УИХ-ын гишүүн Г.Уянга: Би таны төлөө дарахгүй, та ялагдаад сонгогдож байна

Twitter Print
2014 оны 11-р сар 21-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн талаар танилцуулсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан юм. Үүний дараа гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгээс асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Та өмнөх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан, бүрэлдэхүүнд нь ороод явж байсан хүний хувьд одоо байгуулах шинэ Засгийн газартаа тэр бүрэлдэхүүнээсээ оруулах уу. Энэ Засгийн газартаа оруулж ажиллуулна гэсэн хүн бий юу. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын үед прокурор нь АТГ-тайгаа нийлж хэвлэлийн хурал хийдэг байсан. Тэгвэл одоо хараат бус бие даасан хууль хүчний байгууллага бүрдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: АН-ын ҮЗХ-ноос УИХ-д суудалтай бүх намуудтай зөвшилцөх саналыг хүргүүлсэн байгаа. Гэхдээ орж ажиллах эсэх нь тэдний сонголт. Хууль хяналтын байгууллагын шинэчлэлийн бодлогын хурдыг нь сааруулахгүйгээр явуулна.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Танай найз С.Баярцогт таныг Ерөнхий сайд болгох гэж их гүйсэн. Та хоёрыг нийлээд Оюутолгойн хувийг зарах гэж байгаа юм биш биз дээ гэх хардлага төрж байна. Тийм учраас би таны төлөө дарахгүй. Та Ерөнхий сайдаар томилогдох юм байна. Гэхдээ ялагдаж томилогдлоо. Маш олон хүн таныг томилохыг дэмжихгүй байна. Та томилогдохдоо аль хэдийнэ ялагдчихаад томилогдлоо гэж харж байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: АН-д хамт зүтгэж байгаа 35 гишүүдээ би өөрийн найз нар гэж хардаг. Тэд бүгд Ерөнхий сайдын төлөө зүтгэж байгаа гэж харж байна. Оюутолгой тавантолгойн төслийг шийдэж байж эдийн засгийн хүндрэл арилна. Энэ хоёр том төслийг шийдэхээс өөр арга байхгүй. Харин хэзээ хаана гэдгийг УИХ- тайгаа зөвшилцсөнийхөө дараа шийднэ. Та ялалт, ялагдлын талаар их ярьж байна. Би хийх гэж байгаа ажил, хийхээр төлөвлөсөн, хийж байгаа ажлаараа ялна гэдэгт итгэлтэй байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.