130 гаруй хэрэг илрүүлсэн эрэлч, мөрдөгч нохой Руслан

Twitter Print
2020 оны 10-р сар 27-нд 17:45 цагт
Мэдээний зураг,

Энэ өдрүүдэд манай улсад эрэлч нохойн алба байгуулагдсны 70 жилийн ойг тэмдэглэж байна. Монголын эрүүгийн гэмт хэргийн түүхэнд эрэлч нохойн тусламжтайгаар олон ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлж байсан аж. Эрэлч нохой сургагч цагдаагийн алба хаагчид өөрсдийн нохойгоо “хүнээс дутахгүй ухаантай” гэж магтсан. Үнэхээр ч нохой гэдэг амьтанг хүн төрөлхтөн гаршуулснаас хойш 2000 гаруй жилийн түүхэнд хүний амьдралын салшгүй нэг хэсэг болон биднийг дагаж иржээ.

Монголын цагдаагийн байгууллагад ажиллаж байсан олон эрэлч, мөрдөгч ноходын дундаас Руслан гэдэг нохой онцгой гавъяа байгуулсан гэдэг. Энэ тухай ахмад нохой сургагч, цагдаагийн дэд хурандаа Г.Нэргүй дурсан ярьсан юм.

Тэрээр “Монголын цагдаагийн түүхэнд хүндтэй гавьяа байгуулсан Руслан нэртэй орос нохойгоо одоо ч хүртэл дурсаж явдаг.  Руслан 1973 онд хуучнаар ЗХУ-ын Ростов на Дону хотод төрсөн. 1974 оны 3-р сараас тус хотын “Эрэлч нохойн алба”-ны төвд Монголын арван сонсогч, Монгол арван нохойг сурган хичээллээд төгсөх үед нь Руслан ганцаараа ерөнхий болон мэргэжлийн дасгалаа онц сайн дүнтэй төгссөн. Дараа НАХЯ-ны боловсон хүчний газрын даргын тушаалаар цэл залуухан 23-н настай дасгалжуулагч, сонсогч Г.Нэргүйг офицерийн бүрэлдэхүүнд оруулан цагдаагийн бага дэслэгч цолоор шагнан, бусад дасгалжуулагч нар нь ахлагч цолтой төгсөж байсан түүхтэй. Ингээд тухайн үед олон хэрэг гардаг байсан, хүн ам олноор суурьшсан Дархан хотод Русланыг томилон ажиллуулахаар шийдвэрлэж, 1974 оны 11-р сараас Дархан хотын НАХ газрын цагдагн сэргийлэх ангийн эрүүгийн албанд хувиарлаж, Руслан нь энэ албандаа арван жил ажиллаад "тэтгэвэртээ" гарсан” гэж өгүүллээ.

Эрэлч нохойн албанд арван жил зүтгэхдээ Руслан хуучнаар ЗХУ-ын нохойн албаны төв сургуульд дасгалжуулагч, Г.Нэргүйн хамт суралцаж байхдаа Чех, Орос, Куба, Вьетнам, Болгар зэрэг орны сонсогчдын сургаж байсан 120 гаруй албаны нохойнуудын дундаас ерөнхий болон мэргэжлийн дасгалаараа сургууль дээр зохиогддог тэмцээн уралдаанд байнга тэргүүн байранд шалгарч байв. Мөн Волгоград, Нальчик, Сочи, Ростов зэрэг хотуудад ОХУ-ын нохой сонирхогчдын уралдаан тэмцээнд таван удаа оролцож, тэргүүн байрт олон удаа шалгарч, мэргэжлийн дасгалаараа гурван удаа алтан медаль хүртсэн аж.

Монголын эргүүгийн гэмт хэргийн түүхэнд Русланы илрүүлсэн томоохон гэмт хэргүүдээс дурдахад -тэр үеийн худалдаа бэлтгэлийн газрын манаачийг трубагаар цохиж, 29.000 төгрөгийг нь дээрэмдэн, амийг нь бүрэлгэсэн гэмт этгээдүүд, Дархан хотын ОСБАО байгууллагад складанд хулгай орж их хэмжээний хүнсний бараа хулгайлсан хэрэг, 30 гаруй удаагийн үйлдлээр их хэмжээний эд зүйл хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн баривчилхад онцгой үүрэг гүйцэтгэжээ. Русланы эзэн, ахмад нохой сургагч дэд хурандаа Г.Нэргүй мөн ярихдаа “Руслан 130 гаруй гэмт хэрийг илрүүлэхэд оролцсон. Хааяа гэртээ дагуулаад ирэхэд миний эвхээд тавьсан хувцсанд хүртэл хүн ойртуулдаггүй, надтай амь нэг болчихсон амьтан байсан даа” гэж санаа алдаж байлаа. Тэр байтугай тухайн үеийн онц ноцтой гэмт хэрэг үйлдээд зугтаасан оргодлын хутганд өртөж хоёр удаа шархдаж, оёо тавиулж байсан ч хэрэг илрүүлэх үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан тухай түүхийн хуудаснаа бичигдэн үлджээ.

Руслан бол цагдаагийн байгууллагад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажилд хариуцлагатай үүрэг гүйцэтгэж хүнээс дутуугүй халуун амиа зориулж ирсэн эрэлхэг амьтдын нэг. Гэмт хэрэгтнийг илрүүлэх, эрүүгийн нөхцөл байдалд тайван амгалан нөхцөл бүрдэхэд онц чухал гавъяа байгуулсан эрэлч, мөрдөгч нохойг алдаршуулан, орчин цагийн эрэлч нохойн албаны хөгжилд хувь нэмрээ оруулан, “Руслан”-ы хөшөөг босгох шийдвэр гаргасан байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.