Нийгмиийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайханыг газрын даргатай нь хамт баривчиллаа

Twitter Print
2014 оны 11-р сар 19-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар (НХҮЕГ)-ын дарга Б.Баярсайханыг өнгөрсөн даваа гаригт хууль хяналтын байгууллагаас албадан саатуулж, ШШГЕГын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.

Гэвч хууль хяналтын байгууллагынхан түүнийг хорьсон болон ямар хэрэгт холбогдсон талаарх мэдээллийг ихэд нууцалж буй юм. Засгийн газрын харьяа агентлагуудын дэргэдэх сан хэмээх мөнгөний их уурхай болдог нэгжүүд бий. “Цэвэр агаар сан”, Нийгмийн даатгалын, нийгмийн халамжийн, эрүүл мэндийн даатгалын, ахмад настны гээд тусгай зориулалтын сан манайд их болж, татвар төлөгчдийн мөнгийг тэнд хурааж хуримтлуулдаг. Тухайн сангуудын ашиглалт зарцуулалтад хяналт тавих ажил сул байдгаас Засгийн газрын харьяа агентлагуудын дарга, захирал, сангийн удирдлагууд мөнгийг нь зориулалт бусаар зарцуулах, хуурамч баримтаар “идэж, уух”, бусадтай нийлж завших явдал өнөөдрийн манай нийгэмд жирийн үзэгдэл болоод байгаа.

Эмч нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагүй хүмүүсийг эмчлүүлсэн мэтээр баримт бүрдүүлж мөнгийг нь завшиж байсан тохиолдол гарч, цагаан халаадтануудын төлөөлөл ийм хэргээр ял шийтгүүлэхдээ тулж байв.

Харин орон нутгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн удирдлага, албан тушаалтнууд нийлж, халамжийн сангийн хөрөнгийг хуурамч баримтаар завшсан тохиолдол маш их байдгийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлдэг ч энэ төрлийн хэрэг гарсаар байгаа юм. Тухайлбал, орон нутгийн НХҮХийнхэн тахир дутуу хүнд хиймэл эрхтэн (протез) суулгуулсан хэмээн баримт бүрдүүлэх, хэвтрийн хүнд хөтөвч олгоно гээд халамжийн сангийн хөрөнгөөр өндөр настнаасаа олон “горшоок” худалдаж авсан баримт бүрдүүлсэн, хорвоогоос аль эрт хальсан хүнийг амьд мэтээр баримт бүрдүүлж мөнгө авсан, гэр нь шатаагүй байхад шатсан хэмээж хохирсон иргэнд тусламж үзүүлсэн гэж мөнгийг нь өөрсдөө авч байсан тохиолдол олон гарсан байдаг. Гэвч орон нутгийн НХҮХ-ийнхэн “жараахай” байсан бололтой. Тэдний учруулсан хохиролын хэмжээ тав хүртэл сая төгрөг гэдгийг хууль хяналтын байгууллагынхан шалгалтын явцад тогтоож байсан.

Харин өдгөө хууль хяналтын байгууллагынхан Нийгмийн халамжийн хөрөнгөөс завшиж байсан “акул”-уудын мөрөөр орсон бололтой. ШШГЕГ-ын эх сурвалжийн хэлснээр НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд уг саналыг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Дүүргийн I прокурорын газраас шүүгчид хүргүүлсэн юм байна. Ганц Д.Баярсайхан ч биш өөр нэг хүнийг түүнтэй хамт хорьсон гэнэ. Энэ талаар ЗБГХТГ-ын эх сурвалжаас лавлахад “НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг өөр нэг албан тушаалтны хамт эрүүгийн хэргийн сэжигтнээр цагдан хорьсон нь үнэн. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж буй болохоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалт жигдэрсэн хойно прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх боломж бий” гэхээс өөр зүйл хэлэхийг хүссэнгүй.

Уг мэдээллийг тодруулахаар НХҮЕГ-т очиход ажилтнууд нь ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзан, зугтаж байсан юм. Тус газрын нэрээ хэлэхийг хүсээгүй ажилтан “Өчигдөр үдээс хойш цагдаагийнхан ирээд манай хоёр даргыг саатуулаад зогсохгүй, өрөөнд нь үзлэг нэгжлэг хийн, битүүмжлээд явсан. Эд хөрөнгө завшсан гэж л буруутгаж байгаа юм шиг байна лээ. Хэчнээн төгрөг идэж уусан гэдгийг нь хуулийн байгууллага л тогтоох байлгүй дээ. Энд түгшсэн хүмүүс л байна” гэв. Дүүргийн I прокурорын газрынхан “НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан болон тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нарыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Хэргийг нь ЗБГХТГ-т шалгаж байгаа” гэв.

Өөр нэг эх сурвалж “Дээрх хүмүүс Нийгмийн халамжийн сангийн ахмад настны нийгмийн халамж үйлчилгээнд зориулсан мөнгөнөөс гэхэд нэг удаад 19 сая төгрөг завшсан байж болзошгүй. Цаашлаад дээрх сангийн бусад зориулалттай хөрөнгөөс ч их хэмжээгээр завшсан байх магадлалтай хэмээн шалгаж байна. Түүвэр аргаар шалгахад анхан шатны байдлаар тогтоогдсон нь л 19 сая төгрөг. Ахмадуудыг сувилалд хэвтүүлсэн гэх мэт баримт бүрдүүлж завшсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа нарийвчилж явагдана. Анхан шатны байдлаар тогтоогдсон нь энэ” гэлээ. НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан нь Архангай аймгийн уугуул, 1996-2000 онд АН-ынхан Засгийн эрх барьж байх үед тус аймгийн ИТХ-ын даргын албан тушаал хашиж байсан нэгэн. Ч.Эрдэнэбулган ч мөн Архангай аймгийнх юм байна.

 Эх сурвалж: Г.Равжаа, "Өнөөдөр" сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.