
Вашингтон өнгөрсөн пүрэв гарагт ОХУ-ын эсрэг тавих хоригуудаа танилцууллаа. АНУ-ын засгийн газар ОХУ-ыг 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон, цахим халдлага үйлдэж Америкийн төрийн байгууллагуудын систем рүү нэвтэрсэн, Крымийн хойгийг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэгтгэсэн зэрэг хэрэгт буруутгаж, Америкийн банкуудад ОХУ-ын Төв банк, ОХУ-ын Эрдэнэсийн сан болон Сангийн яамнаас ОХУ-ын засгийн газрын бондыг худалдаж авахыг хориглон, АНУ-д суугаа Оросын дипломатуудыг эх орон руу нь буцаах, Оросын хэд хэдэн компаниудад хориг тавих шийдвэрийг гаргажээ.
Вашингтон ОХУ-ын эсрэг олон тооны хориг тавих боломжтой ч хоёр орны харилцааг хурцатгахыг хүсээгүй гэжээ. Кремлийн зүгээс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөгүй, Америкийн төрийн байгууллагуудын системд нэвтрэхийн тулд SolarWinds компанийн системийг хакердаагүй мөн сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг хордуулаагүй хэмээн удаа дараа мэдэгдсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн мягмар гарагт дээрх бүх асуудлууд болон Украины хил дээр Оросын цэргүүд байршиж буй асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцаж, ОХУ-ын эсрэг хориг тавих тухайгаа анхааруулжээ. Нөгөөтэйгүүр АНУ-д ОХУ-тай хамтран ажиллах шаардлага байгаа тухай Ерөнхийлөгч Жо Байден онцолжээ. 2019 оноос хойш Америкийн санхүү, эдийн засгийн байгууллагуудад Оросын засгийн газраас гаргасан гадаад валютын бондыг худалдаж авахыг хориглож байсан бол энэ пүрэв гарагт Ерөнхийлөгч Жо Байдений гаргасан шийдвэрийн дагуу ирэх 6-р сарын 14-нөөс АНУ-ын санхүүгийн компаниуд Оросын засгийн газраас гаргасан рублийн бондыг худалдаж авах боломжгүй болж байгаа аж.
Түүнчлэн АНУ-ын Сангийн яам Оросын 32 аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авсан ба АНУ, Европын холбоо, Их Британи, Авётрали, Канадын эрх баригчидтай хамтран Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсэн асуудалтай холбоотой 8 хүний эсрэг хориг арга хэмжээ тогтоожээ. Мөн Цагаан ордон Вашингтонд суугаа Оросын тагнуулын албаны төлөөлөгчдыг SolarWinds компанийн эсрэг цахим халдлага үйлдсэн хэрэгт буруутган эх орон руу нь буцаах шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.