Төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт

Twitter Print
2021 оны 03-р сар 05-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт нь хамгийн нийтлэг цус багадалт – энэ нь цусан дахь эрүүл улаан эсийн тоо багасах эмгэг юм. Цусны улаан эс нь хүчилтөрөгчийг биеийн эд эсэд хүргэдэг.

Нэрнээс нь үзэхэд, төмрийн дутагдлын цус багадалт нь төмөр хангалтгүйгээс шууд хамаардаг. Таны биед агуулагдах төмрийн хэмжээ хангалтгүйгээс улаан эс хүчилтөрөгч (гемоглобин) зөөх бодисыг хангалттай хэмжээгээр ялгаруулж чадахгүйд хүрдэг байна. Үүний үр дүнд төмрийн дутагдлын цус багадалт нь таныг ядарч сульдаж, амьсгаадахад хүргэдэг.

Та ихэвчлэн төмрийн дутагдлын цус багадалтыг төмрийн бэлдмэл хэрэглэснээр сэргийлж болдог байна. Заримдаа төмрийн дутагдлын цус багадалтад нэмэлт шинжилгээ, эмчилгээ шаардлагатай байдаг, ялангуяа эмч таныг дотогшоо цус алдаж байна гэж сэжиглэсэн тохиолдолд.

Шинж тэмдгүүд

Төмрийн дутагдлын эхэн үеийн шинж тэмдгүүд нь бараг мэдэгдэхгүй шахуу байдаг тул анзаарагдахгүй өнгөрдөг. Гэхдээ бие нь төмрийн дутагдалд орж, цус багадалт даамжрах тусам шинж тэмдэг хурцддаг байна.

Төмрийн дутагдлын цус багадалтын шинж тэмдгүүд нь:

  • Ядрах

  • Сульдах

  • Арьс цонхийх

  • Цээжээр өвдөх, зүрхний цохилт хурдсах эсвэл амьсгал давчдах

  • Толгой өвдөх, толгой дүйрэх эсвэл эргэх

  • Гар хөл хүйтэн байх

  • Хэл өвдөх эсвэл үрэвсэх

  • Хумс хэврэгших

  • Тэжээллэг бус мөс цардуул зэргийг хүсэх

  • Цус багадалттай хүүхдүүдийн хоолны дуршил муудах

Хэзээ эмчид хандах вэ?

Хэрэв та эсвэл таны хүүхдэд төмрийн дутагдлын цус багадалтын шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Төмрийн дутагдлын цус багадалт нь өөрөө оношлох, эмчлэх зүйл биш юм. Тиймээс төмрийн эмчийн зааврын дагуу ууж хэрэглээрэй. Бие махбодод төмрийн илүүдэл үүсэх нь тун аюултай юм, энэ нь элгэнд хуримтлагдаж гэмтээхээс гадна өөр бусад хүндрэлүүдийг үүсгэдэг.

Шалтгаан

Таны биед гемоглобин боловсруулахад хангалттай хэмжээний төмөр байхгүй үед төмрийн дутагдлын цус багадалт үүсдэг. Гемоглобин бол цусанд улаан өнгийг бүрэлдүүлэгч нэг хэсэг бөгөөд хүчилтөрөгчийг биеийн бүх хэсэгт цусаар дамжуулах боломжийг олгодог.

Хэрэв та хангалттай хэмжээний төмөр хэрэглэхгүй, эсвэл хэт их хэмжээний төмрийг биеэс алдаж байгаа бол таны бие хангалттай гемоглобин боловсруулж чадахгүй бөгөөд эцэст нь төмрийн дутагдлын цус багадалт үүсэх болно.

Төмрийн дутагдлын цус багадалтын шалтгаанууд нь:

  • Цус алдагдал. Цус нь төмрийг улаан эс дотроо агуулдаг. Тэгэхээр та цус алдвал төмрөө мөн адил алдана гэсэн үг юм. Сарын тэмдэг хүнд ирдэг эмэгтэйчүүдийн хувьд цус багадалт үүсэх эрсдэлтэй байдаг. Биеийн доторх удаан, архаг цус алдалт, тухайлбал, пепсинышарх, завсрын ивэрхий, бүдүүн гэдэсний полип, бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг нь төмрийн дутагдлын цус багадалт үүсгэдэг. Ходоод гэдэсний цус алдалт нь эмчийн зөвлөгөөгүйгээр зарим эмийг, ялангуяа аспириныг тогтмол хэрэглэснээс үүдэлтэй байдаг.

  • Хоол хүнснээс хамааралтай төрийн дутагдал. Таны бие идэж буй хоол хүнснээсээ төмрийг тогтмол авж байдаг. Хэрэв таны идэж хэрэглэж буй хоол хүнс төмрийн агууламж багатай бол таны бие цаг хугацааны явцад төмрийн дутагдалд орж болзошгүй юм. Төмөрөөрбаялаг хүнсний бүтээгдэхүүнүүд нь мах, өндөг, навчит ногоо, төмрөөр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний нэмэлтүүд зэрэг орно. Нярай болон бага насны хүүхдийн биеийн хөгжил тогтвортой явагдахын тул хоол хүнснээс авах төмөр нэн чухал үүрэгтэй байдаг.

  • Төмрийг шингээх чадваргүй болох. Хоол хүнснээс боловсруулагдсан төмөр нь нарийн гэдэснээс биед шимэгддэг. Гэдэсний өвчин болох целиак өвчин нь таны гэдсэнд шингэсэн хоол хүнснээс шим тэжээлийг шингээхэд нөлөөлдөг тул төмрийн дутагдлын цус багадалтад хүргэдэг. Хэрэв нарийн гэдсийг мэс заслын аргаар авсан бол энэ нь таны төмөр болон бусад шим тэжээлийг шингээх чадварт нөлөөлж болзошгүй юм.

  • Жирэмсэн үе. Төмрийн агууламж нь цусны хэмжээг ихэсгэхээс гадна өсөн нэмэгдэж буй ургийн гемоглобины эх үүсвэр болдог тул төмрийн бэлдмэл нэмэлтээр хэрэглээгүй үед жирэмсэн эхчүүд төмрийн дутагдлын цус багадалтад өртдөг.

Эрсдэлт хүчин зүйлс

Эдгээр бүлгийн хүмүүст төмрийн дутагдлын цус багадалтын эрсдэлтэй байдаг.

  • Эмэгтэйчүүд.Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үеэр цус алддаг, тиймээс эмэгтэйчүүдийн хувьд төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтад өртөх өндөр эрсдэлтэй байдаг.

  • Нярай болон бага насны хүүхдүүд. Нярай хүүхэд, ялангуяа жин багатай эсвэл дутуу төрсөн, эхийн сүү, сүүн тэжээлээс хангалттай хэмжээний төмөр авч чаддаггүй хүүхдүүд төмрийн дутагдалд орох эрсдэлтэй байдаг. Бага насны хүүхдүүдийн хувьд өсөлтийн үеэр нэмэлт төмөр хэрэглэх шаардлагатай байдаг. Хэрэв таны хүүхэд эрүүл, олон төрлийн хоол хүнс хэрэглэдэггүй бол цус багадалт үүсэх эрсдэлд ордог байна.

  • Цагаан хоолтон. Мах хэрэглэдэггүй хүмүүс бусад төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэхгүй бол төмрийн дутагдлын цус багадалтад орох эрсдэлтэй байдаг.

  • Байнга цусаа өгдөг донорууд. Цусаа хандивлах нь биед агуулагдах төмрийн хэмжээг шавхдаг тул тогтмол цусаа өгдөг хүмүүст төмрийн дутагдлын цус багадалт үүсэх эрсдэл нэмэгддэг. Цусны донортой холбоотой гемоглобины хэмжээ бага байх нь төмрөөр баялаг хоол хүнс идсэнээр нөхөгддөг тул түр зуурын асуудал юм. Хэрэв эмч тань таны гемоглобин бага байгаа тул цусаа хандивлах боломжгүй гэж хэлсэн бол энэ талаар сайтар дэлгэрүүлж асууж байна уу.

Хүндрэлүүд

Төмрийн дутагдлын хөнгөн цус багадалт нь ихэвчлэн хүндрэл үүсгэдэггүй. Гэсэн хэдий ч төмрийн дутагдлын цус багадалтыг эмчлэхгүй бол хүндэрч, эрүүл мэндэд асуудал үүсгэж болзошгүй бөгөөд үүнд дараахь зүйлс орно:

  • Зүрхний асуудал.Төмрийн дутагдлын цус багадалт нь зүрхний цохилтыг түргэсгэж эсвэл хэм алдагдахад хүргэж болзошгүй юм. Цус багадалттай үед цусан дахь хүчилтөрөгчийн дутагдлыг нөхөхийн тулд таны зүрх илүү их цус шахах ёстой болдог. Энэ нь зүрх томрох эсвэл зүрхний дутагдалд хүргэж болзошгүй юм.

  • Жирэмсний үеийн асуудал. Жирэмсэн эмэгтэйчүүдэд төмрийн дутагдлын хүнд хэлбэрийн цус багадалт нь дутуу төрөлт, бага жинтэй хүүхэд төрөхтэй холбоотой байдаг. Гэхдээ жирэмсний хяналтандаатөмрийн бэлдмэл эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглэснээр энэхүү нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг.

  • Өсөлт хөгжлийн асуудал. Нярай болон бага насны хүүхдүүд төмрийн дутагдалд орсноор цус багадалт үүсэхээс гадна өсөлт хөгжилт удааширдаг. Нэмж дурдахад төмрийн дутагдлын цус багадалт нь халдвар авах магадлалыг нэмэгдүүлдэг байна.

Урьдчилан сэргийлэх

Та дараахи төмрөөр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хоолондоо хэрэглэснээр төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтын эрсдэлийг бууруулах боломжтой

Төмрөөр баялаг хүнс нь:

  • Улаан мах, гахайн мах, шувууны мах

  • Далайн гаралтай бүтээгдэхүүн

  • Шош

  • Хар ногоон өнгө бүхий цэцэг ногоо (бууцайгэх мэт)

  • Хатаасан жимс (үзэм, чангаанзгэх мэт)

  • Төмрөөр баяжуулсан хоол хүнс (гурил, талх, гоймон, өглөөний хоол)

  • Вандуй

Таны бие махнаас төмрийг бусад эх үүсвэрээс авдгаас илүү хэмжээгээр шингээдэг. Хэрэв та мах идэхгүй байхаар шийдсэн бол төмрөөр баялаг, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэмжээг ихэсгэж, мах иддэг хүнтэй ижил хэмжээний төмрийг шингээж авах шаардлагатай болно.

Төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлэхийн тулд С аминдэмээр баялаг хоол хүнсийг сонгоорой

Та цитрусын шүүс уух эсвэл С аминдэмээр баялаг бусад хоолыг төмрийн агууламж өндөртэй хоол хүнстэй нэгэн зэрэг хэрэглэснээр биеийнхээ төмрийн шингээлтийг сайжруулж болдог. С аминдэм агуулдаг цитрусын төрлийн жимс болох жүржийн жүүс нь хүнсний бүтээгдэхүүнээс төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлэхэд тусалдаг байна.

С аминдэм нь дараах бүтээгдэхүүнд байна:

  • Брокколи

  • Бэрсүүтжүрж

  • Киви

  • Навчит ногоо

  • Амтат гуй

  • Жүрж

  • Чинжүү

  • Гүзээлзгэнэ

  • Мандарин

  • Улаан лооль

Нярай хүүхдийг төмрийн дутагдлын цус багадалтаас урьдчилан сэргийлэх

Нялх хүүхдийн төмрийн дутагдлын цус багадалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдээ эхийн сүү эсвэл төмрөөр баяжуулсан хуурай сүүн бэлдмэлээр эхний жилдээ хооллоорой. Үхрийн сүү нь нялх хүүхдэд төмрийн сайн эх үүсвэр биш бөгөөд 1-ээс доош насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй. 6 сараас хойш төмрийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд хүүхдээ төмрөөр баяжуулсан нухаш махаар эсвэл нэмэлт тэжээлээр өдөрт дор хаяж хоёр удаа хооллох хэрэгтэй. Нэг жилийн дараа хүүхдүүд өдөрт 20 унци (591 миллилитр) -аас ихгүй сүү уухгүй байхыг анхаараарай. Хэт их сүү нь бусад хоол хүнс, түүний дотор төмрөөр баялаг хоолны хэрэглээг хязгаарладаг.

Эх сурвалж: mayoclinic.org

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.