Тасхийсэн жавартай, цасан цагаан өвлийг бас залуу насны цог хийморьтой ч зүйрлэж болмоор санагддаг юм

Twitter Print
2022 оны 11-р сар 15-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

Тэрлэг дээл нэвт жиндээх хангайн намрын өглөө босоод сэрүүхэн агаарт нь гэнэдэх мэт цочирдож байсан бол, одоо хэдийнээ өвлийн эхэн сарын шинийн таван болжээ. Амнаас уур савсана, алсын уулсын орой бэлээр цас цавцайна, тэнгэрийн хаяагаар хялмааных л гэмээр нимгэн орог саарал үүлс хурган тогтоно.

“Москва, Москва орчмоор өвлийн сарын анхны шинж арван нэгдүгээр сарын 15-нд эхэлнэ. Цас орно, мэдэгдэхүйц хүйтэрнэ” гэсэн хойт хөрш ийн мэдээ сонсдоно. “Григорийн буюу аргын тооллоор бол дэлхийн бөмбөрцгийн хойт хагаст өвлийн улирал 12-р сарын нэгнээс эхэлдэг. Гэвч байгаль төрөлх араншингаараа шаргал намрыг цаст цагаан өвлөөр тэрнээс ч өмнө сольдог, үүнийг л ‘метеорологическая зима’ хэмээн нэрийднэ. Цаг тооллоор бус, цаг уурын хувирлаар өвөл болж байгаа хэрэг юм. Улирал улирлыг хувирал шинжээр нь тооцдог манай өвгөдийн тоолол өвөлдөө бол өвөлдөө, хавартаа бол хавартаа таарах л юм даа” хэмээн тал татасхийн бодно.

“Октябрийн баяраар хүүхдүүд бид бараг л дан формтой гүйлддэг байсан. Даардаггүй л байж дээ“ гэж санамагц, “Говь гойд дулаан. Тэгээд ч хүүхэд нас юмыг ямар анзаарах биш, өдийтэй адилтгах юмгүй” хэмээн үеийн нэгэн өөдөөс учирлах шиг болно. “Өвөл бүр золгоод ирсэн энэ үеэр сургуулийн хүүхдүүд бид яадаг байлаа даа” хэмээн өнгөрснийг нэхэн бодно. Нэгдүгээр улирлын дүн хэдийнээ гарчихсан, Октябрийн баяраар хөдөөний жаалууд бид гэртээ харьчихсан, бөөн хөл хөөрцөг л байгаа.

Сургууль тармагц, харих гэж бид их юм болно оо. Сум орохгүй, зам зуур буух бидний хэдэн хүүхэд хөвөнтэй дээл өмчихсөн, шуудайны тал хэрийн нэг жаахан юм гартаа барьчихсан зүг таарах унаа хайна. Тээврийн товчоон дээр хүлээж хүлээж, аз таарвал өдөртөө замын унаа олж, дайгдана. Тэр үеийн тээврийн жолооч нар ч сайхан даа. Зам л тараах бол, ер биднийг тээршаахгүй, олонхи нь олон таван үггүй аваад л явна. Тэглээ гэж биднээс нэг ч төгрөг нэхэхгүй. Сумдын төвийн хүүхдүүд бол арай өөр. Шуудангийн тэрэг шуудхан хүрч очно. Сүүлдээ бүр АН-2 гэдэг ард олны нэрлэдгээр царцаа ногоон хэмээх шуудангийн онгоц явах болсон.

Зам гэдэг амаргүй ээ, энхэл донхол ихтэй, ачааны машинууд хурд багатай явна. Зуугаад километрт олон цагаар сэгсчүүлнэ. Тийм үед дээд хурд нь цагт 300 км хүрдэг, бензиний хэмнэлттэй, хэвийн горимоор бол голчлон цагт 180 км хурдалдаг агаарын хүлэг гэдэг асар хурдан унаа байлгүй яах вэ! Аймгийн төвөөс АН-2 гарлаа л бол, аль нэгэн сумын төвд дорхноо л тоос манаргаад бууж харагдана. Тэр л үеэр юм гэдэг. Дорноговьд нэг тун их өөнтөгч хүн байжээ. Санаанд нь таардаг юм байдаггүй, заавал нэг өө олдог байж. “За, манай тэр гуай энэ хурдан унааг юу гэж голох нь вэ, үзэцгээе” гэцгээгээд сорьж. Нөгөө хүн яаран хариу дуугарсангүй, онгоцыг эргэн тойрон үзэж үзэж, “хадаас нь л олдсон болохоос...” гээд нэг хэсэг түгдэрсхийснээ, “уул нь ч яах вэ, бузгай л хурдан унаа юм” гэжээ. Нээрээн ч эргэн тойрон нэл л товруу болсон онгоц харагддаг сан. Бүүр хожим тэр тухай дуулаад бид хадаас, хурд хоёрт хамаарал их бий шүү, хө гэлцэн, “царайлаг нь л хэтэрсэн болохоос... уул нь ч яах вэ, овоо л хөөрхөн охин юм”, “хүч нь л дэндсэн болохоос... уул нь ч яах вэ, гайгүй л сүрхий бөх юм” гэлцэн хошигнож, тохирох тохирохгүй зүйлтэй зүйрлэн, инээлдэж хөхрөлдөж байсан сан. Залуу нас ч үнэндээ “инээх нь л хэтэрсэн болохоос... уул нь ч яах вэ, тун ч сайхан нас даа.”

Тасхийсэн жавартай, цасан цагаан өвлийг бас залуу насны цог хийморьтой ч зүйрлэж болмоор санагддаг юм.

До.Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.