Заан эрдэнийн тухай өгүүлэх нь

Twitter Print
2020 оны 08-р сар 04-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

Монголд байдаг байгалийн нэгэн сонин “урлал”-ын тухай хөндөж, бурхан тахил, танин мэдэхүйн чиглэлээр товч өгүүлэхийг зорилоо.

Ямарч улс орон, хот суурин газрууд өөр өөрийн өвөрмөц онцлог бүхий бахархах зүйлтэй байдаг. Миний төрсөн нутаг Увс аймгийн Бөхмөрөн суманд байгалиас гайхалтай сайхан “урласан”, жинхэнэ уран баримал гэлтэй, зааны дүрстэй хад сумын төв рүү орох замд, уулын оройд сүрлэг сайхнаар сүндэрлэж байдаг юм.

“Зохиомж”, хэлбэр дүрсийн хувьд яг л заан. Их биеийн галбир, толгой, чих, нүд, соёо, хамар, тэр ч бүү хэл гэдэс хөл нь хүртэл дүрслэгдсэн байдаг нь гайхалтай. 

Байгаль дэлхийн гайхамшигт бүтээл болсон энэхүү “Заант хад” бол Бөхмөрөн сумын “лого” буюу таних тэмдэг нь болж байдаг юм.   

Буддын шашинд зааныг төр улсын 7 эрдэнийн нэг гэж үздэг ажээ. Үүнд:

1. Хорол эрдэнэ

Энэ нь төр улс, ард иргэд номын гэрлээр гийгүүлэгдэн юунд ч дийлэгдэхгүй бат байхыг бэлгэднэ.

2. Чандмань эрдэнэ

Төр нь хүн ардын хүсэл зоригийг  тэгш сайхан хангах бэлгэдэл.

3. Хатан эрдэнэ

Үргэлжид амгалангаар цэнгүүлэгч үнэт ариун эмэгтэй, хатан хүн төрийн бат түшиг тулгуур, ханийн бэлгэдэл.

4. Түшмэл эрдэнэ

Хүндлэл зоригт мэргэн, хэрэг явдлыг зөв шийтгэгч түшмэл бол төрийн нэгэн эрдэнэ гэсэн утгатай.

5. Заан эрдэнэ

Энэ нь элдэв харшлагчийг буцааж, төр улсын бодлого тулхтай бөгөөд урт настай байхыг бэлгэджээ.

6. Морин эрдэнэ

Хурд хүчин төгс хүлэг морь бол төрийн нэгэн эрдэнэ.

7. Жанжин эрдэнэ

Төр улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баатар цэрэг эрс нь хамгаалдгийг илэрхийлдэг ажээ.

Хаан төрийн энэхүү долоон эрдэнийг олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын үеэс хэрэглэж иржээ.

Нуруун дээрээ зэнд­мэнэ эрдэнэ үүрсэн, зааны ясаар сийлж хийсэн тоглоомон заан Богд хаанд байсан нь эдүгээ Богд хааны ордон музейд хадгалагдаж байдаг.

1912 оны сүүлч 1913 оны эхээр Монгол Улсын төлөөлөгчид Орост анхны албан ёсны айлчлал хийх үеэр багавтар биетэй нэгэн бор зааныг Богд хаан 22 мянган цөлхөөв (целковый) буюу тэр үеийн рублиэр худалдан авчээ. Уг зааныг 1913 оны хавраас өвлийн дунд сар хүртэл вагонд ачуулах, хөлөөр нь явуулах зэргээр найман сар гаруй аялуулсаар Хиагт хотноо" хүргэж, улмаар 1914 оны хавар түүнийг хөтлөх, туух зэргээг гурван сар аялуулсаар Нийслэл Хүрээнд авчирч Богд хаанд өргөжээ. Ийнхүү Монгол нутагт амьд заан хөл тавьснаас хойш өдгөө 100 жил болжээ.

Тэрхүү зааны хоолонд зориулж өдөрт 21 ширхэг мантуу,хоёр жин шар тос, гурван шанага улаан чавга зарцуулж байсан тухай архивын баримт ч бий ажгуу. Харамсалтай нь 1924 онд Богд хаан таалал төгссөнөөр зааныг харах хүн хомсдож 1926 оны үед тэр заан үхсэн гэдэг.

Богд хаан зааныг Энэтхэгээс ч юмуу зүүн өмнөд азийн аль нэг орноос биш, Орос улсаас худалдаж авсан нь бас л сонирхол татна. Халуун орны заан манай орны эрс тэс уур амьсгалтай газар дасан зохицож чадахгүй. Тиймээс манай орны цаг ууртай ижил төстэй улиралтай Орос нутагт төрж, дасан зохицсон зааныг худалдаж авах нь зөв гэж Богд хаан шийдсэн нь лавтай.

Богд хаан амьтны цуглуулгын зорилгоос гадна хаан төрийн долоон эрдэнээс заан нь манай Монголд байдаггүй учраас билэгдэл болгож Оросоос заан худалдаж авсан ч байж болох юм.

Богд гэгээнийг Алтайн ирвэс, Гималайн баавгай, Энэтхэгийн заан, могой, халуун орны барс, эрээн тахь, том жижиг сармагчин, тоть, Шотландын одой морь, Монголын зээр, аргал, янгир, хар сүүлт, чоно, алтан гургалдай зэрэг ховор араатан амьтад, жигүүртэн шувуудын сонин содон цуглуулга бүхий амьтны хүрээлэнтэй байсан тухай домог мэт зүйлсийг үзсэн дотоод, гадаадын хүмүүс, эрдэмтэн, дипломатууд тэмдэглэлдээ бичиж үлдээжээ.

Богд гэгээн таалал төгссөний дараа амьтны хүрээлэн дэх араатан жигүүртэн, ялангуяа харь нутгийн халуун орны амьтад хамгийн түрүүнд үхэж үрэгдсэн нь мэдээж.

Богд хаанаас хойш Монголд маань төр улсын 7 эрдэнийн нэг болох амьд заан байхгүй болсон боловч байгалиас (бурхнаас) гайхалтай сайхнаар “урлан бүтээж” өгсөн зааны хөшөө Монголд маань, Увс аймгийн Бөхмөрөн сумын төв “Байшинт”-д балар эртний үеэс өнөөг хүртэл олны бишрэлийг төрүүлэн сүндэрлэсээр байгаа нь  гайхалтай бөгөөд билэгдэлтэй санагдана.

Бас сонирхуулахад, интернэтийн “Google Earth”-ээр орж, тэрхүү чулуун “заан”-ы харсан тал руу, зоо нурууных нь дагуух чиглэлд тэнхлэг татаж үзэхэд чанх хойд “Алтан гадас” одны зүгт, Енисей мөрний дагуу, хойд туйл руу харж зогссон нь сонирхолтой. “Заант хад”-ны газар зүйн байрлал- 49° 40' 05.05"N, 90° 18' 39. 04"E, хойд туйл- 89° 59' 59.59"N, 2° 46' 30.07"E, хоорондын зай нь 4500 км байх юм.

Хэдийгээр амьд заан Монголд маань байхгүй боловч туурга тусгаар төр улсын долоон эрдэнийн нэг болох тэрхүү “заан”-ыг бурхнаас зориуд “бүтээж” манайд хайрласан байгаль дэлхийн хишиг, бэлэг дэмбэрэлтэй сайхан зүйл мөнөөс мөн гэж мөхөс би боддог юм.

Эцэст энэ бүхнийг өгүүлэхийн учир хэмээвээс, бурхнаас монголчууд бидэнд зориулан бүтээж бэлэглэсэн энэхүү гайхалтай “хөшөө”-г Төр улс маань мөнхөд төвшин амгалан, түмэн олон минь үүрд энх амар байхын төлөөнөө орон нутгийн хамгаалалтанд албан ёсоор авч, шүтэн биширч, тахилга хийж байх нь зүйтэй биш үү гэдгийг хэлэх гэснийх болой.

Доктор (Ph.D) М.Хүрлээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.