
Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко Европын холбооны зүгээс Беларусь-Польшийн хил дээр үүссэн нөхцөл байдалд Беларусийн эрх баригчдыг буруушаан, тус улсын эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээгээ нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэний хариуд Европ руу хий дамжуулахаа зогсооно хэмээн сүрдүүлжээ.
Беларусь-Польшийн хил дээр Европын холбоо руу нэвтрэх гэсэн хэдэн мянган цагаачид гацаад байгаа ба Европын холбоо Беларусийн эрх баригчид санаатайгаар цагаачдыг илгээж, Европын холбооны аюулгүй, тогтвортой байдлыг алдагдуулах оролдлого хийж байна хэмээн буруутгасан билээ.
Европын холбооны удирдлагууд Беларусийн эсрэг хориг арга хэмжээгээ нэмэгдүүлнэ гэсний хариуд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, "Европын холбоо нэмэлт хориг арга хэмжээ тогтоовол бид хариу өгөх ёстой. Бид Европыг дулаацуулж байхад тэд биднийг заналхийлж байна. Тэгвэл бид хийн нийлүүлтийг зогсоовол яасан юм? Тийм ч учраас польшууд, литвачууд болон бусад хоосон толгойтнууд ярихаасаа өмнө сайтар бодож байх хэрэгтэй." хэмээн сүрдүүлжээ.
Европын холбооны эрх баригчид болон Литва руу дүрвэсэн Беларусийн сөрөг хүчний тэргүүн Светлана Тихановская нар" Ерөнхийлөгч А. Лукашенкогийн мэдэгдлийг хоосон сүрдүүлэг хэмээн үзэж байгаа бол зарим ажиглагчид эрчим хүчний хямралтай хэдийн тулгараад буй Европт хийн үнэ дахин. нэмэгдэх явдалд Беларусь нөлөөлөх чадалтай гэж анхааруулж байна.
Ирэх даваа гарагаас Европын холбооны зүгээс Беларусийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээгээ хэрэгжүүлж эхлэх төлөвтэй байгаа ба хоригт Туркийн Turkish Airlines, Оросын Аэрофлот зэрэг агаарын тээврийн компаниуд багтах болзошгүй аж.
ОХУ-аас Европ руу байгалийн хий экспортлодог хий дамжуулах хоолой Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг ба Беларусь хийн хоолойг хаах нь тус улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй юм. Нөгөө талаас хийн хоолойг Беларусь бус ОХУ эзэмшдэг учраас Европ руу хий нийлүүлэхийг зогсоох эсэхийг шийдэх эрх нь ОХУ-д байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Холбоотой мэдээ:
-Беларусийн эрх баригчид Польшийн хил рүү 1000 орчим цагаачдыг буцаалаа - http://mongolcom.mn/read/16256
-Улс орнууд Беларусийн эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг уриалж байна - http://mongolcom.mn/read/16397
-Ангела Меркель Владимир Путингээс Минскт нөлөөлөхийг хүсчээ - http://mongolcom.mn/read/16487