Яаж яваад ер нь онигоо төрдөг юм бол

Twitter Print
2016 оны 09-р сар 19-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

Онигоонд дургүй хэн байхав. Шинэ үеийн Монгол онигоонууд бүгд л Оросоос эхтэй. Чапаевын тухай, Вовка, Чукча гэх зэргээр Монголд сүүлд сэхээтний давхарга бүрэлдэн буй болсон үеэс шинэ үеийн онигоо үүссэн гэж үзэж болно. Одоо бидний нэгэнт ярьж заншсан онигоо гэх үг ч анекдот гэсэн Орос үг гэдгийг мэдэхгүй хэн нэгэн байхгүй биз. Гэхдээ Монголчуудад урьд өмнө нь аман зугаа хийх онигоо огт байгаагүй мэт ойлгож мэдээж болохгүй. Ёс заншил, уламжлалаа үл ойшоож, юм уншиж мэдэх дургүй болсон залуучууд ингэж ойлгож харин онигоонд орж магадгүй юм.  Тэгвэл Далан худалч, Бэлэн Сэнгэ гэх зэрэг ардын аман зохиолын баатрууд, бадарчны явган шог яриа зэргийн Монгол онигоонууд өчнөөн байдаг. Харин энэ цаг үед бид Оросоос ам дамжин түгсэн биш, өөрсдийн углуургатай онигоотой болоод амжихаар барахгүй улам бүр өргөжүүлэн зохиосоор байна. Гэхдээ онигоо гэх Орос язгууртай үг  жинхэнэ Монгол яс үндэс, эх хэл соёлоо гэсэн чин сэтгэлд нэг л зохимжгүй санагдаад байдгийг хэлэх юун. Цаашдаа нэг онигоотой Монгол үг хэллэг олдох биз гэдэгт найдна. 

Онигоо гэдэг ер нь юу билээ

Алс умард хязгаарын жирийн нэгэн цаачинаас өгсүүлээд төр засгийн өндөрлөгүүд хүртэл гол баатар нь болдог Оросуудаас улбаалсан өнөө цагийн онигоо харин дөнгөж XX зуунд тусдаа нэгэн төрөл жанр гэх өнгө төрхийг олсон байдаг аж.  Ингээд нэгэнт төрөл жанраа олсон онигоог судлаачид уран зохиолын болон аман ярианы гэсэн хоёр салбар хэлбэрээр хөгжсөн гэж үзсэн байна. Онигоо ер нь анхнаасаа ам дамжсан яриа байсан бол ХХ зууны дунд үеэс л бичгийн хэлбэрт буюу уран зохиолд шилжижээ. Хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдсэнээр бүр эрт галавын үеэс дамжиж ирсэн онигоо байдаг бөгөөд  Их Британийн Уолверхэмптон их сургуулийн эрдэмтэн Пол Макдональдын “The Daily Mirror” сонинд тэмдэглэсэн нийтлэлээр бол тэдгээр онигоонууд хэт гэнэн, ухвар мөчид байсан гэнэ. Зүгээр хоёр жишээ татахад : "Гуниг дүүрэн фараоныг яаж хөгжөөх вэ? Загасны тор нөмөргөсөн нүцгэн хүүхнүүдийг завин дээр суулгаж Нил мөрнөөр доош урсгая. Тэгээд фараоныг ятгаж загасчлуулбал таарна” гэж аль манай эрины өмнөх  1600 онд "Уэсткарын папирус" тэмдэглэлд бичиж үлдээсэн байдаг аж. Мөн "Нэг нүд нь сохор эмэгтэй нөхөрт гарч хорин жил хамтдаа амьдарчээ. Нөхөр нь гэнэт өөр хүүхэнтэй болж, эхнэртээ: "Би чамаас саллаа, яагаад гэвэл хүмүүс чиний нэг нүдийг сохор гэж ярьж байна" гэхэд нь эхнэр нь: "Чи хуримлаж суучихаад хорин жил өнгөрөхөд одоо л мэдэж байгаа юм уу?" гэсэн онигоо манай эриний өмнөх 1100 онд тус тус тэмдэглэгдсэн папирус бичээс хадгалагдаж үлдсэн байдаг байна.

Шинэ үеийн онигоо хэрхэн төрөв

Харин шинэ цагийн онигоонууд хаанаас гарч ирээд байдаг билээ, мэдээж олны дундаас гэнэ. Ам дамжсан онигоонууд ихэвчлэн нэг л үйл явдлыг гол баатруудыг нь өөрчилсөн хэв маягтай үргэлжилдэг. Ийм онигоонууд Орос оронд Октябрийн хувьсгалаас хойш эрчимтэй хөгжсөн бөгөөд 20-иод оны төгсгөлд улс төрийн сэдэв өргөн хамарч эхэлсэн учир 1929 онд хориглож, эх сурвалжийг нь олж тогтоохоор мөрдлөгө шалгалт явуулдаг болсон байна. Энэ дагуу онигооны хэрэгт орооцолдсон этгээдэд Зөвлөлт засгийн эрүүгийн хуулийн 58-р зүйл ангиар "Зөвлөлт засгийн эсрэг ухуулга явуулсан" гэх ял тулган торны цаана суулгадаг байж. Тиймээс 30-аад оны онигоо цаасан дээр бууж үлдсэн нь байдаггүй, ам дамжсаар өнөөг хүрсэн байна.

Киноноос онигоонд

Киноноос сэдэвлэсэн зөвлөлтийн үеийн онигооны гол баатрууд бол Василий Иваныч Чапаев болон Штирлиц.  1934 онд анх дэлгэцнээ гарсан ах дүү Васильевынхны бүтээл “Чапаев” кино тухайн үедээ “ард түмний дунд гүн орсон" учир шинэ онигооны урсгал түрж өгсөн байдаг. Мөн 1973 онд дэлгэцнээ гарсан "Хаврын арвандолоон учрал" киноны гол дүр Штирлиц ч гэсэн Оросуудын нэгэн ёсны бахдал болсоноороо бас онигоонд орсон байна. Германы сэтгүүлч Ангемальнс нэгэнтээ бичихдээ, "Штирлиц Берлин хотын гудамжаар алхаж явах үед Москва хотын гудамж талбай хоосорсон байдаг" гэсэн нь Венесуэлийн нөгөө “Халтар царайт” кино манайд гарч байсан үеийг санагдуулахаар аж. Харин Штирлицийн цаг үед  эртний Египетийн үеийнх шиг тэнэг ч гэж дэндүү онигоо гарахын зэрэгцээ Зөвлөлтийн цаг үеийг ёгтолсон ухаалаг онигоонууд ч төрж байжээ. Зарим нэгэн онигоонд Чапаев, Штирлиц хоёрыг хоёуланг сумлах явдал байв. Жишээ нь нэг онигоонд "Штирлиц, Василий Иванович хоёр Германчуудад олзлогджээ. Тэднийг шоронд хийчихээд эхлээд Чапаеваас цэргийн нууцаа хэлэхийг шаарджээ. Нүдээд нүдээд тэрээр юу ч дуугардаггүй гэнэ. Тэгээд шоронд буцаасан хойно Штирлиц түүнийг хараад айхад нь Василий Иванович: "Би чамд хэлсэн биз дээ, бичээд авчихъяа гээд байхад чи, зүгээрээ цээжлээд авчихна гэсээр байгаад!" гэх мэт.

Эзэнтэй онигоо

Ямар ч онигоо заавал цаанаа холбогдох эзэнтэй байдаг. Харин "ард түмний"  дундаас гарсан гэж үзэх онигоо цаг хугацааны явцад улам хачирлагдан баяжиж, өөрчлөгдсөөр иржээ. Онигоо нэг ёсондоо хүмүүсийн хоорондын харьцаа, уур амьсгалыг тод харуулах толь болдог. Оросуудын дунд Зөвлөлтийн цаг үеэс хойд туйлын уугуул оршин суугчид болох чукчануудын тухай онигоо их яригддаг байсан бол нийгмийн өнгө төрх өөрчлөгдөхийн хэрээр "шинэ оросуудад" байраа тавьж өгсөн байдаг. Харин Англичууд голдуу ирланд, шотландуудыг онигоонд оруулдаг бол францууд бельгийнхнээ, америкчууд испани хэлтнүүдийг шоглосон онигоо ярьдаг гэх мэтээр үндэстэн ястан, улс төрийн нөхцөл байдлыг онцолсон уг суурьтай наргиан, шоглоом өнөөг хүртэл түгэн тархаж ирсэн байдаг аж.

 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.