санал зөрөлдөөнийг анхааралтай ажиглаж байна. Учир нь тэрээр Стюартын удмынханы сүүлчийн хааны угсаа залгамжлагч юм гэж бичсэн байна. Харин уг мэдээллийн зохиогчын нэрийг Amadan Giblean ("Гэль хэлээр "дөрвөн сарын тэнэг" гэсэн утгатай) гэж бичсэнээр наргиан хийж байгаагаа уншигчдад ойлгуулах “шпи” өгсөн байна.

2. Британийн засгийн газар "селфи" (гар утсаараа өөрийн зургийг авах) -ийг хориглолоо. (“Metro” сонин).

3. Ким Чен Ун “One Direction” хамтлагийнханд үсээ минийх шиг хэлбэрээр засуулаагүй бол Умард Солонгосын нутаг дэвсгэрт  нэвтрүүлэхгүй гэж мэдэгдлээ.(Mirror). Тэрээр мөн телевизийн шоу тэмцээн зохион байгуулж, ялагчдаар нь супер "Ун Дирекшен" хамтлаг байгуулах юм байна.

4. Шотланд тусгаар тогтнолоо олсоноор Британийн төрийн далбааг өөрчлөх гэж байна. (Daily Mail). Шинэ далбааны загвараар бол Шотландын хэвтээ хэрээс тэмдэгийг авч оронд нь цагаан дэвсгэр дээр улаан хэрээс тэмдэг, Ирландийг үндэслэн байгуулагч өвөг гэгддэг гэгээн Патрикийн сүлдийг залах болжээ.

5. "Тахиа одоо дөрвөлжин өндөг гаргах болжээ". Шинэ санаачилга гаргасан нэгэн фермер ITV телевизэд ярилцлага өгөхдөө ингэж өгүүлээд дөрвөлжин өндөг идэхэд их амар хялбар, "хачиртай талх хийхэд маш тохиромжтой" болсон гэж наргисан байна.

6. Шотланд тусгаар тогтнолоо олсон цагт барууны чиг баримтлалтай хөдөлгөөн засгийн эрхийг барих болно. (The Guardian)

7. "Фрекингемийн ордон": Хатан хаан Елизавета Букингемийн ордны талбайд фрекингийн аргаар байгалийн хий, газрын тос олборлох захирамж өглөө (Sun). Одоо хатан хааны гэр бүл татварын хөрөнгөнөөс хэмнэх боломжтой болжээ.

Гэх мэтийн тоглоом наргиан бидэнд ер инээдтэй биш. Хаашаа янзын балай юм яриад байгаа юм бол гэж л бодоод өнгөрнө. Гэтэл “Independent” цахим хуудас хамгийн оносон, наргиантай, хөгжөөнтэй даажигналуудыг нь шигшиж тавьсан байна гэж бодохоор бидний сэтгэлгээ үнэндээ өөр юм.

Монголын олон телевизүүдийн хуулан үзүүлдэг болсон Канадын “Just for laughs” шоу нэвтрүүлэг элэг хөшөөм наргиантай байдаг л даа. Харин дээрхи мэтийн даажигналыг ер ойлгохгүй юм. Магадгүй манай Монгол хошигнол барууныханд мөн ойлгомжгүй байж болно. Гэхдээ гадаадын хүн Монгол хэл, монгол ахуй сайн мэддэг болчихоод хошин урлагийн хамтлагуудын тоглолтыг үзвэл ч ёстой нэг... Монголчууд сүүлд хошин үзэгдэл гэж нэр томъёо өгч болох тоглолтуудаараа дэлхийд тэргүүлэх болсон гэхэд хилсдэхгүй. Уучлаарай гэхдээ, зарим хамтлагуудын хувьд тэр шүү. Учир нь ганц нэг хамтлагууд зүгээр л сумын тайзан дээр тавьж баймаар шог гараа үзүүлдэг гэдгийг хэлэхгүй бол болохгүй.

Гэтэл Оросууд болон Хятадууд манайхтай ижил төстэйрхүү юм үзүүлэх гэх ядаж байнаа бас. Тухайлбал Оросын "КВН" клубын гуч шахам жил үргэлжилж байгаа элэглэл хөх инээд хүргэнэ үү гэхээс элэг хөшөөхгүй байх жишээтэй. Харин Оросуудын ганцаарчилсан шог яриа дажгүй байдаг бол Европынхон фантомимдоо хамаагүй илүү. Ийм л ялгаа байдаг болохоор өрнө, дорнын хошигнол харилцан ойлголцоход түвэгтэй байдаг бөлгөө. 

 
Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.