
Өнгөрсөн мягмар гарагт Исландад жендерийн эрх тэгш байдлын төлөө хэдэн арван мянган эмэгтэйчүүд, нонбайнари иргэд тус улсын Ерөнхий сайд Катрин Якобсдоттирын хамт нэг өдрийн ажил хаялт зарласан байна.
Нийслэл Рейкьявик хотын төвд олон тооны иргэд цугларахаас өмнө Ерөнхий сайд Катрин Якобмдоттир Исланд улс жендерийн эрх тэгш байдал тэр дундаа ажлын байран дээр эрчүүд эмэгтэйчүүдийн цалингийн зөрүү, жендер дээр суурилсан хүчирхийлэл, бэлгийн дарамт зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд бүх хүчин чадлаа ашиглаж байгааг онцолж, "Миний мөрөөдөл бол 2030 оноос өмнө жендерийн эрх тэгш байдлыг тогтоох юм.
Гэхдээ ингэхийн тулд маш их хичээл зүтгэл орно гэдгийг би мэдэж байгаа. Бид дээрх асуудлуудыг шийдэхийн тулд хууль журмандаа өөрчлөлт оруулсаар байгаа ба энэ тал дээр урагшилсаар байна." хэмээн мэдэгджээ. Тэрээр НҮБ-ын тооцооллоор энэ эрчээрээ дэлхийн улс орнуудад жендерийн эрх тэгш байдал тогтоход 300 жил шаардлагатай гэж гарсныг иш татаж, эмэгтэйчүүд 300 жил хүлээж чадахгүй гэдгийг онцолжээ.
Исландын эмэгтэйчүүд бүтэн өдөр ажил хаялт зарласан нь Исландын түүхэнд 1975 оноос хойш анхных болж байгаа аж. Ажил хаялтыг зохион байгуулагчид уг арга хэмжээнд 100 мянга орчим хүн оролцсон хэмээн мэдээлж байгаа ба уг ажил хаялтанд 376 мянган хүн амтай тус улсын нийт хүн амын 1/4-ээс дээш хувь нь оролцжээ.
Ажил хаялтын үр дүнд Исланд даяар сургууль цэцэрлэгүүд үүдээ барьжээ. Исланд улсын статистик мэдээгээр 2022 онд эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийнхээс 21 хувиар бага байсан ба Исландын нийт эмэгтэйчүүдийн 40 хувь нь жендер дээр суурилсан хүчирхийлэл, бэлгийн дарамтанд өртөж байсан нь тогтоогджээ.
Исландын багш нарын үйлдвэрчний эвлэлийн судалгаагаар боловсролын тогтолцооны бүх төвшинд эмэгтэй ажилчид дийлэнх хувийг эзэлж байгаа ба сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж байгаа нийт багш нарын 94 хувь нь эмэгтэй аж.
Исландын Үндэсний их сургуулийн эмнэлгийн нийт ажилчдын 80 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Олон улсын эдийн засгийн форум 14 дэх жилээ дараалан Исландыг жендерийн эрх тэгш байдлын төвшний хувьд дэлхийд тэргүүлж байгааг онцолсоор ирсэн билээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.