МАН Засагт орно гэв үү

Twitter Print
2014 оны 11-р сар 18-нд 14:20 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөржин хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжих, эсэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар АН-ын дарга З.Энхболд болон нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нар бүлгийн хуралдаанд мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулжээ. Гэхдээ ердөө энэ асуудлыг хэлэлцэхэд бүтэн өдөржин хуралдах шалтгаан юу байх билээ. Нэр дэвшигч Ч.Сайханбилэгээс мөрийн хөтөлбөр, зорилго, зорилтыг нь асуугаад, санал шүүмжлэлээ хэлээд хуралдахад тийм их хугацаа шаардлагагүй байх. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцсэн гэх боловч үүний цаана бас нэг чухал асуудал нуугдаж байгаа бололтой. Тодруулбал, МАН засагт орох уу, үгүй юу гэх асуудал.

Тус намын бүлэг өнгөрсөн хугацаанд “Засагт орохгүй” гэж дахин дахин мэдэгдэж байсан. Харин өчигдөр намын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол “Засагт орох эсэхийг МАН-ын бага хурлаар шийднэ” гэж сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Өөрөөр хэлбэл, “Засагт орохгүй, гуйсан ч орохгүй” гэж байсан МАН-ынхан энэ өдрүүдэд дээрх хатуу байр сууринаасаа ухарч байгаа бололтой. Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн хамтаар МАН-ын бүлгийн хуралдаанд оруулсан бас нэг санал нь магадгүй дараагийн Засгийн газрын бүтэц, хамтралтай холбоотой байж болох юм.

Ардчилсан намынхны хувьд ҮЗХ-ноос өгсөн даалгаврын дагуу бүх намуудтай зөвшилцөх ёстой. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат ч бас “Цаашдаа бүх намуудад зөвшилцөх санал тавина” гэж мэдэгдэж байсан. Тэгэхээр энэ өдрүүдэд МАН-ын бүлгийн хуралдааны ширээнд “зөвшилцөх санал” ирсэн байж болох. Тийм учраас нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн хамтаар зөвшилцөх саналыг хүлээж авах эсэх асуудлаа хэлэлцэж буй биз ээ. МАН-ын дүрмээр бол энэ талаар бүлэг дангаар шийдэх эрхгүй. Удирдах зөвлөл нь тодорхой шийдвэр гаргаад, тэрийг нь МАН-ын бага хурлаас бататгах учиртай. Тэгвэл долоо хоног эхэлсээр Удирдах зөвлөл хоёр ч удаа хуралдаад байна. Хуралдаанаар нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцсэн гэх мэдээллийг өгч буй.

МАН дараагийн Засгийн газарт хамтрах уу, үгүй юу. Энэ бол улс төрийн маш том шийдвэр. Тийм ч учраас бүлгийн гишүүд нэгдсэн байр суурь, шийдлээ гаргахад хүндрэлтэй байна. Хоёр өдрийн турш хуралдаад ч шийдэлд хүрч чадсангүй бололтой. Зөвхөн Ч.Сайханбилэгийг дэмжих, эсэх асуудлаар л гэхэд МАН-ын бүлгийн гишүүд хоёр хуваагдсан гэх мэдээлэл байна. Нэг хэсэг нь дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь “Ямар нөхцөл, болзолтойгоор дэмжих вэ” гэдгийг тодруулж байгаа сурагтай.

Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийг дэмжлээ гэхэд Засгийн газарт ямар байр суурь эзлэх вэ гэдгийг лавласан гишүүд олон байгаа аж. Ер нь бол МАН-ынхан өмнөх Ерөнхий сайдыг огцруулахынхаа өмнө л гэхэд хэд хэдэн удаа “Парламент зөвшилцлийн ширээний ард суух ёстой” гэж мэдэгдэж байсан. Зөвшицөл гэдэг нь засагт орох асуудлыг тойруугаар хэлсэн байхыг ч үгүйсгэхгүй. Тэгээд ч дараагийн Засгийн газарт МАН гурван суудалтай байна гэх зэрэг мэдээллүүд гараад эхэлчихсэн.

Уг нь бол МАН-ын засагт орох, эсэх асуудлаас болж Ерөнхий сайдыг томилох асуудал цалгардаж болохгүй. Харамсалтай нь МАН-ын өчигдөр өдөржин хуралдсан хуралдаанаас болж, чуулганы нэгдсэн хуралдаан орж амжсангүй. Хэрэв чуулганы хуралдаан зарлагдсан бол уг хуралдаанаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг эцэслэн шийдэх хүлээлттэй байлаа. Гэвч тийм зүйл болсонгүй. Ерөнхий сайдыг хэр хурдан томилохоос дараагийн Засгийн газар хэр богино хугацаанд эмхлэн байгуулагдах асуудал хамаарна. Ер нь бол эрх баригчид яаралтай дараагийн Засгийн газраа байгуулаад, ажилдаа орох хэрэгтэй байна. Төрийн ажил намын ажлаас болж цалгардах учиргүй.

Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлэг өдөржин хуралдаж, чухам ямар асуудал хэлэлцээд, ямар шийдэлд хүрсэн гэдэг нь өнөөдөр тодорхой болох биз ээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.