Д. Трампад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Twitter Print
2023 оны 06-р сар 09-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

2022 оны 8-р сард гэрээс нь олдсон нууц баримт материалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампад эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхэд дуудсан байна.

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг 7 зүйл заалтаар буруутгаж байгаа гэж мэдээлж байгаа ч ирэх мягмар гарагт Д. Трампыг Майами хотын шүүхийн танхимд өөрийн биеэр очсоны дараа түүнийг ямар зүйл заалтаар буруутгаж байгааг албан ёсоор зарлаж, мөрдөн шалгах ажиллагааны материалуудыг ил болгох аж.

Өнгөрсөн онд Д. Трампын Флорида дахь гэрт хийсэн нэгжлэгийн үеэр хууль сахиулагчид 11 мянган материал хурааж авснаас 100 орчим нь нууц зэрэглэлтэй байсан тухай Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан билээ.

Түүнээс гадна прокурорт Д. Трампын Цагаан ордноос явахдаа нууц зэрэглэлтэй зарим баримт материалууд авсанаа хүлээн зөвшөөрч буй аудио бичлэг байгаа гэсэн мэдээлэл ч гараад байна.

АНУ-ын хуулиар төрийн албан хаагчид тэр дундаа төрийн тэргүүн нууц зэрэглэлтэй баримт материалыг зөвшөөрөлгүй авах, зөвшөөрөгдөөгүй газар хадгалах нь хууль бус үйлдэл аж.

Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд Д. Трампад хэрэг үүсгэх нь түүнд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход нь саад болохгүй гэдгийг онцолж байна.

The New York Times сонинд бичсэнээр Д. Трампыг шүүхэд худал мэдүүлэг өгсөн, шүүх үйл ажиллагаанд саад учруулахын тулд үгсэн хуйвалдсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа аж. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хараат бус прокурор Жэк Смит удирдаж байгаа аж.

АНУ-ын төрийн тэргүүн асан Д. Трамп өөрийн нийгмийн сүлжээндээ гэм буруугүй гэдгээ онцолж, АНУ-ын хувьд хар бараан өдөр болж байна хэмээн бичжээ.

Цагаан ордон болон прокурорын газраас албан ёсоор ямар нэг тайлбар мэдэгдэл хийхээс татгалзсан байна.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Д. Трамп шүүхэд оролцохоор хувийн онгоцоороо Нью Йорк хотод буув - http://mongolcom.mn/read/13700

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.