Ч.Сайханбилэгийн эсрэг 35 кноп

Twitter Print
2014 оны 11-р сар 18-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр чуулганы танхимд Ч.Сайханбилэгийн эсрэг 35 кноп бэлэн боллоо гэсэн үг.

МАН-ын бүлгийн 25 гишүүн дээр Ч.Сайханбилэгийг дэмжээгүй АН-ын 10 гишүүн нэмэгдээд энэ юм. Түүнчлэн бие даагч гурван гишүүн, “Шударга ёс” эвслийн зарим гишүүн, АН-ын бүлгийн хуралд суугаагүй 6 гишүүний санал аль талд байх вэ гэдгээс шалтгаалаад Ерөнхий сайдад нэр дэвшигчийн эсрэг кноп багаар бодоход 3-4-өөр нэмэгдэх магадлалтай. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэхийг дэмжих эсэхээр санал хураах юм бол тэрээр Н.Алтанхуягийн араас явж мэднэ.

Гэхдээ АН-ын удирдлагууд нэр дэвшигчээ батлуулахын төлөө хэр сайн ажиллахаас бүх зүйл шалтгаална. Ингэхийн тулд тэд юуны өмнө өрөөлийн хүмүүстэй ярилцахаас өмнө өөрийн намын бүлэгт байгаа эсэргүү гишүүдтэйгээ ам хэлээ ололцохыг хичээх байх. АН-ын бүлгийн 10 гишүүн Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдэг байр сууриа хэвээр хадгалсаар байх юм бол байдал эвгүйтнэ.

Тэгэхээр АН-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар Ч.Сайханбилэгийг дэмжүүлэхийн тулд өөрсдийн талд дарах кноп цуглуулах ажлыг эрчимтэй хийхээс өөр аргагүй.

АН-ын шинэхэн дарга З.Энхболдын хувьд Р.Амаржаргалыг дэмжиж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр ҮЗХ-нд өргөн барьж байсан. Тухайн үед З.Энхболд АН-ын өмнөөс биш АН доторх “Шонхор” фракцын өмнөөс шийдвэр гаргаж, тийм алхам хийж байв. Одоо бол З.Энхболд гэдэг хувь хүн, хувь улстөрчийн зүгээс биш АН-ын эрх ашгийн үүднээс тэрээр аливаа асуудалд хандах учиртай. Өөрөөр хэлбэл АН-ын даргын хувьд намаасаа нэр дэвшсэн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилуулахын төлөө ажиллаж таарна.  

Сөрөг хүчин МАН-ынхан Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн энэ тохиолдолд УИХ дахь АН-ын бүлэг нэгдмэл байр суурьтай байж чадвал нэр дэвшигчээ УИХ дээр унагахгүй авч гарах хангалттай боломж бий. Засагт дахин орж бялуу хүртэхээр горьдож суугаа ИЗНН, “Шударга ёс” эвслийнхэн АН-ын 36 гишүүн дээр нэмэгдэхэд л хангалттай.

Х.Төрболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.