
Шри Ланкийн Ерөнхий сайд Ранил Викрэмэсингхэгийн мэдэгдсэнээр улсынх нь эдийн засаг бүрэн уналтанд орж, сая сая иргэд нь шатахуун, эрчим хүч, хүнсний ноцтой хомстолд ороод байна.
Түүний хэлж байгаагаар Шри Ланкийн засгийн газар эдийн засгаа тогтворжуулахын тулд түнш улс орнууд, Олон Валютын сан зэргээс тусламж хүсжээ.
Шри Ланкийн гадаад валютын нөөц шавхагдаж, нэн шаардлагатай хүнс, эм тариа, шатахуун зэргээ импортлох мөнгөгүй болоод байгаа билээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт Шри Ланкийн засгийн газар эдийн засгийн хямралтай тэмцэхийн тулд олон янзын арга хэмжээ авсан ба ажлын 4 хоногийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Эрх баригчид үүгээрээ иргэдэд үлдсэн 3 хоногт нь өөрсдөө үр тариа, ногоогоо тарих боломж олгож байгаа аж.
Гэсэн ч нөхцөд байдал дээрдэхгүй байна. Томоохон хотуудад иргэд хэдэн зуугаараа шатахуун худалдаж авахаар дараалалд зогсож, заримдаа цэрэг цагдаагийнхантай зөрчилдөх явдал ч мэр сэр гарч байна.
Галт тэрэг цөөхөн явж байгаагаас болж иргэд шахцалдаж, зарим нь галт тэрэгний дээвэр дээр сууж зорчиход хүрээд байна.
Шатахууны хомстлоос болж өвчтнүүд эмнэлэгтээ очиж чадахгүй, хүнсний гол хэрэглээ болох цагаан будаа дэлгүүрүүдийн лангуунаас алга болоод байна.
Өмнөх Ерөнхий сайд Махинда Ражапаксаг огцорсны дараа Шри Ланкийн төрийн тэргүүнээр томилогдсон Ранил Викрэмэсингхэ өмнөх засгийн газар эдийн засгийн уналтыг удаашруулах алхмуудыг цаг тухайд нь авсан бол нөхцөл байдал иймдээ тулахгүй байсан хэмээн онцолжээ.
Өнгөрсөн долоо хоногт Шри Ланкийн Эрчим хүчний сайд улсад нь 5 өдрийн л шатахууны нөөц үлдсэн гэдгээ мэдэгдсэн билээ.
Шри Ланкийн Ерөнхий сайдын хэлснээр Шри Ланкийн эрх баригчид ОУВС-ийн тусламжийг авах хүртлээ Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас богино хугацааны зээл авахаар ярилцаж байгаа аж.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.