Шигшдэг тогтолцоо сургалтанд онцгой ач холбогдолтой

Twitter Print
2021 оны 01-р сар 08-нд 15:47 цагт
Мэдээний зураг,

Алсын зайн сургалтын хүрээнд явуулж байгаа БШУЯ-ны цахим хуудас дээр байрлуулсан ерөнхий боловсролын сурагчдад зориулсан Теле хичээлүүдийг үзэж, судлах явцад энэ хичээлүүд манай багш нар, сурагчид мөн эцэг эхчүүдэд  ямар шинэ боломжуудыг нээн өгч байгаатай танилцлаа.

Миний бие ахлах ангийнханд буюу 10-12-р ангийнханд зориулсан Математикийн Теле хичээлүүдийг анхааралтай үзэж танилцсаны үндсэн дээр энэхүү хичээлүүдийг бүтээлцсэн багт болон БШУЯ-наас хэлэлцүүлэгдэж байгаа Боловсролын ерөнхий хуулийн төсөлд дараахь саналуудаа хүргэхийг зорилоо.

Нэг. Амжилт. БШУЯ-наас явуулж байгаа Теле хичээлүүд [1] нь агуулгаараа, заах арга зүйгээрээ орчин үеийн дэлхийн стандартаас дутахааргүй төвшинд хийгдсэн байна. Энэ бол амжилт. Хичээлүүдийг бүтээсэн багынханд чин сэтгэлээсээ талархаж байна. Онцолж талархмаар нэг зүйл бол Математик, Геометрийн хичээлүүдийг зааж байгаа дийлэнх багш нар тодорхой бодлогыг бодохдоо хэрэглэж болох бүхий л хувилбар аргуудыг зааж, сургахыг чармайсан байна. Ингэснээр сурагч тухайн сэдвийг илүү хялбар ойлгохын хажуугаар аливаа бодлогыг бодох өөрт тохирсон хувилбараа сонгож хэрэглэх боломжтой болдог. Ер нь нэг бодлогыг олон хувилбараар бодож сурах нь тухайн сурагчийг хос морьтой болгож байгаа юм. Ковид-19 -ийн үед хийгдсэн энэ Теле хичээлүүдийг улам төгөлдөржүүлж, зохистой хэмжээнд хэрэглэж чадвал Чанартай боловсролын хүртээмжийг дээшлүүлэх хэтийн зорилгодоо бид алхам алхамаар ойртож чадах бодит боломж харагдаж байна. Алсдаа Монгол хэлэнд бэрхшээлгүй орчуулж болох зарим үг хэллэгийг монголоороо теле хичээлд хэрэглэж байвал сурагчдад, эцэг эхчүүдэд илүү ойлгомжтой болно.  Жишээлбэл периметер гэдэг үгийг хүрээ шугамын урт, перпендикуляр гэдэг үгийг эгц босоо шугам гэж Монгол хэл дээрээ буулгах нь илүү оновчтой юм.

БШУЯ-ны Теле хичээлүүдтэй хамтад нь байршуулсан цахим сурах бичгүүдийг, түүний дотор математикийн сурах бичгүүдийн анхааралтай судалж үзэхэд манай сурах бичгүүд агуулгын хувьд мөн л дэлхийн стандартаас дутахгүй бичигдсэн байна. Энэ бол тоохгүй байхын аргагүй амжилт. (Уншигч та нийтлэлийн ард өгөгдсөн холбоосоор [1] орж бусад бүхий л сурах бичигтэй танилцаж дүгнэлтээ хийгээрэй).

Хоёр. Багш нараа бэлтгэх. Дээр өгүүлсэнчлэн теле хичээл болон цахим сурах бичгүүдийг харахад манай ерөнхий боловсролын сургуулийн Хөтөлбөр маань агуулгын хувьд дэлхийн төвшнөөс дутахааргүй хийгдсэн байна. Гэтэл манай шийдвэр гаргагчид кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар бүтэн намаржингаа хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүний оронд шийдвэр гаргагчид маань цаг алдалгүй ерөнхий боловсролын одоо байгаа хөтөлбөрөө ямар арга замаар чанартай, хүртээмжтэйгээр нийт багш, сурагчиддаа түгээх талаар ухаанаа уралдуулах нь илүү оновчтой шийдэл болно. Ер нь Кембриджийн хөтөлбөрийг өндөр үнээр санхүүжүүлэхийн оронд Монгол багшаа бэлтгэх, багш нараа байнгын сургалтанд хамруулах, салбарынхаа дэвшилттэй бодлогуудаа зоригтой дэмжиж санхүүжүүлэх, багшын ажлын цалин болоод нийгмийн асуудлыг нь шийдэх тал дээр ухаанаа зарж чадвал төр засгаас тавиад байгаа чанартай боловсролыг хүртээмжтэй хүргэх зорилгодоо бид алхам алхамаар дөхөж чадах юм. Нэмж хэлэхэд одоогын ахлах сургуулийн 11-12-р ангийн хичээлүүдийн агуулга их дээд сургуулиийнхтай тун ойролцоотой болсон. Иймд ахлах сургуулийн багшаас төдий хэмжээний ур чадварыг шаарддаг. Энэ шалтгаанаар  ХБНГУ-д Гимназийн ахлах анги буюу 10-12-р ангид доктор цолтой багш нар олон байдаг.

Гурав. Дэд бүтэц. Теле хичээл зааж байгаа ур чадвар өндөртэй багш нараар мэргэжил нэгтнүүдийнхээ мэдлэг, арга зүйг дээшлүүлэх сургалтыг БШУЯ-наас өндөр зохион байгуулалттай явуулж нийт багш нарынхаа ур чадварыг шат дараатай ахиулах өргөн боломж энэ цаг үед нээгдээд байна. Алсдаа теле хичээлүүдийг явуулдаг чадвартай багш нарынхаа тоо, нөөцийг тасралтгүй өсгөх талаар бодлоготой, тууштай ажиллаж чадвал хичээлийн чанар өрсөлдөөний зарчмаар улам сайжирна.

Улаанбаатарын захын хороолол, хөдөө орон нутагт оршин суудаг сурагчдад чанартай мэдлэгээс хүртэх урьд байгаагүй боломж Теле хичээлээр дамжин нээгдэж байна. Сурагчдыг теле хичээлүүдээ цахим сүлжээнээс давтан үзэх боломжоор хангах, мөн багш нараа зайн сургалтанд эрчимтэй хамруулахын тулд Улаанбаатарын захын хорооллууд, хөдөө орон нутгийн интернетийн сүлжээний дэд бүтцийг ойрын хугацаанд шат дараатай сайжруулах шаардлага гарч байна.

Дөрөв. Үр дүнгийн судалгаа. Теле хичээлүүд нь нийт сурагчдыг гарааны тун ойролцоо нөхцөлөөр мэдлэгтэй танилцуулах боломжоор хангаж байгаа учраас БШУЯ-наас Теле хичээлийн хүртээмж, үр дүнгийн судалгааг сургалт хүрсэн газар бүрт хэд хэдэн чиглэлээр явуулах тохиромжтой боломж одоо гарч байна. Тухайлбал, тодорхой Теле хичээл дээр суурилж сурагчдын, ялангуяа дунд, ахлах ангийн нийт сурагчидын хэдэн хувь нь хичээлдээ сонирхолтой байгааг, хичээлийнхээ агуулгаас хичнээн хувийг нь ойлгож чадсан эсэх дээр судалгаа явуулах юм. Судалгааны үр дүнг бодлогын чанартай олон асуудлын хэтийн төлөвлөгөөг боловсруулахад хэрэглэх боломжтой. Ер нь  алсын зайн аль ч шатны сургалт ирээдүйдээ дэлхий дахинд өсөн нэмэгдэх нь нэгэнт тодорхой болоод байна. Үүнийг хөгжүүлэхэд судалгаа чухал үүрэгтэй.

Тав. Сурагчидаа бид яагаад шигших шаардлагатай вэ? Өнөөгийн ахлах ангийн хичээлүүд өндөр төвшний академик сургалтын агуулгатай байгаа нь сурагчдаас их мэдлэг, чадвар шаардаж байна.  Мэдлэгийг ахлах ангийн сурагчидад үр өгөөжтэй хүртээхийн урьдчилсан нөхцөл нь сурагчид 9-р ангиа төгсөхдөө тодорхой мэдлэгүүдийг заавал эзэмшсэн байх хэрэгтэй болно. Гэвч манай хуучин тогтолцооны үед болон одоо ч оршсоор байгаа сурагчдын хөдөлмөрийг дэндүү хавтгайруулж, бодит байдлаас хэтэрхий өргөсөн, хуурамч онц сурлагатнууд давамгайлсан, бие биенээ хуурсан, үнэлгээний сул тогтолцоо нь дээр өгүүлсэн нөхцөлийг бүрдүүлэхэд тээр болсоор байна. Энэ шалтгаанаар  ахлах ангийн сурагчдын дийлэнх хувь нь хичээлдээ амжилт гаргах урьдчилсан бэлтгэлгүй ахлах сургуульд элсэн орж байна.  Иймд манай боловсролын тогтолцооны бүх шатанд үнэлгээ хийх оновчтой аргачлал өгүүлэгдэж байна. Үүний өмнөх нийтлэлдээ сурагчын үнэлгээ болон боловсролтой уялдсан олон сонирхолтой асуудлыг ХБНГУ-ын жишээн дээр дэлгэрэнгүй өгүүлсэн бөгөөд та дараахь холбоосоор орж үзнэ үү.

Ер нь дунд сургуулийн 9-р ангийг төгсөгчид их дээд сургуульд суралцах зорилготой ахлах сургуульд элсдэг. Иймд ахлах сургуулийн сурагч 12-р ангиа төгсөхдөө төрөлх хэлээ бүрэн төгс эзэмшсэн, байгалийн болоод бусад шинжлэх ухааныг академик төвшинд  сурсан байх гээд их дээд сургуульд амжилттай суралцах урьдчилсан нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Энэ бол дэлхийн стандарт бөгөөд бид энэ зам уруу явж байгаа. Иймд манай ахлах сургуулийн элсэлтийн болон төгсөлтийн шалгуур босго одоо байгаагаасаа хавьгүй өндөр байвал зохистой. Бид сурагчидаа амжилтаар нь сайтар шигшиж ахлах сургуульд элсүүлэхгүй бол өнөөдөр ахлах сургуулиудад зааж байгаа академик төвшний хичээлийг ойлгохгүй сурагчид ангийн дийлэнхи болж явсаар сургуулиа төгсөж байна.

БШУЯ-ны цахим хуудас дээр байрлуулсан статистикийн мэдээ [2]-тэй энд өгүүлсэн асуудлаа холбож үзье. 2019-2020 оны хичээлийн жилийн мэдээгээр Монгол улсын нутаг дэвсгэр дээр  нийт 820 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр дотор 78 нь бага,  113 нь дунд, 584 нь ахлах, 45 нь цогцолбор сургуулийн ангилалд багтана. Уг нь зүй тогтлоороо бол бага болон дунд сургуулийн тоо нийлээд ахлах сургуулийн тооноосоо доот тал нь 50-60%- иар илүү баймаар. Хуучин тогтолцооны үе буюу 1990 оноос өмнө 8-р анги төгсөгчдийг сурлагын амжилтаар нь жагсаагаад дунджаар 40-60% -ийг нь ахлах анги буюу 9-р ангид элсэх эрх олгодог байсан. Хэрэв дээр өгүүлсэн статистикийн албан мэдээ үнэн бол манай боловсролын тогтолцоонд асар том ухралт гарсан харагдаж байна.

Ийм байдлаар манай өнөөгийн тогтолцоонд дунд сургууль төгсөгчдийг ахлах сургууль уруу шигшилшүй оруулж байгаа нь асар их үргүй зардалыг бид ахлах сургууль дээр үүсгэж байна. Уг нь сурах чадвартай, сонирхолтой тодорхой тооны сурагчидаа бид ахлах сургуульдаа элсүүлж тэднийгээ ямарч их дээд сургуулийн шалгуурыг давах хэмжээнд  бэлдсэн шиг бэлдэх нь үр өгөөжтэй. 9-р анги төгсөгчдийнхөө үлдсэн хэсэг буюу олонхийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мэргэжил эзэмшүүлдэг болбол зардал мөнгө хэмнэхээс гадна хүний хамгийн үнэтэй цагийг үрэхгүй давхар ашигтай шийдэл болох юм. Ахлах сургуулийн зардалаас хэмнэсэн төсвөөр сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг шинээр нэмж байгуулахад зарцуулбал алсдаа боловсролд зориулсан төсвөө илүү оновчтой зарцуулах боломжтой. Үүнээс гадна бодлогоор, үе шаттайгаар  ахлах сургуулийн элсэлт, түүнтэй холбоотой төгсөлтөнд тооны хязгаар тавьж явбал дэлхийн чиг хадлага уруу ойртохын зэрэгцээ Их дээд сургуулиудад элсэх оюутны тоо, түүнтэй уялдсан мэргэжлийн ангийн тоог урьдаас төлөвлөх, зохицуулах боломж нээгдэх юм.

Эх сурвалж:

https://econtent.edu.mn/book

https://www.meds.gov.mn/?p=6220

П.Давааням

ХБНГУ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.