
Япон болон Солонгосын хойгт хүйтний эрч чангарчээ Япон болон Солонгосын хойгт хүйтний эрч чангарсны улмаас нэг иргэн амиа алдаж, хэдэн мянган иргэд цасанд боогджээ.
Сүүлийн хоёр долоо хоногт Азийн орнуудад цаг агаар цочир хүйтэрсний улмаас Афганистанд 124 хүн амиа алдаж, Хятадын зүүн хойд зүгийн нутагт агаарын хэм Цельсийн - 53 хэмд хүрч, рекорд тогтоогоод байна.
Япон улсын нийт нутгийн дийлэнх хэсэг цаг агаар хүйтэрч, зарим хэсэгт сүүлийн 10 жилд тохиогоогүй их хүйтрэлт бүртгэгджээ.
Өнгөрсөн лхагва гарагт Японы сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Хироказү Мацүно цасан шуурганы улмаас 1 хүн амиа алдсан, мөн өөр 2 хүний үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна хэмээн мэдэгджээ.
Солонгосын хойгт өнгөрсөн мягмар гарагт хоёр Солонгосын хил дээр агаарын хэм Цельсийн - 25 хэм хүртэл буурсан байна.
Японы төв хэсэг болон зүүн хойд хэсэгт лхагва гарагт их хэмжээний хур тунадас орж, Японы бүх нутгаар салхины хурд цагт 126 км хүрэх төлөвтэй байгааг тус улсын цаг уурын албанаас анхааруулжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Манива хотод 93 см хур тунадас орсон бол Японы баруун зүгийн бүс нутагт галт тэрэгний зорчигчид цасанд боогдон, хэдэн цагийн турш гацжээ. Дотоодын агаарын тээврийн компаниудын мэдээлснээр өнгөрсөн лхагва гарагт 200 гаруй нислэг цуцлагджээ.
Түүнчлэн Японы зүүн хойд бүс нутагт хурдны галт тэрэгний үйл ажиллагааг зогсооход хүрсэн байна. Японы цаг уурын алба хүйтэн цаг агаар энэ пүрэв гараг үргэлжлэх төлөвтэй байгааг мөн Япон тэнгисийн эрэг дагуу бүс нутагт цасан шуурга шуурч, салхины хурд нэмэгдэнэ гэдгийг анхааруулжээ.
Хүчтэй салхины улмаас Япон болон Өмнөд Солонгосын Жежү арлын хоорондох усанд Хонгконгт бүртгэлтэй ачааны усан онгоц живсэн байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр тус хөлөг онгоцны багийн 22 гишүүний 13-ыг аврагчид эсэн мэнд олсон ба бусад гишүүдийг аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа гэжээ. NHK сувгаар мэдээлснээр албаны хүмүүс иргэдийг шаардлагагүй тохиолдолд аян замд гарахгүй байх, замд гарсан бол хальтиргаа гулгаанаас болгоомжлохыг зөвлөж байгаа аж.
Солонгосын хойгт мөн цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаа ба БНСУ-ын цаг уурын албанаас хүйтний эрч чангарч буйг ард иргэддээ анхааруулжээ. Нийслэл Сөүл хотод агаарын хэм Цельсийн - 16 хэмд хүрчээ.
Хойд Солонгосын эрх баригчид мөн л цочир хүйтэрч байгаа талаар ард иргэддээ анхааруулж, тус улсын хойд хэсэгт агаарын хэм Цельсийн - 30 хэмээс доошлох төлөвтэй байна гэжээ. Нийслэл Пхеньянд өнгөрсөн лхагва гарагт агаарын хэм - 19 байсан нь олон жилийн дунджаас буурсан үзүүлэлт аж.
Хятадын Хэйлунжянь мужийн Мохэ хотод агаарын хэм -53 хүрч, рекорд тогтоожээ. Хятадын цаг уурын алба хүйтэн агаарын давалгаа өнгөрсөн ч ирэх өдрүүдэд нутгийн төв болон зүүн хэсгээр агаарын хэм олон жилийн дунджаас доогуур хэвээр байна хэмээн онцолжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.