Маргааш ЕСӨН САРЫН НЭГЭН

Twitter Print
2020 оны 08-р сар 31-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

Жил жилийн есдүгээр сарын нэгэн, хүүхэд бага наснаас минь хүсэн хүлээдэг тэр л өдөр маргааш айсуй.

Чухам тэр өдөр, ер бусын ямар нэг зүйл, өөдөөс минь угтан ирэх юм шиг, сэтгэл дэнсэлж, маргааш есөн сарын нэгэн хэмээн бодохын зуурт, нуур захлан ургасан зэгс шагшуурга намрын хонгор салхины нөөлөг мэдрэх төдийгөөр долгилон хөдөлж, цааш цааш мяралзан намирах шиг, догдлон долгилдог байж билээ.

Есөн сарын нэгэн болгонд, сургуулийн нүүрэн талын том талбай дээр анги ангиараа жагсан байж хийдэг, хичээлийн шинэ жилийн нээлт шиг тийм төгс төгөлдөр, баяр баясгалан бүрдсэн ёслолыг өөр хаана ч, үзээгүй л юм шиг санагддаг. Үүдний довжоон дээр багш нар ирийтэл зогсож, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, онц сурлагатан сурагчдын төлөөлөл үг хэлж, нэгдүгээр ангид орох бяцхан жаахан хөвгүүд, охид хонх цохих тэр агшин, хонхны тэр жиргэж цангинасан дуу өнөө ч нүдэнд харагдаж, чихэнд сонсдох мэт болдог.

Есөн сарын нэгний тэр өдрийн манай сургууль шиг тийм цав цагаан, ялгарч тодорсон байшин нэг ч үгүй, үүдээр нь орохын төдийд ханхийх будагны тийм содон сонин үнэр өөр хаана ч ханхлахгүй, гишгэхээс хайрлам улаан шаргал шал хөл доор гялтагнан гялалзаж, хана туурга хаа сайгүй шинэ юм гэдэг ийм л байдаг юм шүү дээ гэх шиг урин залан гялбалзаж байдагсан. Анги бүлэг зааж хадсан хаяг бүхий анги танхим руугаа орж очиход, өдөржингөө гадаа эрхэлсэн жаал шиг хаврын хаварт халтартаж ноолорч хоцордог парт сандал жагсаалдаа жигдэрсэн цэрэг эрс шиг жирийлдэж, шохойны ором ч үгүй самбар одоо над дээр хэн нь, юугаа бичих юм бол доо хэмээн хавталзаж шиг харагдана. Багшийн ширээн дээр тавиатай жижиг лаазтай цэцэг, самбарын алчуур, ангийн журнал орж ирсэн бидэнд баяр ч нэг хүргэх шиг, бушуухан суугаад хичээлээ эхэл гэж дохио зангаа ч өгөх шиг л байдагсан.

Аав ээжийнхээ гараас зуураастай хэрнээ, алхаа гишгээ нь удаад байх шиг санагдаж, яаран догдлон хөл тавьсан, огтын шинэ ертөнц -нэгдүгээр ангиас хойш, төрөлх сургууль, өөрийн анги, анги даасан багш, ангийн нөхөд гэдэг дандаа бидний хүсэн хүлээдэг, танил дотно хорвоо минь байж иржээ. Есөн сарын нэгэн болоосой гэж адган тийн догдолдог нь ч, анги ахих тусмаа л нөхдөө гэсэн сэтгэлээс үүдэлтэй юм даа. Бага ангид есөн сарын нэгнийг хүсэн хүлээж зүгээр л хөөрөн баясдаг байсан бол, ахлах ангид орохоороо тэр өдөр улам их учир утгатай болж, ирээдүй өөд хөтлөх угтагч өдөр, юу ч юм бэ, нэг л сайхан юм руу заан залан аваачих өдөр шиг санагдаж, цаанаа нэг уяруу тэмүүлэлтэй байдаг байжээ.

Есөн сарын нэгэн... Нэгдүгээр ангид орсон тэр намрын дуниартсан хонгор шаргал өдрөөс хойш, хаврын эртэч яргуй мэт, анхны борооны тийм гэхийн аргагүй чийг даасан үнэр мэт, урт холын мөрөөдөлд умбуулах үлгэр зүүд мэт, ямагт баясал төрүүлдэг, сэтгэл хөдөлгөдөг, тийм гээд тодорхойхон хэлчихэж мэдэхгүй ч, нэг л сайхан юманд хөтлөөд байгаа юм шиг бодогдох тийм л ер бусын өдөр байсаар иржээ. Нэгээс аравдугаар анги хүртэлх сурагч насны юугаа ч мэдэхгүй баясан баясан үдэх арван жил; их дээд сургуулийн оргилуун дэврүүн оюутан насны дөрөв, тав, зургаан жил; үр хүүхдээ хөтлөн гүйх эцэг эх болсон олон он жилүүд; одоо эргээд өөрсдөө эмээ өвөө болчихсон, ач зээгээ дагуулан алхах намар шиг ивээсэн ахимаг насны энэ үе гээд есөн сарын нэгэн хэзээ ч бидэнд эгэл энгийн өдөр байсангүй, дандаа л баясаж хөөрсөн, бахархаж догдолсон ирээдүйд хойчид залж хөтөлсөн гэгээн гэрэлт өдөр болж, амьдралын үнэт нэгэн бэлэг мэт хүрэлцэн ирсээр байдаг билээ л.

Буцаж яваа намар цагийн ирж яваа ганцхан өдөр нь л есөн сарын нэгэн шиг санагддаг залуу гэгэлгэн насны минь тэр бодол одоо ч хэвээрээ, маргааш айсуй тэр нэгэн баясгалант өдрийг хүлээсээр л байдаг юм даа. Хувирч байгаа ертөнцийн ааш араншинг илтгэх мэт намрын жихүүн бороо зүсэрч байгаа хэдий ч хэн хүнгүй л маргааш есөн сарын нэгэн шүү гэдгийг бодож л байж таарна. Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол, сургууль хавийн хүүхдийн баяр хөөр дүүрэн дуу шуугиан, мөнгөн хонхны цангинасан жингэнээн, догдлон баяссан багш нарын инээмсэглэл, аль алин нь хомс, анхны Есөн сарын нэгэн арай ч болохгүй биз ээ.

Ямар ч бол, маргааш эрдэм номд дууддаг, хүүхэд багачуудын сургууль багш нараа зорьж ирдэг, тэдний сэтгэл зүрхэнд гэрэл гэгээтэй дурсгал болон мөнхөрч хоцордог 9-р сарын 1-ний өдөр өө!

До.Чулуунбаатар

2020.08.31

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.