ЭРХ ЧѲЛѲѲ гэж…

Twitter Print
2021 оны 02-р сар 23-нд 09:14 цагт
Мэдээний зураг,

Цар тахлын хѳл хорионы дэглэмд орж нэг, гарч нэг хоригдсоор бараг жилийн нүүр үзэв дээ. Эхлээд сайхан амарч унтаад аятайхан байснаа сүүлдээ нэг л биш ээ.

Ѳрѳѳ хэсч гиеүрээд л, зурагт үзэхдээ суваг сольж элийрээд л, босон сууж идэхдээ цадсан ч юм шиг цадаагүй ч юм шиг тавгүйтээд, ѳдѳр хоног цаг хугацаагаа мартаж будилаад л, цонхоор харж гуниглаад л, юу хүсч байгаа юу хүсэхгүй байгаагаа ч мэдэхгүй болж маанагтаад л, ѳнгѳрсѳн цаг хугацааны дурсамж дунд эмороод л…Ай хѳѳрхий хорвоо гэж.

Хѳл хоригдох орон зайдаа тархи ч бас хоригддог аж. Бодол санаа минь хана очиж мѳргѳн, жижигхэн ханануудын дунд эргэцнэ. Яг л торонд хашигдсан шувуу далавчаа дэлгэн нисэх гэвч, хана мѳргѳн хашгичин гаслах шиг таагүй мэдрэмж аж. Бодлоо эмхлэх гэж хичээвч хагарч буй ваар сав шиг бутарч сарнина. Буцааж эвлүүлэх гээд ч чадахгүй.

Ямар ч тохиолдолд хүссэн цагтаа дуртай газар руугаа явах эрх чѳлѳѳ гэдэг хичнээн эрхэм зүйл болохыг ойлгож байна даа. Машинаа жолоодож холын хол замд аялахад, урд минь зурайх замыг дагасан бясалгал гэгээрэл рүү хѳтѳлнѳ. Ухаантай нэгэнтэй хуучилж суухад эргэлзээ тээсэн бодлууд итгэл болж хувирдаг. Гадагшаа гараад алхлахад шувуудын хѳгжилтэй жиргээ, моддын мѳчир салхины аясаар сэрчигних чимээ, тэртээх алсад нуух үүлсийн нүүдэл сэтгэлийн чанад дахь гуниглалыг хѳѳн арилгана. Байгаль дэлхийн гайхамшигийн дэргэд ѳчүүхэн ч гэлээ хүмүүс бид байгаль дундаа жаргадаг аж.

Энэ долоо хоногт хорио цээр тавигдаж авкцинжуулалт эхэлнэ. Хар дарсан зүүд мэт шаналант ѳдрүүд холдож эрх чѳлѳѳгѳѳ эдлэх цаг айсуй. Хэцүү бүхнийг хамтдаа давахдаа бие биенээ хүндэлж хайрлахаас эрхэм сайхан үгүйг ойлгож ухаарна. Үндэс бүхэн дэлгэрч, үйлс бүхэн сэргэдэг хаврын улирал айсуй, сайхаан сайхан.

Г.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.