Өвлийн олимпийн бэлтгэл бүрэн хангагдсан гэв

Twitter Print
2021 оны 11-р сар 11-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

БНХАУ Бээжингийн 2022 оны өвлийн олимпийг Бээжин, Жанчхүү, Яньчин гэх гурван газарт хуваарилан зохион байгуулна. Одоогийн байдлаар олимпийн 12 ордон, талбай, барилга байгууламжийг ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөөд байгаа талаар CCTV мэдээллээ. Тухайн бүсүүдэд цагаан олимпыг угтсан өвлийн спортын олон улсын тэмцээн уралдааныг удаа дараа амжилттай зохион байгуулж, бэлтгэл туршилтыг хангалттай хийж гүйцэтгэжээ.

Бээжин дэх "Шувууны үүр" үндэсний цэнгэлдэх хүрээлэнд өвлийн олимпийн нээлт, хаалтын ёслолын арга хэмжээ, "Мөсөн тууз" хэмээн нэрлэгддэг Тэшүүрийн үндэсний төв ордонд олимп, паралимпын тэшүүртэй гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах юм байна. Бээжингийн хамгийн том үйлдвэр байгаад хаягдсан районыг шинээр засварлан тохижуулж байгуулсан цанын спортын “Шөүган” төв нь дэлхийн хамгийн анхны байнгын ажиллагаатай снөүбордын харайлтын тавцан бөгөөд өвлийн олимпийн түүхэнд анх удаа аж үйлдвэрийн байгууламжийг дахин ашиглаж бүтээсэн тэмцээний талбай гэдгээрээ онцлог болжээ. “Усан шоо” хэмээн нэрлэгддэг Усан спортын үндэсний төвийг “Мөсөн шоо” болгон өөрчилж, өвлийн олимпын кёрлингийн тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэсэн байна. Харин хоккей, богино зайн тэшүүр, уран гулгалт зэрэг төрлийг Ү Кэсүний спортын төв ордон болон Бээжингийн спортын төв ордонд хийх ажээ.

Жанчхүүгийн тэмцээний бүсэд олон улсын стандартаар байгуулсан Үндэсний цанын спортын төвд цанын харайлтын таван төрөлт тэмцээн болон Нордикийн тэмцээнийг зохион байгуулна.

Бээжингийн хойд хэсэг дэх алслагдсан дүүрэг Яньчинд олимпийн хоёр шинэ ордон бүхий спортын их талбайг байгуулсан бөгөөд Уулын цанын үндэсний төв Хятад улсын хамгийн өндөр зэрэглэлийн тусгай замтай. “Цасан луу” хэмээгдсэн энэхүү чарганы замын нийт урт нь 1.9 километр, 16 хэсэг тахиралдсан хийцтэй бөгөөд техникийн хамгийн өндөр ур чадвар шаардсан байгууламж болжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.