Ч.Хүрэлбаатар: ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авч болно, харин төрөөс хулгайлсан мөнгөөр л биш шүү

Twitter Print
2021 оны 11-р сар 12-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Монголын 2.7 сая иргэний хадгаламж, зээл, гүйлгээ гээд хамаг мөнгө, эд хөрөнгийг хамаардаг Хаан банкны эзэн цаашдаа хэн байх вэ гэдэг асуудал яригдаж байна. Ноён Савадагийн эзэмшдэг Хаанбанкны 54.4 хувийн хувьцааг ХХБ-ны 90 хувийг эзэмшдэг сахал хэмээх Эрдэнэбилэг, мөн Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хувьцаа эзэмшдэг Сумъяабазар, Дагвадорж нар хавсран авахаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл тархаж буй.

Үүнийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын хийсэн тайлбар мэдэгдэлтэй холбон тайлбарлаж буй. Энэ тайлбарыг хийхэд Аса Д.Дагвадоржийн нийгмийн сүлжээнд тавьсан хуурай агсам ч нөлөөлсөн нь бий. 

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өөрийн цахим сүлжээгээр дамжуулан тун ч ноцтой мэдэгдэл хийжээ.

Тэрбээр, 

"ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ? Цэвэр мөнгөөр авсан уу? гэж асуусан. Энэ асуултын дараа үйл явдал 2 сценарийн аль нэгийн дагуу өрнөх байсан. Эхнийх нь үнэхээр яриад байгаачлан ЯПОН худалдан авсан бол Монголбанк японы холбогдох байгууллагуудаас шаардлагатай бүх тодруулгыг аваад бүх зүйл ном журмын дагуу боллоо гэдэг тайлбар УИХ-д ирүүлээд хэл амгүй дуусах байлаа. Харамсалтай нь ийм юм болсонгүй.

Хоёр дахь сценарийн дагуу буюу хэл амтай үйл явдал өрнөж байгаа нь ЯПОНы цаана тодорхой монгол ЭЗЭН байгааг харуулж байна. Буруу юм болж байна гэж хэлсэн хүнийг харлуулах, гүтгэх, доромжлох гээд нэг л танил технологи. Танил технологи ч ЭЗЭН-ээ бариад өгч байна. Намайг адлаад яах вэ дээ? Ямар адлуулж үзээгүй биш, адлахаар агшдаг хүн биш ээ, би. Бурууг буруушааж явсаар байх болно.

Өрнөж буй үйл явдалд тулгуурлан боломжит ЭЗЭН-г бүртгэж байгаа гэсэн. Бүртгэлээ танилцуулъя:

1.Ална, тална, би ёстой цэвэрхэн, намайг шалгаарай. Энэ бол “юун гуя” ЭЗЭН.

2.Ч.Хүрэлбаатар ХААН банкыг ҮАБЗ-д хэлэлгүйгээр том толгойлон Баатарсайханд авч өгөх гээд чадаагүй, одоо гай болж байна гэсэн ЭЗЭН. Уг нь Савада хувьцаагаа зарвал бусад хувьцаа эзэмшигчиддээ, түүний дотор Ц.Баатарсайханд санал болгох хуультай. Миний хэрэг үүнд огтхон ч хэрэггүй. Юуг ч хамаагүй ҮАБЗ-тэй холбоод ярьчихдаг хэсэг хүн бий. ЭЗЭН бол тэдний нэг.

3.Төрийн зарим мөнгө арилжааны банкууд болон Хөгжлийн банканд бий. Арилжааны банк дахь төрийн мөнгийг буцааж өгөхгүйгээр луу унжиж ХААН-ы хувьцаанаас авах санаатай ЭЗЭН.

Бас Хөгжлийн банкнаас авсан зээлээ буцааж төлөхгүйгээр мөнгө хуримтлуулж ХААН-ы хувьцааг авах санаатай ЭЗЭН. Хөгжлийн банк олгосон зээлийнхээ хойноос хэр хөөцөлдөж байгаа бол? Дахин мөнгө шамшигдуулах арга хайж байна уу? Энд учир их бий.

4.“Гадаадын хөрөнгө оруулагч” ЭЗЭН. Энэ ЭЗЭН бол “Чи яг хэн юм бэ?” гээд намайг асуухаар их сандардаг. Сандрахад нь өмнөөс нь “нөгөө хэдэн ЭЗЭН” хэвлэлийн дайнд морддог. Эздүүдийн хооронд шилжих мөнгө мөрөө үлдээж л таарна. Удахгүй монгол дахь мөр нь тодорно доо, тодорно.

ЭЗЭН ил гарах бэлтгэлээ базааж байгаа бололтой, монголчууд л авах ёстой гээд яриулаад эхэлчиж. Тийм ээ, гэхдээ төрөөс хулгайлсан мөнгөөр биш шүү. Мөнгөний эх үүсвэрээ ил тод тайлагнахгүй бол мөнгө угаалтын саарал, хар жагсаалт энүүхэнд.

Өнөөдрийн байдлаар иймэрхүү. Даравч далдайдаг, булавч бултайдаг даа уг нь." гэсэн байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.