
Сарны хөрснөөс дээж авсан Хятадын гараг хоорондын зонд "Чанъэ-5" БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орны бүс нутагт амжилттай газардсан талаар Хятадын Үндэсний сансрын төвөөс мэдээлжээ.
Дэлхийн агаар мандлыг нэвтэрснийхээ дараа "Чанъэ-5" сансрын зонд шүхэрний тусламжтайгаар газардсан ба газардсан газар луу нь тусгай багийг илгээгээд байна. Сарны хөрснөөс дээж авах ажиллагааг биелүүлэх даалгавартай гараг хоорондын "Чанъэ-5" зондыг өнгөрсөн сарын 23-нд "Чанчжэн-5" пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн юм. Хятадын Үндэсний сансрын төвөөс мэдээлснээр "Чанъэ-5" зонд нь энэ сарын 1-нд саран дээр амжилттай бууж, сарны хөрсийг өрөмдөн, 2 метрийн гүнээс хөрсний дээж авсан аж.
"Чанъэ-5" гараг хоорондын зонд нь сарны хөрс болон гадаргаас нийт 2 кг орчим геологийн дээж авч, Дэлхий рүү буцахаасаа өмнө саран дээр БНХАУ-ын далбааг байршуулсан байна. БНХАУ нь 1976 оноос хойш Дэлхий дээр сарны хөрснөөс дээж авчирсан анхны улс, сарнаас дээж авсан 3 дахь улс болж байгаа ба өмнө нь Зөвлөлт Холбоот улс болон АНУ сарны хөрснөөс дээж авчрах ажиллагааг амжилттай гүйцэтгэж байжээ.
Эх сурвалж: CCTV
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.