Хүнсний талон олгох журмыг шинэчилнэ

Twitter Print
2021 оны 03-р сар 03-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хүнсний талоны журмыг шинэчлэн батлахаар боловсруулж байгаа аж. 2018 онд хамгийн сүүлд тус журамд өөрчлөлт оруулсан бөгөөд хаягийн зөрчилтэй, бүртгэлгүй иргэнийг хүнсний талонд хамруулахгүй гэсэн зохицуулалттай явж иржээ. Тиймээс шаардлагатай иргэд хүнсний талонд хамрагдаж чадахгүй байгаа аж.

Манай улсад хүнсний талон авдаг 43 мянган өрхийн 235 мянган иргэн байдаг. Гэхдээ хүнсний талон авдаг айл, өрхийн 30 хувь нь хувийн унаатай байна гэсэн судалгаа гарсан талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлж байв. Сар бүр 0-16 хүртэлх насны гишүүнд 8000, 16-гаас дээш насны гишүүнд 16000 төгрөгийн хүнсний талон олгодог байна. Гэхдээ хүнсний талоноор хүссэн бүтээгдэхүүнээ авна гэсэн үг биш. Хүнсний гол нэрийн 10 бүлгийн тодорхой заагдсан бүтээгдэхүүнээс кг, ширхэг, боодлын үнэ хамаарахгүйгээр сонгож болох ч импортын болон тансаг хэрэглээний хэмээгдэх бүтээгдэхүүн сонгохыг хоригложээ. Тухайлбал мах, дайвар бүтээгдэхүүний хувьд гэхэд хиам болон лаазалсан, дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн авч болохгүй. Энэ нь тансаг хэрэглээ хэмээн ялгахаас илүүгээр эрүүл мэндэд сайнгүй, өдөрт авах илчлэг болон өрхийн хүнсний хэрэглээг хангахуйц хэмжээний биш гэж үзсэнтэй холбоотой. Мөн архи, тамхи олгохгүй.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлэхдээ “Хүнсний талон дээр бодлогоо эргэж харах ёстой байна. Хүнсний талон олгох нь буруу биш. Үнэхээр амьдрал нь хүнд, төр засгийн хайр халамж шаардлагатай хүнтэй хүрэх ёстой. Хүнсний талон гэдэг хөтөлбөрийг үгүйсгэхгүй, гол нь хэтэрхий хавтгайруулсан байх вий. Тиймээс өрхийн орлогыг орлуулсан тооцох судалгаанаас гадна ямар хяналт шалгалтын механизмуудыг ашиглаж болох вэ. Жишээлбэл, төрд байгаа мэдээллийн сангуудыг уялдуулж чадвал УИХ-ын даргын танилцуулсан 30 хувь нь тээврийн хэрэгсэлтэй байна гэдэг ч юм уу асуудалд хяналт, судалгаа хийх боломжтой. Мөн малчин өрхүүдийг малын тооноос нь хамааран хүнсний талон  олгох эсэхээ шийднэ. Жил бүхэн мал тооллого хийж байна. Тиймээс 50-иас доош малтай бол хамрагдаж болно. Энэ агуулгаараа хүнсний талон олгох журмыг шинэчлэхээр ажлын хэсгүүд ажиллаж байна. мэдээж маш олон хүний амьдралтай холбоотой учраас яамны зүгээс маш хариуцлагатай, няхуур хандаж байгаа” гэлээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.