Бахмутад Оросын 20 мянга гаруй цэрэг амиа алджээ

Twitter Print
2023 оны 05-р сар 02-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн мэдээлснээр сүүлийн 5 сарын хугацаанд Украины Бахмут хотын төлөөх тулаанд Оросын 20 мянга гаруй цэрэг амиа алдаж, 80 мянга орчим цэрэг шархдсан аж.

Амиа алдсан цэргүүдийн тал хувь нь Оросын хувийн цэргийн Вагнер компанийн албан хаагчид аж.

Москва Бахмут хотыг өнгөрсөн жилээс хойш эзлэхийг оролдож байгаа ба хэдхэн мянган хүн үлдсэн тус хотын төлөөх тулаан нь хоёр улсын хувьд чухал ач холбогдолтой болоод байгаа юм.

Украины эрх баригчид Бахмутад аль болох олон орос цэргүүдийг хөнөөж, Оросын армийн нөөцийг шавхах зорилготой гэдгээ мэдэгдсэн юм. Нөгөөтээгүүр Бахмут хотын маш жижиг хэсгийг л украинчууд хянаж байгаа юм.

Жон Кирбигийн хэлснээр Бахмутаар дамжуулан хэрэгжүүлж буй Оросын довтолгоо бүтэлгүйтсэн ба ОХУ стратегийн чухал ач холбогдол бүхий нэг ч газрыг эзэлж чадаагүй аж. Тэрээр, "Өнгөрсөн 12-р сараас хойш Бахмутад ОХУ-ын талаас нийт 100 мянга гаруй цэрэг амиа алдсаны 20 мянга гаруй нь тулааны үеэр амиа алдсан" гэжээ.

Нөгөө талаас Жон Кирби Украины талаас амиа алдсан цэргүүдийн тоог зарлахаас татгалзсан тухайгаа, "Украин бол хохирогч, харин ОХУ бол түрэмгийлэгч" хэмээн тайлбарлажээ.

Бахмут хотыг эзлэх нь оросуудад Донецк мужийг бүхэлд нь хяналтанд авах боломжийг олгох юм. Өнгөрсөн 9-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины 4 мужийг ОХУ-д нэгтгэснээ зарласны нэг нь Бахмут хотын байрлах Донецк муж юм.

Шинжээчид Бахмут хотн нь стратегийн чухал ач холбогдолгүй ч Оросын цэргийн удирдлагуудын хувьд чадал чансаа, ур чадварын шалгуур болоод байгааг онцолж байгаа юм.

Вагнер компанийн тэргүүн Евгений Пригожины цэргүүд Бахмут хотыг эзлэх ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж байгаа ч тэрээр армийг нь хангалттай зэр зэвсгээр хангаж чадахгүй бол Бахмутаас цэргээ гаргана хэмээн мэдэгдсэн билээ. Тэрээр Оросын хэвлэл мэдэллийн хэрэгслүүд, Оросын армийн удирдлагуудаас Оросын иргэдэд бүх зүйл сайхан байна гэж худлаа ярихаа зогсоохыг шаардаж, Украины армийн ур чадварыг магтаж байсан юм.

Украины талын сөрөг довтолгооны ачаар Бахмутын зарим хэсгээс оросын цэргүүд ухарсан ч нөхцөл байдал хүнд хэвээр байгааг Украины армийн удирдлагууд мэдээлсэн байна.

Түүнчлэн Оросын арми амь үрэгдсэн цэргүүдийнхээ орон тоог маш хурдан нөхөж байгаа тухай Украины хуурай газрын цэргийн хүчний командлагч Олександр Сирский телеграм хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.