
Их Британийн био мэдээллийн сангаас сайн дурын 88 мянган иргэдийн дунд хийсэн судалгаагаар оройн 22-23 цагийн хооронд унтах нь зүрх судасны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болох нь тогтоогджээ.
Судалгаа явуулсан баг хүний нойрсох цаг нь бие махбодийн дотоод цагтай таарснаар зүрхний шигдээс, харвалт зэрэг эмгэгт өртөх эрсдлийг бууруулдаг гэдэгт итгэлтэй байна.
Бие махбодийн 24 цагийн хэмнэл нь хүний эрүүл мэнд, сонор сэрэмжинд чухал ач холбогдолтой ба цусны даралтанд нөлөөлдөг билээ.
European Heart Journal сэтгүүлд нийтлэгдсэн дээрх судалгааны үеэр эрдэмтэд бугуйд зүүдэг төхөөрөмжний тусламжтайгаар сайн дурынхны нойрсох ба сэрэх цагийн мэдээллийг цуглуулсан ба туршилтанд оролцсон сайн дурынхны зүрх судасны эрүүл мэндэд гарсан өөрчлөлтүүдийг ойролцоогоор 6 жилийн турш ажиглажээ.
Судалгааны явцад 3000 гаруй иргэн зүрх судасны эмгэгт өртсөн ба тэдгээр иргэдийн дийлэнх нь 22 цагаас өмнө эсвэл 23 цагаас хойш унтдаг байжээ. Судалгааг удирдсан Эксетерийн их сургуулийн эрдэмтэн Дэвид Планс, "Манай судалгааны үр дүнгээс харахад хэтэрхий эрт эсвэл хэтэрхий орой унтах нь бие махбодийн дотоод цагийн үйл ажиллагааг алдагдуулж, ингэснээрээ зүрх судасны эмгэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон.
Мөн шөнө дундаас хойш унтах нь хамгийн их эрсдэл дагуулдаг. Учир нь хэтэрхий орой унтсан хүн орой босч өглөөний нарыг харалгүй өнгөрдөг. Энэ нь цаашлаад биеийн дотоод цагийн үйл ажиллагааг алдагдуулдаг." гэдгийг онцолжээ.
Нөгөө талаас мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар уг судалгаа нь нойрсох цаг нь зүрх судасны эрүүл мэндтэй холбоотой болохыг л харуулж байгаа ба зүрх судасны эмгэгт нойрсох цаг нөлөөлдгийг батлахын тулд илүү их судалгаа шинжилгээ хийх шаардлагатай аж.
Нойроо хангалттай авах нь бие махбодь тэр дундаа зүрх судасны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой ба насанд хүрсэн хүмүүс багадаа 7-9 цаг унтах ёстой юм.
Түүнчлэн нойрноос гадна зүрх судасны эрүүл мэндэд амьдралын хэв маяг нөлөөлөх ба цусны даралт, цусан дахь холестерины түвшингээ хянаж, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, давс болон архи согтууруулах ундааны хэрэглээгээ бууруулж, эрүүл зөв хооллох нь зүрх судасны эмгэгт өртөхөөс сэргийлж чадна гэдгийг эрдэмтэд анхааруулж байна.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Ахмад настан
(66.181.161.90) 2021-11-13 16:27Орой 22-23 цаг
Хариулах