
Алимны цуу үсэнд эерэг нөлөө үзүүлдгийг ихэнх хүн мэддэг. Гэтэл уг бүтээгдэхүүн маань арьсанд ч гэсэн гойд сайн үйлчилгээтэй аж. Хэрэв таны арьсанд /үрэвсэл, батга, нүхжилт, тууралт/асуудал үүсч, санааг тань зовоогоод байвал алимны цуунд анхаарлаа хандуулаарай.
Алимны цуунд альфа-гидроксилын хүчил агуулагддаг бөгөөд энэ нь үхэжсэн эдүүдийг гуужуулж арьсыг сэргээн, төлжүүлж байдаг. Зарим алдартай гоо сайхны бүтээгдэхүүнд энэ бодис нь маш ихээр агуулагдсан байдаг. Алимны цуу нь арьсны тослог ялгаралтыг тогтворжуулж, нян болон мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна арьсыг гүн чийгшүүлж, өнгийг нь сэргээх чадвартай.
Алимны цууг хэрэглэхийн өмнө буцалсан усанд хийж, цуу болон ус нь 1:3 харьцаатай байхаар тооцон шингэлнэ. Ингэж бэлтгэсэн уусмалаа хөвөндөө шингээгээд, усаар нүүрээ угаахаасаа өмнө хөвөнд шингээсэн уусмалаараа нүүрээ арчина. Үр дүнд нь арьсны таагүй асуудлуудаас ангижирна.
Мөн алимны цуугаар нүүрнийхээ нөсөө толбыг бүдгэрүүлж болдог. Үүний тулд уусмалдаа хөвөнгөө дүрж, түүнийгээ нүүрний сэвх, нөсөөтэй хэсэг тус бүрт тавьж 20-30 минут байлгаад угаана.
Харин нэг зүйлийг анхааруулахад та дэлгүүрээс алимны цуу худалдан авахдаа орц найрлагыг нь сайн харж авахад илүүдэхгүй. Учир нь дэлгүүрүүдэд зөвхөн алимны амт оруулсан төдий хүнсний цуу түгээмэл худалдаалагддаг. Тиймээс аль болох цэвэр байгалийн аргаар гарган авсан бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэдгийг санаарай.
Хэрэв дэлгүүрт бидний хайгаад байгаа цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн байхгүй бол яах вэ?
Гэрийн нөхцөлд алимны цууг хялбар байдлаар бэлтгэж болдог. Ер нь бол алимны цууг алимны исгэсэн шүүс гэж ойлгож болно. Жимсэнд агуулагдах сахар нь иссэнээр спирт болон хувирч энэ нь аажимдаа алимны цуу болдог. Иймд алимыг исгэж үнэ цэнэтэй, ашигтай бодисыг нь гарган авахын тулд та заавал чихэрлэг сортын, чанартай, болц нь гүйцсэн алим сонгох шаардлагатай.
Ингээд алимыг сайтар угааж цэвэрлэн, жижиглээд паалантай саванд хийж 1 кг чихэрлэг алиманд 50 гр элсэн чихэр байхаар тооцон чихэр нэмнэ. Хэрэв исгэлэн алим сонгосон бол 1 кг алиманд 100 гр чихэр нэмнэ. Үүн дээрээ алимаа далд ортол нь 70 хэмийн буцламгай халуун ус хийхэд шингэн савны ирмэгнээс доош 3-4 см зайтай байх ёстой. Энэхүү холимогоо дулаахан, нар тусахааргүй газарт тавина. Дээд хэсгийг хатаахгүйн тулд өдөрт 2-оос доошгүй удаа хутгах ба хоёр долоо хоногийн дараа уг холимогоо 2-3 давхар самбай даавуугаар шүүж исгэхийн тулд шилэн саванд юүлнэ.
Ингэхдээ шингэн исэхээрээ дээшээ хөөрөх учраас шилэн савандаа дээд ирмэгээс нь 5-7 см хэртэй зай үлдээнэ. Ингээд хоёр долоо хоног байлгаад алимны цуу бэлэн болно. Бэлтгэсэн алимны цуугаа шилэн лонхонд хийхдээ болгоомжтой хийх бөгөөд ёроолд нь тунасан хэсгийг давхар самбай даавуугаар сайтар шүүж хийх хэрэгтэй. Лонхтой цуугаа сайтар бөглөөд харанхуй газар, тасалгааны хэмд хадгална.
Эх сурвалж: www.folk-med.ru, www.takprosto.cc
Орчуулсан:
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.