Европын орнуудад ОХУ энэ өвөл хий нийлүүлэхээ зогсооно гэдэгт бэлтгэлтэй байхыг сануулжээ

Twitter Print
2022 оны 06-р сар 23-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

Олон Улсын Эрчим хүчний агентлагийн тэргүүн Фатих Бирол ОХУ энэ өвөл Европт хий нийлүүлэхээ зогсоож болзошгүй хэмээн анхааруулжээ. Тэрээр ОХУ хий нийлүүлтээ бүрэн зогсоохгүй байлаа ч Европын улс орнууд урьдчилж таамаглашгүй нөхцөл байдал үүссэн үед хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байх хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж.

Сүүлийн хэдэн долоо хоногуудад ОХУ Европын хэд хэдэн орнуудад нийлүүлж буй хийн хэмжээгээ огцом бууруулсан билээ. Оросын тал нь энэ нь техникийн эвдрэл гэмтэлтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа ч барууны орнууд үүнийг ОХУ-ын санаатай үйлдэл хэмээн үзэж байгаа аж.

ОХУ Украин руу довтлохоос өмнө Европын холбоо байгалийн хийн 40 хувиа ОХУ-аас импортлодог байсан бол өнөөдөр энэ хэмжээ 20 хувь хүртлээ буурсан байна. Фатих Биролын үзэж байгаагаар ОХУ хийн экспортоо бууруулсан нь "стратегийн" алхам бөгөөд үүнээс болж Европын орнууд хийгээ хангалттай нөөцлөхөд хүндрэл үүсэж, эрчим хүчний талаас ОХУ-аас хамаарал нь энэ өвөл бүр нэмэгдэх аж.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-аас Европ руу хий дамжуулах гол хоолой болох Норд Стрийм-1 хоолойгоор урсах хийн хэмжээ зөвхөн 40 хувьтай байсан ба Европ даяар хийн нийлүүлэлт багассан талаар мэдээлж байна. Италийн эрчим хүчний Эни компанийн мэдэгдсэнээр Оросын төрийн өмчит Газпром компани Италид импортлох ёстой хийнийхээ тал хувийг нь л нийлүүлжээ.

Франц энэ сарын 15-наас хойш ХБНГУ-аас Оросын хий хүлээн аваагүй гэдгээ мэдэгдсэн бол Польш, Болгар, Финлянд, Дани улс ОХУ-ын төлбөрөө рублиэр хийх шаардлагыг биелүүлэхээс татгалзсан учраас ОХУ дээрх улс орнуудад хий эзспортлохоо бүрэн зогсоосон билээ.

Өнгөрсөн сард Европын улс орнууд 11-р сар гэхэд хийн агуулахуудаа багадаа 80 хувиар дүүргэх зорилт тавьсан ба одоогийн байдлаар энэхүү зорилт нь 55 хувьтай явж байгаа аж.

Фатих Бирол Европын орнууд байгалийн хийн хэрэглээгээ бууруулах зорилгоор нүүрсээр ажилладаг эрчим хүчний станцууд, атомын цахилгаан станцуудын ажиллагааны хугацааг нэмэгдүүлэх богино хугацааны арга хэмжээг авах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.