Хүний сайхан сэтгэл

Twitter Print
2021 оны 11-р сар 12-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛ...

Өнөөдөр би нэгэн маш чухал зүйлийг ойлгов. Хүүхнүүд бидний хувьд хамгийн хэрэгтэй худалдан авалт бол брэндийн гутал цүнх, сор нь гялалзсан шуба биш, харин СҮХ юм билээ. Нээрээ шүү. Би байнга ордог супермаркетаас нэгийг хямдарлаар авсан юм. Импортынх, урт шар бариултай их гоё сүх. Багаж хэрэгсэл сурталчилж байсан худалдагч бүсгүй “Энэ их чанартай сүх шүү! Та нэгийг авахгүй юм уу... Танд хэрэг болно доо!” гээд байхаар нь би үгэнд нь ороод авчихсан юм.

Авсандаа ч огт харамсаагүй. Учир нь тэр сүх надад шууд л хэрэг болж эхэлсэн юм. Би тэрэг дүүрэн хүнс авч, дээр нь сүхээ тавиад машин дээрээ яваад очтол нэг нөхөр машинаа минийхэд шахаад тавьчихсан байв. Тортой юмнуудаа машиндаа нөгөө талаас нь оруулж тавья гэхээр замын хашлага тээглэд хаалга онгойхооргүй байлаа. Нөгөө нөхөр тортой юмнуудаа машиндаа ачаад завгүй... Би тэргээ түрсээр түүн дээр дөхөж очоод түүнийг, мөн машиныг нь гайхсан янзтай харж зогсов. Мань хүн ч биднийг буюу сүх бид хоёрыг харснаа эртний танилтайгаа учирсан мэт инээд алдан “Алив, би таны юмнуудыг машины чинь ард хийгээд өгье. Нэг талаас нь би шахаад зогсчихсон, нөгөө талаас нь хашлага тээглээд, танд төвөгтэй байгаа байх...” гэж байна. Сүх бид хоёр ч дуртайяа зөвшөөрч: “Ямар сайн юм бэ, баярлалаа” гэв. Ийм сайхан сэтгэлтэй хүн гэж бас байдаг аа!

Ингээд мань хүн тортой юмнуудыг минь ачиж өгчихөөд яваад өгөв. Харин би сүхээ жолоочийн хажуугийн суудал дор газар тавиад гэрийн зүг давхилаа. “Давхих” ч гэж дээ, баасан гариг, зам дээр машин гэж пиг, бүгд л хотоос гарах гээд яараад л...

Тэгсэн гэрлэн дохион дээр нэг залуу урдуур минь дайрч орж ирснээ огцом зогсоход нь би золтой л араас нь орчихсонгүй. Залуу машинаасаа бууж ирээд “Чи одоо яаж яваад байгаа юм бэ? Үнэмлэхээ худалдаж авсан юм уу, хаашаа юм? Алив буугаад ир, ярилцья!” гээд орилж гарав. Би ч дотроо “Тэгье, яагаад болохгүй гэж” гэж бодсоор шалан дээрээс сүхээ авлаа... Огцом тоормозлох үед гулсаж ирээд хөл дор тээглээд байсан юм л даа. Би машинаасаа сүхээ барьсан чигээрээ бууж ирээд “Хоёулаа сайхан тайван ярилцья" гэв. Намайг, мөн гарт минь байгаа сүхийг харангуутаа мөнөөх залуу шууд л зөөлрөн найртай нь аргагүй “Таны урдуур дайрсан нь миний буруу, яарч явсан юм, уучлаарай. Долоо хоногийн эцэс, нерв энэ тэр авах юм алга. Та зөвөөр ойлгоорой!” гэж хэлээд машиндаа үсэрч суугаад ногоон гэрэл асмагц алга болох нь тэр.

Сүх бид хоёр цааш гэлдэрсээр гэрийнхээ гадаа нэг юм иртэл орцны үүдэнд миний машинаа байнга тавьдаг газар нэг нөхөр зогсож байв. Тэр хүн манай байрны хүн биш байлаа. Би байрныхаа хүмүүсийн сайн танина, манайхан ч намайг андахгүй. Би дотроо “За яах вэ, тортой юмнуудаа гэртээ оруулж тавьчихаад машинаа өөр газар тавихаас даа... “ гэж бодон машинаа орцныхоо үүдэнд аваарын гэрлийг нь асааж түр тавьлаа. Тортой юмнуудаа зөөж оруулахдаа би сүхээ урд талын суудал дээр үлдээчихсэн байсан юм. Тэгээд “Сүхээ ч бас оруулаад тавьчихья, бариул нь хурц тод өнгөтэй юм, хүн хар авчих ч юм билүү?” гэж бодоод хэдийнээ "ижил дасал болсон” сүхээ гаргаж ирээд хаалгаа хаалаа. Тэгсэн зогсоол дээр минь зогсож байсан нөгөө хүн машинаасаа бууж ирээд “Яана аа... би таны зогсоолыг эзэлчихэж үү? Би яг гарах гэж байлаа! Та ийшээ ор ор!” гээд сүйд болов. Тэгснээ ихэд эелдэгээр “Та амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй!” гэж хэлээд яваад өглөө. Би ч машинаа зогсоолд нь оруулж тавиад, сүхээ “дагуулсаар” гэртээ ороход зөөлөн салхи моддын навчсыг зөөлөн илбэж, алтан наран сүх бидэн хоёрын өөдөөс мишээж байлаа...

Орчуулсан: Өлзийбатын Уянга

2021-11-09

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.