ЧОЙ.ЛУВСАНЖАВ багшийн гадаад хэл сурах зөвлөгөө

Twitter Print
2021 оны 01-р сар 28-нд 13:50 цагт
Мэдээний зураг,

Хэл сурах хүсэлтэй залууст багшийнхаа зөвлөгөөнөөс хүргэе.

Багш маань өөрөө Англи, Хятад, Орос, Япон, Франц, Герман, Чех, Япон. Манж, Төвд хэлтэй. Бүгдийг нь бие дааж сурсан. Япон хэлийг 50 гарч байж сурсан гэдэг. Хэл сурахад оройтдоггүй гэж энэ. Тиймээс бүх насныхан энэ зөвлөгөөг анхааран уншаарай.

1. Гадаад хэлийг нэг л суръя хэмээн бариваас өдөр алгасалгүй тогтмол үз. Нэг өдөр бариад, нэг өдөр хаяад байвал түм наславч сурахгүй.

2. Хоног алгасалгүй үзсээр байгаад цаад талд нь гарвал зохино. Амралт, чөлөө, томилолтын аль ч хугацаанд хойш тавьж орхилгүй үзээрэй.

3. Ганц хоёрхон өдөр үзэлгүй өнжихөд түрүүчийн үзэж байсан нь бараг хуу алга болчихдог номтой юм шүү. Тиймээс хэл, ер нь юу ч сурсан мөрний урсгал шиг үргэлжийн нөр хичээнгүй байх нэн хэрэгтэй.

4. Хичээл дасгал унших зүйлийг үзэхдээ үг өгүүлбэр бүрийг нэгд нэгэнгүй ухааран мэдээд цааш явах нь тун эрхэм. Бүдүүн тоймоор болж л байх шиг байна хэмээн гүжирдэн үзэж хий яаран "норм” хөөж үл болно.

5. Урьд үзсэнээ ахин дахин үзэх бас сайн. Урдахаа мэдэхгүй гэнэт шинэ хичээлтэй тулгарах нь нүүдлээрээ нутаг үзэж яваа айл дов сондуулаа тойрч чадахгүй лүгээ адил болно.

6. Гадаад хэл сурахын бас нэгэн гол арга нь тэр хэлээрээ ном их үзэх. Ярихыг их ярьж байж, бичихийг их бичиж байж, орчуулахыг их орчуулж байж сая сайн эзэмшинэ.

7. Сурахыг өгүүлэхэд, сурахын дотор олон зүйл бий. Ярьдаг боловч бичдэггүй, бичдэг боловч ярьдаггүй байж болно. Эх хэл рүүгээ орчуулдаг ч гэсэн харь хэл рүү хөрвүүлдэггүй байж бас болно. Ямархан хэмжээстэй сурахыг сурах хүний хэрэгцээ мэднэ.

8. Гадаад хэл бол эрдэм соёлын харилцааны хэрэгцээнд эрхшээх багаж болохоос бус гоёлын нэмэрт одох гархи огтхон ч бус.

9. Сурах сурахын дунд бас үнэнхүү эзэмших гэж нэг юм байдаг. Эзэмшигдэхүүний дундаас ямар ч мэргэжлийн хүнд дав дээр хэрэг болдог үг хэллэг, хам бүтэц, наад захын дүрмийг л өөрийн тааваар бус дуртай дүргүй ч харын албаар эхлэхээсээ цээжилчихвээс хожим өгүүлэх, бичих, орчуулахын цагт хэрэг болоход барин тавин гарын дор байдаг. Асар хэрэгтэй ганц хоёр хэллэгийг ч тогтоолгүй аргийн цоорхойгоор унагаасан байвал цагтаа ухаанд орохгүй ёстой л "хэрэг болоход хэрэмний сүүл дутваа” гэдгийн үлгэр болно.

10. Хаа ч явсан хэдийд ч, бодох газар бодож, үзэх газар үзэж, амьсгааны тоогоор цагаа хэмнэн оролдогтун.

11. Гадаад хэлийг яаж сурваас амар буй, ямар хэл сурахад ямар вэ гэдэг. Чингэж асуусан улсын ихэнх нь зовлонгүй амар сурах арга юу байна хэмээн эрэлхийлэн асуудаг шиг янзтай. Хариу нь: Ихээхэн зовоод түргэн сурсан нь дээр шиг байлтай. Амрых нь хувьд хэмээвээс сурахад тийм амархан элэг барихад амттай хэл гэж байхгүй. Гагцхүү сурагч эзний арга нь зөв байгаад сурдаг цагтаа хичээнгүй нь бат аваас амар хэмээн тэр буйзаа.

12. Тэгж ч болохгүй юм, ингэж ч болохгүй юм хэмээн өнгийн зовлон тоочин няцарч мятралгүй, зоригоон чангалаад л яваад байвал аяндаа мэдэх чадахын төлөв тэмдэгрээд бий үгүй байсан нь биежээд ирэхийн цагт, улам сурахын урмас төрдөг.

13. Үргэлжид би барахгүй нь, чи чадахгүй нь хэмээн чухамлаваас, даруу зан бус дорой зан гаргаж өөрөө өөрийнхөө хийморийг сүхээр үхүүлэх, уутныхаа амыг уруу нь харуулан гөвөх бас хортой.

14. Өөрөөсөө илүү өлгүү хүнийг бодохын цагт би ч мөн шүүрхий байна даа хэмээн мэдэж сэтгэлээ нэг дарж, далавчаа нэг хумьж явах, өөрөөсөө дуг дутуу хүнийг санахын үес би ч бас нэг үеэ бодвол овоо доо яахав хэмээн нуруугаа нэг тэнийлгэж сэтгэлээ нэг сэргээж явах хоёрыг хослон барилдуулбаас арга ухаан зөвдөнө.

15. Нас хөгширлөө больё хэмээн хойш тавилгүй, биеэрээ сураагүй залхуу хүнийг битгий үз, шал дэмий гэдэг ятглаганд авталгүй чиглэсэн гадаад хэлээ сурсан шиг сурагтун!

16. Ялангуяа эрдэм шинжилгээний ажил хийе гэсэн оюутан хүн, дэлхий дахины соёлын шимээс хүртье хэмээсэн хэн хүн, харь хэл мэдэхгүй аваас хүсэвч гүүгүй айрагчин, зүүгүй оёдолчин болно.

17. Ямар ч харь хэл үзэх хүн эрхбиш эх хэлнийхээ зүй тогтол, зөв найруулгаа сайн мэдэх их чухаг. Эх хэлээ сайн мэдэхэд, ардын аман зохиолыг их үзэх, сонсох, ардын амьд хэлээс сурах, монгол бичгийн сайхнаас сурах энэ бүгд цөм анхааралтай болой.

18. Оролдоод л явсан хүн их газар хорооно.

Уйгагүй хүн уул нүхэлмой хэмээсэн сайхан үг буй.

19. Хэлийг ингэж, тэгж сурна гэсэн яг яс томъёолж тогтоосон арга үгүй. Тэр арга нь тухайн хүнээс өөрөөс нь гараад ирж ч мэднэ.

20. Гадаад хэл сурах нь уйгагүй оролдлого, тэсвэр, тэвчээр шаардах хүнд хүчир зүйл. Үүнийг өөр юмтай зүйрлэвээс элсэн уулын оройд гарахын тул цуцаж туйлдахаас шантралгүй цөхрөлтгүй мацахтай эгээ ижил. Тэр элсэн манхан уулын оройд нэг л гарчих юм бол цаашаагаа гулсаад буухад хэцүү биш. Гадаад хэлийг сурчихаад үр шимийг хүртэж суух үнэхээр сайхан. Алимны модыг байнга арчилж тордсоны хүчинд ургуулаад амтат жимс хувааж идэхтэй адил.

Ш.Анхмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.