Сайн орчуулагч болох жор

Twitter Print
2020 оны 04-р сар 17-нд 16:14 цагт
Мэдээний зураг,

Сайн орчуулагч бэлтгэх дамжааг зарлаж орхив. Маш олон залуус хамрагдах хүсэлтээ илэрхийлж байгаа нь сайн хэрэг. Тэд нар түрүүчээсээ өөрсдийн танилцуулгаа ирүүлж байна.

Мэдээжийн хэрэг гайгүй сайн орчуулагч болохын тулд орчуулгын онолын ном, сурах бичиг барьж судлаад тийм болчихдог гэвэл худлаа үг болж таарна. Намайг бүр МУИС-ийн оюутан байхад багш нар маань дээхнэ үеийн нэгэн сайн орчуулагчийн тухай ярьдаг байж билээ. Тавиад оны сүүлээр Бандихүү гэдэг хятад хэлний маш сайн орчуулагч байсан тухай надаас түрүү үеийн орчуулагч нар бараг л бүгд шахам ам дамжуулан ярьдаг л даа. Хожим цэл залуухандаа Туул голын усанд эндээд өөд болсон юм гэдэг.

Тэр хүнийг бие барсаны дараа найз нөхөд нь номын санг нь ирж янзлаж цэгцлэхэд 1000 шахам хятад ном гарсан бөгөөд түүний 600 гаруйг нь уншиж судласан бололтой мэдэхгүй үг хэллэгийг улаан балаар зурж, монгол утгын оноолтыг хавсарган тэмдэглэсэн байсан гэдэг юм. "Бандихүү айхтар хүн байсан юм шүү. Эмийн жорыг хүртэл нэгд нэгэнгүй орчуулах гэж дайрна. Ухаандаа дэгд, жуган гэдэг эмийн ургамлыг хятадаар ингэж бичдэг юм байна шүү дээ гээд яриад явж байх жишээтэй." хэмээн түүнтэй нэг цаг үед ажиллаж амьдарч байсан алдартай сайн орчуулагч нарын нэг Дүнгэряйчил агсан надад хожим хуучилж байсан даа.

Энэ жишээ юу хэлээд байна вэ гэхээр орчуулагч хүн мэргэжлээрээ ахиухан ахиж дээшлэе хэмээвээс юуны өмнө маш их зүйлийг унших хэрэгтэй гэсэн үг юм. Сайн зохиол бүтээлийг бол дахин дахин уншиж байхад тун гэмгүй байдаг юм шүү. 1986 онд намайг МУИС-аа төгсчихөөд залуухан багш төрөлх сургуульдаа ажиллаж байхад "Монголын мэдээ" сонины Жадамбаа гэж туршлагатай орчуулагч хааяа ирж хичээл заадаг байсан. Тэр үедээ л "Улаан асрын зүүд" романыг хорин найман удаа уншсан. Зав гарвал "Шинэ хятад үсгийн толь бичгийг" жилдээ нэг удаа эргүүлээд харчихдаг гэж байсныг сонсоод ихэд бахархан гайхаж билээ. Түүнээс хойш өдий удсан тул "Улаан асрын зүүдийг" наанадаж 50 шахам удаа уншаа байлгүй дээ.

Энэ хоёрхон жишээнээс юу харагдаж байна вэ гэхээр манай Монголын орчуулгын салбар үе үеийн чадварлаг сайн орчуулагч гүүш нарынхаа буянаар маш өндөр төвшинд хөгжиж ирсэн юм шүү гэдгийг л хэлэх байна. Тэднийхээ халааг нь та нар авч улаач болон урагш замнах хүнд үүрэг хариуцлагаа ч ухамсарлах нь зүй болой. Ирэх долоо хоногоос зарлагдах Хятад хэлний орчуулгын сургалтанд энэ мэт олон сайхан амьд жишээг дурьдан ярилцах болно. Мэдээллийн технологийн ачаар багштайгаа яг дэргэд байгаа мэт харилцах боломж буй болсон нь ямар сайн хэрэг вэ? Сургалтын явцад Чой.Лувсанжав, Өлзийн Жамсранжав зэрэг амьд домог болсон сайхан багш нарынхаа тухай та нартаа хуучлан хүүрнэх болно. Бас орчуулгын явцад тохиолдож байсан сургамжтай хөгжилтэй түүхийг өгүүлэх нь тодорхой. Тэгээд орчуулах эрдмийн нарийн ширийнээс алагаар харж алгаар атгах мэт заах болно оо.

Эндээ гэхэд орчуулах эрдэмд хоёргүй сэтгэлээр зорихоор шийдсэн залуус "Өдрийн сонин", "Өнөөдөр" зэрэг хэл найруулга нь гайгүй сайн зүгширч тогтсон өдөр тутмын хэвлэлүүдийг алгасалгүй уншдаг, орой болгон "Цагийн хүрд" нэвтрүүлгээ үзчихдэг байвал гэмгүй. "Гурван улсын үлгэр", "Чонон сүлд" хоёрын хятад монгол хувилбаруудыг нэг удаа тулгаад үзчихэд бас сайн шүү хэмээн зөвлөе. Бас гадаад хэл дээр ямарваа нэг сэдвээр уншиж байгаа бол чанга дуугаар уншиж байх тун тустай гэдгийг би залууст хандан хэлэх дуртай. Тийм зуршлыг өөртөө хэвшүүлж чадвал яваандаа уншсан зүйлүүд чинь бүтэн бүтэн өгүүлбэрээрээ тархи оюунд хоногшин үлдээд шаардлагатай үед сэргэн гарч ирээд байдаг сайн талтай юм.

Орчуулагч хүн бас ажигч байвал зүгээр. Би охинтойгоо хамт Америкийн зүүн эргээс баруун хойд эргийг зориод автомашинаар хоёулхнаа явж байтал хээр талд "Spirit wood" гэсэн бичиг байхыг хараад "Энэ үг монголоор: Удган модтой дүйцэх юм уу даа?" хэмээн хэлэлцэж байснаа санаж байна.

Үүнээс санаа аваад хэлэхэд уншиж байх явцдаа өөрийн ойлгож байгаа цагаахан хэсгийг зөнгөөр нь орхичихоод орчуулан онооход төвөгтэй зүйлсийг ухачлан бодож байвал зүгээр хэмээн хэлэх гээд байна л даа. Эцэст нь хэлэхэд сайн орчуулагч болохоор санаа шулуудсан хэн боловч залуу хүн болгоны шахам тойроод биш дайраад гардаг найр наадам, зугаа цэнгэлд санаа сэтгэл уягдаж хүлэгдэхгүй, өдрийн зөв дэгтэй байж өөрт хэрэгтэй ном судруудыг төлөвлөгөөтэй сонгон түлхүү уншаад байж чадах бөгөөс тав гурван жилийн дараа гэхэд хөлөө олж хэлээ төгс эзэмшсэн байна гэдэгт эргэлзээд байх хэрэг юусан билээ. Эрдэм номын адармаатай атлаа аз жаргалд хүргэгч гэгээн харгуйд чинь сэтгэлийн сүүн сацал өргөмүй.
Номын далай болоорой.

Д.Болдбаатар 

"Гэгээ" боловсролын төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Орчуулагч

      (64.119.17.189) 2020-02-28 18:22
      • 0
      • 0

      Сайн орчуулагч болох жор гэж байхгүй. Саар орчуулагчийг хүчээр бэлддэг, сайн орчуулагч бол өөрөө төрдөг.

      Хариулах